80 жилийн ой боллоо
2016 оны 11 сарын 07Монголын Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын анхдагчдын нэг Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын түүхт 80 жилийн ой 2016 оны 10 дугаар сарын 14-нд болж өнгөрлөө.
Өнгөрсөн зууны 20-иод оноос Улаанбаатарт Буянт-ухаа цаг уурын өртөө байгуулагдаж, Монгол орны уур, амьсгал, гадаргын усны горимыг тогтоох, уур амьсгалын нөөцийг зүй зохистой ашиглах, ус цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлын үндэс болсон ус, цаг уурын өртөө, харуулыг байгуулан ажиллаж эхэлснээс хойш эдүгээ 80 жилийн ойтогоо золгож байна.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Байгаль орчны гавъяат ажилтан Д.Хоржав, Д.Чулуунбат, Ус цаг уур, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа болон албаны бусад хүмүүс, тус албаны 80 жилийн түүхийг бичилцэж явсан үе үеийн ахмадууд оролцлоо.
Мөн түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Уг хуралд Ус судлалын технологич инженер Р.Мөнхцэцэг “Улаанбаатар хотод тохиолдох үер”, Амгалан цаг уурын өртөөний техникч Б.Энхтуяа “Улаанбаатар хотын хур тунадас, ахиу, татруу үеийн уур амьсгалын онцлог”, Тэрэлж цаг уурын өртөөний дарга Ш.Ариунтуяа “Тэрэлж орчмын цаг уурын нөхцөл”, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн инженер С.Жавзмаа “Монгол оронд тохиолдсон хүчтэй шороон шуурганы симуляци /2008.05.25-2008.05.28/”, Сүлжээний инженер Ж.Мөнхтөр, Аэрологийн инженер Төмөрхуяг “Улаанбаатар хот орчмын агаар мандлын доод үе давхаргын дулааны горим”, Цаг уур, уур амьсгалын инженер Ж.Оюунноров “Улаанбаатар хотын бичил уур амьсгал, агаарын бохирдлын судалгаа ба цаашдын зорилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Түүхт ойн баярын хурлын үеэр салбарын болон нийслэлийн шагналаар ажил үйлсдээ амжилт гарган хамт олноо манлайлан ажиллаж яваа зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олон байгаль, цаг агаарын ямар ч үед ус, цаг уур, орчны мэдээ, мэдээлэл, шинжилгээний ажлын үр дүнгээр улс орны эдийн засгийн бүхий л салбар, соёл шинжлэх ухаан, ард иргэдийн эрэлт хэрэгцээг шуурхай хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байдаг бүтээлч хамт болон билээ.