Мэдээ мэдээлэл
2024 ОНЫ ЦАГ АГААРЫН АЮУЛТ, ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ
![](https://namem.gov.mn/uploads/image/2025/01/1250x0/1738112697_0f842d0eb17bba1302dc.jpg)
2024 онд Монгол оронд болсон цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлүүд, учруулсан хохирол, олон жилийн хандлага
А. 2024 оны цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлүүд, учруулсан хохирол
2024 онд улсын хэмжээнд 15 төрлийн, нийт 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсноос аюултай үзэгдэл 91 удаа, гамшигт үзэгдэл 13 удаа болж үүний улмаас 3 хүн амь насаа алдаж, 3,058,998 толгой мал хорогдож, улсын чанартай авто зам, гүүр 13, 4 эрчим хүчний шон, нурсан гэр 108, барилгын дээвэр хуурч унасан тохиолдол 10, 374 хашаа эвдэрч, шороон шуурганд өртсөн авто машины шил 5 байсан ба 3.0 га тариалангийн талбай өртсөн бөгөөд улс нийгэмд 3 тэрбум 27 сая 313 мянга 260 төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Ойн хээрийн түймэр 137 удаа бүртгэгдэж улс нийгэмд 1 тэрбум 674 сая 144 мянга 749 төгрөгийн шууд хохирол учирсан байна.
2024 онд болсон цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн тохиолдлын тоо, учруулсан хохирлын задаргааг доорх хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 1. 2024 онд болсон цаг уурын аюулт, гамшигт үзэгдэлүүд
2024 онд нийт 15 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо, мөндөр, аянга цахилгаан зэрэг үзэгдлүүд нь хамгийн олон удаа болсон бөгөөд нийт аюулт, гамшигт үзэгдлийг харгалзан 11-27%-ийг эзэлсэн байна.
Аюултай үзэгдлийг цаг агаарын нөхцөл, хамрах газар нутаг, үргэлжлэх хугацаагаар нь фронтын болон конвекцийн гаралтай гэж ангилдаг. 2024 онд фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл нь конвекцийн гаралтай аюулт, гамшигт үзэгдлээс илүү олон удаа ажиглагдсан.
фронтын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлүүд
Хүчтэй салхи, халуун хуурай салхи, цасан болон шороон шуурга, их цас, бороо, цочир хүйтрэл, хүйтэн бороо, нойтон цас зэрэг их хэмжээний газар нутгийг хамарч харьцангуй удаан хугацаагаар үргэлжилдэг цаг агаарын үзэгдлүүдийг фронтын гаралтай гэх бөгөөд эдгээр үзэгдлүүд нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулдаг байна. Эдгээр аюулт, гамшигт үзэгдлүүдээс хүчтэй салхи, шуурганы тохиолдлын тоо хамгийн өндөр байв. 2024 онд өмнөх онтой харьцуулахад фронтын гаралтай аюултай үзэгдлийн тоо харьцангуй бага байна, фронтын гаралтай аюултай үзэгдлийн улмаас 4434 толгой мал хорогдож, 37 орчим гэр нурсан, 2 байшингийн дээвэр, 52 орчим хашаа нурж, хүчтэй салхи, шороон шуурганы улмаас 1 авто машины шил хагарсан байна. Улс нийгэмд 2 тэрбум 28 сая 386 мянган төгрөгийн хохирол учирсан байна.
Хамгийн их хохирол учруулсан фронтын гаралтай аюултай үзэгдлийг дурьдвал:
- Халуун хуурай салхи: 2 дугаар сарын 15-16-нд: 15-ны өдөр Халуун хуурай Фён салхи: Агаарын температур өмнөх өдрөөсөө 1-17 градусар дулаарч Ховд аймгийн Ховдод +1 градус, Чандмань +1 градус, Манхан +3 градус, Мөст +1 градус, Дарви +4 градус болж дулаарч, салхины хурд 12-26 м/с, зарим үед секундэд 24-39 м/с, 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд суманд +6 градус, Зэрэг +10, Чандмань +6 градус, Манхан +7 градус, Дунд-Ус +2, Цэцэг +5, Мөст +1 градус, Дарви +7 градус, Мянгад +6, Эрдэнэбүрэн +6 градус болж дулаарч, салхины хурд 16-21 м/с, зарим үед секундэд 18-34 м/с хүрч халуун хуурай салхи буюу Фён салхи ажиглагдаж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон байна.
