Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES)

326

Африк–Азийн бүсийн байгалийн гамшгийн эрт сэрэмжлүүлгийн хамтын ажиллагаа (RIMES)

2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамигийн гамшгийн улмаас олон мянган хүний амь эрсдэж, далайн эргийн орнуудын эдийн засаг, нийгэмд асар их гарз, хохирол учирсан нь байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бүс нутгийн хэмжээнд нэгдсэн, цогц байдлаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг тодорхой болгосон юм. Үүний үр дүнд улс орнууд энэхүү гамшгаас сургамж авч, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх чиглэлээр хамтран ажиллах үйл явц эрчимжсэн.

Анх Африк, Азийн бүсийн 7 улс энэхүү санаачилгад нэгдэн хамтран ажиллахаар тохиролцож байсан бол өдгөө тус бүсийн 20 гаруй улс орон уг санаачилгад албан ёсоор нэгдэж, байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлээд байна.

Африк–Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES) нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Засгийн газар хоорондын албан ёсны хөтөлбөрөөр бүртгэгдсэн бөгөөд олон улсын шинж чанартай, Засгийн газар хоорондын байгууллага юм. RIMES нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажилладаг боловч НҮБ-ын төрөлжсөн агентлагийн статусгүй юм.

RIMES нь Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гишүүн орнуудын Үндэсний цаг уур, ус судлалын албадын чадавхийг бэхжүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд цаг уурын ажиглалт, хяналт, шинжилгээний арга зүй, технологийг сайжруулах, цаг агаар болон урт хугацааны урьдчилсан мэдээний чанар, таарцыг дээшлүүлэх, эрт сэрэмжлүүлгийн мэдээллийг хэрэглэгчдэд цаг тухайд нь хүргэхэд анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) нь RIMES байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, байгалийн олон төрлийн гамшгийн эрсдлийг бууруулах, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ЦУОШГ нь цаг агаар, уур амьсгал, ус судлалын ажиглалт, мониторингийн мэдээллийг ашиглан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, олон аюулт эрт сэрэмжлүүлгийн систем (Multi-hazard Early Warning System)-ийг хөгжүүлэх, эрт сэрэмжлүүлэх мэдээ, анхааруулгыг сайжруулах чиглэлээр RIMES-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдэд оролцож байна.

Мөн RIMES-ээс зохион байгуулдаг бүс нутгийн удирдах зөвлөлийн хурал, техникийн зөвлөгөөн, сургалт, семинаруудад ЦУОШГ-ын мэргэжилтнүүд тогтмол оролцож, гамшгийн эрсдлийн удирдлага, уур амьсгалын үйлчилгээ, өгөгдөл, мэдээлэл солилцоо, хэрэглэгч төвтэй эрт сэрэмжлүүлгийн үйлчилгээний чиглэлээр туршлага, мэдлэгээ дээшлүүлж байна.

RIMES-ийн техникийн дэмжлэгийн хүрээнд цаг уурын ажиглалтын арга зүй, өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадавхийг сайжруулах, цаг агаарын болон уур амьсгалын урьдчилсан мэдээний чанар, таарцыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөмжүүдийг ЦУОШГ үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Үүний үр дүнд байгалийн гамшгийн эрсдлийг эрт илрүүлэх, салбар хоорондын байгууллагууд болон олон нийтэд сэрэмжлүүлгийн мэдээллийг цаг тухайд нь хүргэх боломж улам сайжирч байна.

Цаашид ЦУОШГ нь RIMES-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах, олон төрлийн аюулаас эрт сэрэмжлүүлэх тогтолцоог үндэсний хэмжээнд бэхжүүлэх, бүс нутгийн мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох зорилт тавин ажиллаж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С. Жавзмаа

Өрөөний дугаар: 604

email: javzmaa@namem.gov.mn 

Хуваалцах :