2024 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ЖИЛИЙН ТОЙМ

2025.01.21 10:14
13

1.   Агаарын температур

Монгол орноор дунджилсан 2024 оны жилийн дундаж агаарын температур 1.9°C буюу уур амьсгалын өөрчлөлт харьцангуй сул илэрч байсан 1961-1990 оны дунджаас 2.5°C-аар дулаан буюу 1940 оноос хойш ажиглагдсан 2 дахь дулаан жил болж өнгөрлөө.

Жилийн дундаж температурын орон зайн тархалтыг авч үзвэл (Зураг 1) говийн бүс нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6.1...+10.0°С, тал хээрийн бүс нутгаар болон Их нууруудын хотгор орчмоор +3.1...+6.0°С, Хөвсгөлийн өндөр уулс, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -3.0...-5.7°С, бусад нутгаар -2.9...+2.9°С орчим байсан байна.

Зураг 1. 2024 оны жилийн дундаж агаарын температурын орон зайн тархалт

2024 оны агаарын дундаж температурыг улирлаар авч үзвэл өвлийн улиралд нийт нутгийн 47.1% нь ОЖД-аас -1.1°С -ээс -4.2°С хүйтэн, 44.9% нь дунджийн орчим, 8.1% буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн зарим хэсгээр дунджаас +1.3-аас +2.6°С -аар дулаан байсан байна (Зураг 2).

Хаврын улиралд нутгийн дийлэнх хэсэг буюу 91.9%-д нь агаарын дундаж температур ОЖД-аас +1.1°С-аас +3.6°С-аар (ялангуяа Завханы Цэцэн-Уул, Отгон, Баянхонгорын Баянбулаг орчмоор дунджаас 3.1-3.6°С-аар) дулаан, 8.1% нь дунджийн орчим байжээ. 

Зуны улиралд нийт нутгийн ихэнх буюу 75.7%-д нь агаарын дундаж температур ОЖД-аас +1.1°С -аас +2.8°С-аар дулаан, говийн бүс болон Хэнтий, Төв, Сүхбаатар аймгийн зарим хэсгээр дунджийн орчим байжээ. 

Намрын улиралд агаарын дундаж температур нийт нутгийн дийлэнх хэсгээр (94.1%) ОЖД-аас дунджаас 1.1°С-аас 3.0°С-аар дулаан, 5.9% буюу Баянхонгор, Өмнөговийн аймгийн зарим нутгаар дунджийн орчим байсан байна (Зураг 2). 

Зураг 2. 2024 оны улирлын агаарын дундаж температурын ОЖД-аас (норм 1991-2020 он) хазайх хазайлт

Сүүлийн 5 жилийн сар бүрийн агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын утгыг харьцуулж үзэхэд (зураг 3) 2024 оны 1, 4, 5, 7-8, 10-12 дугаар саруудад дунджаас 1.0 -ээс 5°С-аар дулаан, 2 дугаар сард дунджаас -1.0°С-аас -3.0°С-аар хүйтэн байжээ. Харин 3, 6, 9 дүгээр сард агаарын дундаж температур ОЖД-ын орчим байсан байна. 

Зураг 3. 2019-2024 оны сарын дундаж агаарын температурын ОЖД-тай (норм 1981-2010 он) харьцуулсан утга

1.   Хур тунадас

Монгол орноор дунджилсан 2024 оны жилийн нийлбэр хур тунадас 280.6 мм буюу 1940 оноос хойш тохиолдсон 6 дахь ахиу хур тунадастай жил болж өнгөрлөө. Жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалтыг авч үзэхэд (зураг 4) Хэнтийн нуруу, Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ, Тамир зэрэг томоохон голын ай сав орчмоор 404.7-618.6 мм, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу, тал хээрийн болон говийн бүс нутгийн зарим хэсгээр 300.7-396.1 мм, Алтайн нуруу, бусад нутгаар 100-296 мм, Ханхөхийн нуруу, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зарим хэсгээр 50-100 мм, Говь-Алтайн Тоорой, Ажбогд орчмоор 23.5-43.8 мм орсон байна. Жилийн нийлбэр тунадасны хамгийн их утга нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд 618.6 мм тунадас оржээ.

Зураг 4. 2024 оны жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалт

2024 оны өвлийн улиралд нийт нутгийн дийлэнх хэсэг буюу 77.9%-д ахиу( зарим хэсгээр 2-3 дахин их тунадас орсон), 5.9%-д дунджийн орчим, 16.2%-д ОЖД-аас бага хур тунадас орсон.