- Хүчтэй салхи: 04 дүгээр сарын 13-нд Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр дундаж хурд 16-26 м/с, зарим үед 22-33 м/с, Өвөрхангай аймгийн нутгаар дундаж хурд 16-26 м/с, зарим үед 24-32 м/с, Булган аймгийн нутгийн өмнөд хэсгээр дундаж хурд 16-20 м/с, зарим үед 20-27 м/с, Дундговь аймгийн нутгаар дундаж хурд 18-25 м/с, зарим үед 20-31 м/с, Дорноговь аймгийн нутгаар дундаж хурд 18-25 м/с, зарим үед 20-31 м/с, Төв аймгийн нутгаар дундаж хурд 18-22 м/с, зарим үед 20-27 м/с, шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл, Өмнөговь аймгийн нутгаар дундаж хурд 19-30 м/с, зарим үед 22-34 м/с цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдаж үүний улмаас Богд сумын 3 дугаар багийн Болдбаатар, Гансувд гэдэг айлын 2 гэр нурч эвдэрсэн. 52 айлын хашаа эвдэрч зассан. Бодь Сумын төвийн 18 гэр нурж эвдэрсэн. Мөн захиргаа, сургуулийн дээвэр хууларч эвдэрсэн. 4434 мал хорогдсон байна.
- Их бороо: 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандалд 44.0 мм, Булганд 40.0 мм, Хайрханд 38.0 мм их бороо бороо орж, 01-ний өдөр Булган аймгийн нутгийн өмнөд хэсгээр 35.0-42.0 мм, 01-02-нд шилжих шөнө Архангай аймгийн нутгийн зүүн хэсгээр 31.0-42.0 мм, Булган аймгийн нутгаар 34.0-49.0 мм, Дархан-Уул аймгийн нутгаар 28.0-44.0 мм, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр 30.0-60.0 мм (14 цаг ) мм их бороо орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан байна. Үүний улмаас А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын 60-63 км-т наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орсон үргэлжилсэн борооны улмаас зам эвдэрч нөхцөл байдал хүндэрсэн байна.
- Их бороо, нойтон цас: 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн нутгаар 5.0-18.0 мм, Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 8.0-22.0 мм, Өмнөговь аймгийн нутгийн зүүн хойд хэсгээр 26.0-38.0 мм, 29-ний өдөр Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр 2.0-22.0 мм, Сүхбаатар аймгийн нутгийн төв хэсгээр 14.0-22.0 мм нойтон цас, Өмнөговь аймгийн нутгийн зүүн хэсгээр 18.0-51.0 мм, Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар 32.0-75.0 мм их бороо орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Конвекцын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлүүд
Харин дулааны улиралд харьцангуй богино хугацаанд бага хэмжээний газар нутгийг хамран маш хүчтэй болж өнгөрдөг уруйн үер, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан зэрэг цаг агаарын үзэгдлүүдийг конвекцын гаралтай гэж ангилдаг. Конвекцын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас 3 хүн амь насаа алдаж, 1127 толгой мал хорогдож, 8 барилгын дээвэр хууларч, 71 гэр нурж, 4 эрчим хүчний тулгуур багана, 9 гүүр, авто зам, 322 хашаа усанд автаж, хүчтэй мөндөр орсны улмаас 4 авто машины шил хагарч, 3.0 га тариалангийн талбай мөндөр болон үерт автаж, улс нийгэмд 1 тэр бум орчим төгрөгийн хохирол учирсан байна. Конвекцын гаралтай аюулт, гамшигт үзэгдлүүд дотроос уруйн үер, аадар бороо, мөндөр, нөөлөг салхины тохиолдлын тоо 13% -40 % буюу хамгийн өндөр байв.
- Аадар бороо, уруйн үер: 7 дугаар сарын 20-нд 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн нутгаар 15.0-45.0 мм их бороо, 21-нд Хэнтий аймгийн нутгаар 15-61 мм дуу цахилгаантай аадар бороо, бороо орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан байна.
- Аянга цахилгаан: 07 дугаар сарын 27-нд Хөвсгөл Цагаан-Уул, Баянзүрх сумын залгаа, Баянзүрх сумын төвөөс БӨ зүгт 100км-т байх Тэрмисийн Тошинт гэдэг газар малчин өрхийн гэрт аянга бууж эхнэр 36 настай О нас барж, нөхөр А болон сургуулийн насны 2 хүүхдийн бие тааруу байгаа.
