УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХҮН ТӨВТ-ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
2023 оны 10 сарын 31УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХҮН ТӨВТ-ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
/2023-2028/
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр Монгол оронд мөстөл, мөнх цэвдэг гэсэх, гүний ус багасах, хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, аадар тунадас, үер зэрэг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж, хуурайшилт, цөлжилт зэрэг орчны доройтол эрчимжин, улс орны нийгэм, эдийн засаг, хүн амын амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөлөл жилээс жилд нэмэгдэж байна.
Монгол улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарууд нь байгаль цаг агаарын эрхшээлд оршсоор байна.
Монгол улсад 2010-2022 онд цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 207 хүн амь эрсдэж, 15.6 сая мал хорогдож, 620.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зөвхөн 2022 онд цаг агаарын аюултай үзэгдэл 76, гамшигт үзэгдэл 9 удаа болж, үүний улмаас 4 хүн амь насаа алдаж, 7402 мал хорогдож, 2 зам, гүүр эвдэрч, 244 гэр, хашаа нурж, 110 барилгын дээвэр хуурч, 9 эрчим хүчний шон унаж улс нийгэмд 2.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Хот руу чиглэсэн их нүүдэл, хотын төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник технологийн хоцрогдол, хүн амын төвлөрөл, ядуурал болон газар зүйн байршил, цаг агаарын онцлогоос шалтгаалан Улаанбаатар хот, бусад томоохон хотуудын агаар, ус, хөрсний бохирдол нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл улам ихэссээр байна.
Монгол орны байгаль экологид гарч буй болон цаашид гарах өөрчлөлтийг тодорхойлох, түүнд зохицон амьдрах чадавх, бололцоогоо нэмэгдүүлэх, сөрөг үр дагаврыг сааруулах арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний сүлжээг өргөтгөх, холбоо мэдээлэл, техник технологийг шинэчлэх, судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх, салбарын хүний нөөц, нийгмийн баталгааг сайжруулах, шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дэлхийн цаг уурын байгууллагын стратегийн “Ус, цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн хохирлыг багасгах, бэлэн байдлыг хангах, Уур амьсгалын эрсдэлд дасан зохицох чадавхыг бий болгохын тулд уур амьсгалд үндэслэгдсэн УХААЛАГ шийдвэр гаргадаг байх, Цаг агаар, уур амьсгал, ус, орчны үйлчилгээний нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол зорилт, НҮБ-ийн “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилгатай уялдуулан Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хөгжлийн гарц болох Хүн-төвт Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан болно.
Энэхүү хөтөлбөр нь "АЛСЫН ХАРАА-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, ус цаг уурын салбарын талаар дэвшүүлсэн зорилт, Дэлхийн цаг уурын байгууллагын стратегийн гол зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Дээрх бодлого, зорилтуудын хүрээнд салбарын урт хугацааны алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойллоо.
Хоёр. Алсын хараа
Шуурхай, бодитой, үр өгөөжтэй ус, цаг агаар, орчны үйлчилгээг бий болгох
Гурав. Эрхэм зорилго
Иргэд, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн илүү бодитой, цахим, ухаалаг, хүртээмжтэй, ойлгомжтой, ус, цаг агаар, орчны мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах
Дөрөв. Хөтөлбөрийн зорилт
- Тогтвор суурьшилтай ажиллах, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцөөр бүрэн хангагдсан байна.
- Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн дэвшилд суурилсан, бүх төрлийн хэрэглэгчийн онцлогийг тусгасан ус, цаг агаар, орчны бодит болон урьдчилсан мэдээ, мэдээллийн шуурхай, цогц, цахим платформтой болсон байна.
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан өргөжүүлэх, технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг ашиглах боломж, шийдлийг судлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
- Ус, цаг уур, орчны улсын сүлжээний орон зай, цаг хугацааны нарийвчлалыг ус, цаг агаарын бичил хэмжээст үзэгдлийг илрүүлэх хэмжээнд хүргэж, техник технологийн шинэчлэл хийж, цогц байдлаар өргөжүүлэн хөгжүүлсэн байна.
Тав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
- дүгээр зорилтын хүрээнд:
- “Нийгмийн баталгааны хөтөлбөр”- ийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ.
- “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан, хэрэгжүүлнэ.
- “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль” болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
- Ус, цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарыг байнгын тасралтгүй, тогтвортой ажиллуулах, өргөтгөн хөгжүүлэхтэй холбогдсон хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын төсвийг байнга өсөн нэмэгдүүлэх
- Хүний нөөцийн эрэлт хэрэгцээний судалгааг хийж, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллана.
2 дугаар зорилтын хүрээнд:
- Суперкомпьютерын технологийг цаг агаар, уур амьсгал, ус, орчны чиглэлийн урьдчилсан мэдээ гаргахад ашиглах, шуурхай ажиллагаанд нэвтрүүлнэ.
- Агаар мандал далайн харилцан үйлчлэлийг тооцсон дэлхийн хэмжээний динамик загварыг өөрийн оронд зүгшрүүлж ажиллуулан, сар, улирлын урьдчилсан мэдээнд ашигласан ансамбль аргыг нэвтрүүлэх, үр дүнг бүс нутгийн загвараар сайжруулан нарийвчилна.
- Гол мөрний урсац, үер, орчны (агаарын бохирдол, бэлчээр, таримал ургамлын ургац гэх мэт) урьдчилсан мэдээг динамик загварт суурилан тооцоолон гаргана.
- Ус, цаг агаар, орчны урьдчилан мэдээлэх системийг олон төрлийн гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх нөлөөлөлд үндэслэсэн систем болгон өргөжүүлэн хөгжүүлнэ.
- Нислэгт зориулсан цаг агаарын мэдээний үйлчилгээний чанар, хүртээмж, үр өгөөжийг сайжруулах.
- Ус, цаг уур, байгаль орчны мэдээллийн сангийн цахим мэдээллийн санг технологийн дэвшилтэт хайлтын систем бүхий хэрэглэгчдэд ашиглахад хялбар, цогц систем болгон өргөжүүлэн хөгжүүлнэ.
- Уур амьсгалын үйлчилгээний цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх
- Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мөндөр, манан сарниулахад ашигладаг болгон өргөжүүлэх
- дугаар зорилтын хүрээнд:
- Хиймэл дагуул, радар, дроны мэдээг боловсруулж ассимиляц хийх технологийг үйлдвэрлэлд туршиж, нэвтрүүлнэ.
- Орчин үеийн статистик техник, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийг судалгаанд ашиглаж урьдчилан мэдээлэх шинэ арга, технологийг боловсруулна.
- Уур амьсгалын өөрчлөлт, олон төрөлт гамшигт үзэгдлийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэхэд ашиглана.
- Ус, цаг агаар, уур амьсгал, орчны горим, онцлог, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг Барилга, дэд бүтэц, хот байгуулалтын төлөвлөлт, стандартад тусгана.
- дүгээр зорилтын хүрээнд:
- Ус цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээг өргөтгөж, техник технологийн шинэчлэл хийсэн байна.
- Хэмжилзүйн лабораторийг өргөтгөж, техник, технологийн шинэчлэл хийх
- Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж орчны хяналт шинжилгээний чадавхыг сайжруулахад орчин үеийн өндөр мэдрэх чадвартай багаж тоног төхөөрөмжөөр тоноглосон лаборатори байгуулж, лабораторийн байрыг сайжруулан сүлжээг өргөжүүлнэ.
- Олон улс болон хот хоорондын сувгийн ашиглалт, дотоод сүлжээ, интернэтийн хурдыг нэмэгдүүлнэ.