Хаврын улиралд нийт нутгийн 36.8% -д ОЖД-аас бага, 52.2% -д ахиу, 11%-д дунджийн орчим хур тунадас орсон. Ховдын өмнөд хэсэг болон төвийн бүс нутгийн хойд талаар дунджаас харьцангуй ахиу хур тунадастай байлаа.

Зуны улиралд нийт нутгийн 31.6%-д дунджаас бага, 57.4%-д ахиу, 11%-д дунджийн орчим тус тус тунадас орсон. Говийн болон зүүн бүс нутгаар дунджаас ахиу, харин баруун болон төвийн бүс нутгаар бага хур тунадас орсон байсан.

Намрын улиралд нийт нутгийн 25.7% -д дунджаас бага, 11.8%-д дунджийн орчим, 62.5% -д ахиу хур тунадас орсон бөгөөд говийн болон зүүн бүс нутгийн зарим хэсгээр ОЖД-аас 4-10 дахин ахиу хур тунадас орсон байна. (Зураг 5). 

Зураг 5. 2024 оны улирлын нийлбэр хур тунадасны ОЖД-аас (норм 1991-2020 он) хазайх хазайлт

Сүүлийн 5 жилийн сар бүрийн нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын утгыг харьцуулж үзэхэд (зураг 6) 2024 оны 1, 4 дүгээр саруудад дунджаас 60%-иас их, 9 дүгээр сард 40-60%-иар, 8 болон 10 дугаар саруудад 20-40%-иар, 2, 5-7 дугаар саруудад 10-20%-иар тус тус ахиу, 12 сард дунджийн орчим, харин 3 болон 11 дүгээр саруудад дунджаас 10-20%-иар бага хур тунадас орсон байна. 

Зураг 6. 2019-2024 оны сарын нийлбэр хур тунадсыг ОЖД-тай (норм 1981-2010 он) харьцуулсан утга

3.   Экстремаль утгууд

2024 онд температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд агаарт 40.8°С, Cүхбаатар аймгийн Баяндэлгэрт хөрсөн дээр 71°С хүрч халсан бол үнэмлэхүй бага утга Завханы Отгон суманд агаарт -48.8°С, хөрсөн дээр -50°С хүрч хүйтэрсэн байна. Хоногт хамгийн ихдээ Дорнод аймгийн Баян-Уул суманд 7 дугаар сарын 25-нд 96.8 мм тунадас оржээ. Даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 972.7 гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 754.0 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурдны үнэмлэхүй их утга Говь-Алтайн аймгийн Бугат суманд 40 м/с хүрсэн байна (Зураг 7).

Зураг 7. Тус жилд ажиглагдсан экстремаль утгууд

4.   Цасан бүрхүүлийн зузаан

           2024 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-24 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай (8 дугээр зураг) байна. 

Зураг 8. 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар цасны зузаан (см)

5.   Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл

             2024 онд улсын хэмжээнд 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсноос аюултай үзэгдэл 95 удаа, гамшигт үзэгдэл 13 удаа болж үүний улмаас 3 хүн амь насаа алдаж, 3,058,998 толгой мал хорогдож, улсын чанартай авто зам, гүүр 13, 4 эрчим хүчний шон, нурсан гэр 108, барилгын дээвэр хуурч унасан тохиолдол 10, 374 хашаа эвдэрч, шороон шуурганд өртсөн авто машины шил 5 байсан ба 3.0 га тариалангийн талбай өртсөн бөгөөд улс нийгэмд 3 тэрбум 27 сая 313 мянга 260 төгрөгийн шууд хохирол учирсан байна. Ойн хээрийн түймэр 137 удаа бүртгэгдэж улс нийгэмд 1 тэрбум 674 сая 144 мянга 749 төгрөгийн шууд хохирол учирсан байна.

             Нийт 15 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо, мөндөр, аянга цахилгаан зэрэг үзэгдлүүд нь хамгийн олон удаа болсон бөгөөд нийт аюулт, гамшигт үзэгдлийг харгалзан 11-27%-ийг эзэлсэн байна. Аюултай үзэгдлийг цаг агаарын нөхцөл, хамрах газар нутаг, үргэлжлэх хугацаагаар нь фронтын болон конвекцийн гаралтай гэж ангилдаг. 2024 онд фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл нь конвекцийн гаралтай аюулт, гамшигт үзэгдлээс илүү олон удаа ажиглагдсан.

Хуваалцах :