- Нөөлөг салхи: Сэлэнгэ сумын нутгаар салхи 28м/с хүрч 13 минут үргэлжлэв. Үүний улмаас ЕБС, спорт заал, дотуур байр, ЭМТ-ийн дээвэр хэсэгчлэн хуурсан. Ингэттолгой өртөөний хурын хувингийн шон унасан. 151 айл өрхийн хашаа, 1 айлын 5 ханатай гэр нурж, цахилгааны 7 тулгуур шон унасан.
Цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн олон жилийн хандлага
Дэлхийн уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтийн явцад цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэн, учруулах хор хохирол нь улам бүр өсөх хандлагатай байна. Манай улсад нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг 10 гаруй төрлийн цаг агаарын үзэгдэл болдог бөгөөд нийгэм эдийн засгийн эрсдэлээр нь эрэмбэлвэл ган, зуд, ой хээрийн түймэр, шороон болон цасан шуурга, уруйн үер, аадар бороо, мөндөр зэрэг нь голлох гамшигт үзэгдлийн тоонд багтдаг.
Манай улсад цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл жилд дунджаар 63 удаа тохиолддог байна. Харин сүүлийн 10 жилд дунджаар 99 удаа болж нэмэгдсэн байна.
Жилд тохиолддог аюулт болон гамшигт үзэгдлийг %-иар авч үзвэл: Салхи шуурга, аадар бороо, уруйн үер, аянга цахилгаан, нөөлөг салхи нь жилд хамгийн их тохиолддог бөгөөд нийт аюулт, гамшигт үзэгдлийг харгалзан 22%, 21%, 14%, 11%-ийг эзэлдэг байна. 2000-2024 он буюу сүүлийн 25 жилийн бүртгэлээс үзэхэд манай орны хувьд цаг агаарын гаралтай нийт аюулт, гамшигт үзэгдлүүдийн 55% нь конвекцын гаралтай, 45% нь фронтын гаралтай үзэгдэл эзэлж байна.
Мөн конвекцийн гаралтай үзэгдлийг эзлэх хуваарь нь аваад үзвэл: 15% -39%-ийг эзэлж байна, үүнээс хамгийн их нь уруйн үер, аянга цахилгаан хамгийн өндөр байна.
Фронтын гаралтай үзэгдлүүдийг дотор нь эзлэх хуваарь нь аваад үзвэл: 2% -55%-ийг эзэлж байна, үүнээс хамгйин их нь хүчтэй салхи, их бороо, цочир хүйтрэл хамгийн өндөр байна.
Дулаарлын нөлөөгөөр манай орны хувьд конвекцын гаралтай аюулт, гамшигт үзэгдлүүд давтагдал нь илүү эрчимтэй өсөж, орон зай, цаг хугацааны хувьд өөрчлөлт орж, эрч хүч нь ихсэх хандлагатай бөгөөд учруулах хохиролын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд 2 дахин нэмэгдсэн байна.
Ой хээрийн түймэр
Ой хээрийн түймэр манай улсад хамгийн их тохиолддог гамшгийн нэг бөгөөд түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас гадна агаар, хөрсний их халалт, хуурайшилтаас ихээхэн хамаардаг.
1996, 2002, 2007, 2015 онууд гантай, хуурай жилүүд байснаас ой хээрийн түймрийн давтагдал өндөр байсан байна. Монголд ой хээрийн түймэр жилд дунджаар 158 удаа тохиолддог бөгөөд байгалийн нөөц хорогдох, эдийн засгийн ихээхэн хохирол учруулах гол хүчин зүйл болдог байна. 2022 онд 179 удаа ой хээрийн түймэр гарч 12 тэр бум 885 сая 261 мянган төгрөгийн хохирол гарч байсан бол 2024 онд өмнөх онотойгоо харьцуулахад харьцангуй бага буюу 137 удаа ой хээрийн түймэр гарч 1 тэрбум 674 сая 144 мянган төгрөгийн шууд хохирол гарсан байна. 2024 оныг өмнөх онотой нь харьцуулахад бороо ус бага байсан тул ой хээрийн түймрийн давтагдал өмнөх оноос их байна.
Монгол улсад 2001-2024 онд цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 599 хүн амь эрсдэж, 29 сая 780 мянган мал хорогдож, 844.1 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.