УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2023 оны 10 сарын 31

УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Үндэсний зөвлөгөөнөөр салбарын хөгжлийн гарц болох Хүн төвт хөгжлийн хөтөлбөрийг Дэлхийн цаг уурын байгууллагын стратегийн зорилт, НҮБ-ын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилгатай уялдуулан боловсруулан гаргаж байна. Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, байгууллагыг чадавхжуулах чиглэлээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөгөөнд оролцогчид дараах санал, зөвлөмжийг гаргаж байна.

Үүнд: НЭГ. САЛБАРЫН БОДЛОГО, ЭРХЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

1.1. Ус, цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуулийг салбарын хөгжлийг хангах, ус, цаг уур, орчны улсын сүлжээг өргөтгөх, байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхүйцээр томоохон өөрчлөлт хийж шинэчлэх, бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулан эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

1.2. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хөгжлийн гарц болох “Хүн төвт хөгжлийн хөтөлбөр”-ийг БОАЖ-ын Сайдаар батлуулан, хөтөлбөрт тусгагдсан үйл арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж хэрэгжилтийг хангаж ажиллах;

1.3. Нислэгийн цаг уурын үйлчилгээний навигацийн орлогод оруулж буй хувь нэмэрт үндэслэн навигацийн орлогын 10-аас доошгүй хувийг ус цаг уур, орчны шинжилгээний салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд хуваарилах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

1.4. Цаг уур, орчны хяналт, шинжилгээний албыг гамшгаас хамгаалах чиглэлд гүйцэтгэж буй урьдчилан сэргийлэх чиг үүрэгт үндэслэн Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болгох;

1.5. Ус, цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарыг байнгын тасралтгүй, тогтвортой ажиллуулах, өргөтгөн хөгжүүлэхтэй холбогдсон урсгал зардлын төсвийг улсын төсвийн хуулиар хасагдахгүй зардлын ангилалд оруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

1.6. Орон нутагт ажиллах хүний нөөцийн дутагдалтай байдлыг харгалзан орон нутагт ажиллаж буй салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

1.7. Инфляцын өсөлттэй уялдуулан мэдээлэл, үйлчилгээний үнэ тарифыг тухай бүр шинэчлэх.

ХОЁР. УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ӨРГӨЖҮҮЛЭН, ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:

2.1 Ус, цаг уур, орчны улсын сүлжээний орон зай, цаг хугацааны нарийвчлалыг ус, цаг агаарын бичил хэмжээст үзэгдлийг илрүүлэх хэмжээнд хүргэж, нэн тэргүүнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүс нутаг руу өргөжүүлэн, бүрэн автоматжуулах;

2.2 Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж, Цаг уурын ажиглалтын автомат станц 100 ширхэг, гадаргын усны автомат станц 20 ширхэг, хөдөө аж ахуйн салбарын зоо цаг уурын автомат станц 3 ширхэг, Радарын улсын сүлжээг өргөтгөх суурин радарын станц 6 ширхгийг худалдан авахад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг шийдвэрлэх;

2.3 Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын тасралтгүй 24 цаг ажилладаг онцлог, үүрэг хариуцлагад үндэслэн хэмжих хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн хангалт, сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, автомат багаж, хэмжлийн төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, эталон багаж төхөөрөмжид шаардлагатай урсгал зардлыг нэмэгдүүлэх, хэмжилзүй, үйлдвэрлэлийн төвийг байгуулахад анхаарч ажиллах;

2.4 Ус, цаг уур, орчны шинжилгээний цахим мэдээллийн санг технологийн дэвшилтэт хайлтын системтэй, хэрэглэгчдэд ашиглахад хялбар цогц систем болгон өргөжүүлэн хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж, тусгай хэрэгцээний мэдээний үйлчилгээний цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх;

2.5 Ус, цаг агаар, орчны урьдчилан мэдээлэх системийг улс орны нийгэм эдийн засгийн бүх салбар, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нөлөөлөл, дагалдах зөвлөмжийг агуулсан чанартай, хүртээмжтэй, ойлгомжтой, шуурхай олон төрлийн гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх, нөлөөлөлд суурилсан систем болгон өргөжүүлэн хөгжүүлэх;

2.6 Барилга, дэд бүтэц (зам, гүүр, дулаан, цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир ус, холбоо, мэдээлэл болон бусад), хот байгуулалтын төлөвлөлтийн стандарт, норм, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд ус, цаг агаар, уур амьсгал, орчны горим, онцлог, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тооцож тусгах, төлөвлөлт, бүтээн байгуулалтын шатанд хэрэгжилтийг хангаж ажиллах;

2.7 Ус, агаар, хөрс зэрэг орчны чанарын хяналт, шинжилгээг нийгмийн шаардлага, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй уялдуулан нэмэгдүүлж, Байгаль орчны шинжилгээний лабораториудын чадавхыг сайжруулж, бүсчлэн хөгжүүлэх;

2.8 Дэлхийн дулаарал, хуурайшилт, цөлжилтийн эсрэг дасан зохицох арга хэрэгслийн нэг болсон цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй өргөжүүлэн, технологийн шинэчлэл хийх, олон улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, манан, бороо сарниулах, экосистем, усны нөөцийг сэргээхэд ашиглах;

2.9 Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан өргөжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг ашиглах боломж, шийдлийг судлан хэрэгжүүлэх;

2.10 Судалгаа шинжилгээний ажлыг олон улсын жишигт хүргэхийн тулд Эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, шинэ технологийг нэвтрүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

ГУРАВ. САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ, АЖИЛЛАХ ОРЧИН, НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

3.1. Боловсон хүчний нөөцийн хомсдолтой байдлыг шийдвэрлэх хүрээнд цаг уурч, ус судлаачдыг хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлд оруулах;

3.2. Салбарын холбогдох мэргэжилтэн, албан хаагчдыг ажиллах ая тухтай орчныг бий болгох зэргээр ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ХӨТӨЛБӨР- ийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;

3.2. Эрэлт хэрэгцээнд үндэслэн салбарын хүний нөөцийг төлөвлөх, бэлтгэх, чадавхжуулах, гадаад болон дотоодод мэргэшүүлэх зэрэг боловсон хүчний цогц ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-ийг боловсруулан, хэрэгжүүлэх;

3.3. Салбарын холбогдох зарим ажлын байрыг хүнд, хортой нөхцөлд оруулах, албан хаагчдыг амь насны даатгалд хамруулах, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр хангах;

3.4. Салбарын албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахтай холбоотойгоор Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн байр болон өртөө, харуулын байрыг шинэчлэх, засварлах, дулаан, цэвэр бохир усанд холбож, боловсон ариун цэврийн өрөөтэй болгох;

3.5. Ус, цаг агаар, орчны ажиглалт, хэмжилтийн онцлогтой уялдуулан албан хаагчдыг ажлын тусгай хувцасны стандарттай болгох, хувцас болон унаагаар хангах. ДӨРӨВ. ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

4.1 НҮБ-ын санаачилсан “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” уриалгыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллах, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт оролцоогоо нэмэгдүүлэх;

4.2 Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, техник, технологийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;

4.3. Дэлхийн цаг уурын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын бодлого, стандартыг нэвтрүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах. Энэхүү зөвлөмжийг УИХ, Холбогдох яамд, Засгийн газрын байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэв.

УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах