УСТАЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ТОО БАРИМТ

2024.10.20 09:14
72

Дэлхий дээр 2.2 тэрбум хүний ундны усны асуудал хүнд хэвээр буюу шаардлага хангасан ундны усаар хангагдаагүй байна (WHO/UNICEF, 2023). 2050 оны түвшинд дэлхийн хүн ам 9.0 тэрбумд хүрэхэд энэхүү статистик улам нэмэгдэх

хандлагатай байна. Дэлхийн хүн амын хагас нь жилийн аль нэг улиралд усны гачигдалтай тулгарч байна (IPCC, 2022).  Өнгөрсөн 50 жилд үер, устай холбоотой гамшиг нийт байгалийн гамшигт

үзэгдлүүдийн дотор давамгайлж байгаа бөгөөд гамшигт амь насаа алдсан хүний 70 хувийг устай холбоотой гамшиг эзэлдэг байна (World Bank, 2022).  Хүнд наад захын хэрэгцээгээ хангахад хоногт 100-200 литр ус хэрэгтэй бөгөөд энэ нь жилдээ нэг хүн 36.5–73.0 м3 ус хэрэглэх шаардлагатай гэсэн үг.

Хэрвээ ХАА, эрчим хүч болон үйлдвэрийн усан хангамжийг оруулж тооцох юм бол нэг хүнд жилдээ 1000 шоо метр ус шаардлагатай болно. Дэлхийн усны 97.5% давстай болон бохирдож хэрэглэх боломжгүй байдаг бөгөөд үлдсэн 2.5%-ийн дийлэнх хувь буюу 70% мөнх цас, мөстөлд агуулагдаж үлдсэн 0.01% хувь нь хүн төрөлхтөн хэрэглэх боломжтой буюу дэлхийн гол мөрөн, нуур, усан сангуудаас бүрдэж байдаг.

Дэлхийн бүх гол мөрний 5/3 нь хоёр болон түүнээс олон улс орноор дамжин урсаж тэдгээрийн усны нөөцийг хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн 145 улс орны нутаг дэвсгэр 263 гол мөрний савд зэрэгцэн оршиж байна. Дэлхийн олон улс орны усны хэрэглээ өөр улс орны нутаг дэвсгэрт бүрдсэн усны нөөцөөс ихээхэн хамааралтай оршин тогтнож байна. Тухайлбал, Энэтхэгийн усны нөөцийн 34%, Пакистаны 76% хувь хөрш зэргэлдээ улс орноос эх үүсвэртэй байна. Нил мөрний сав газрын усны нөөцийг 11 улс, орон хуваан хүртэж байна.

Дэлхийн цэвэр усны нөөцийн 60 хувь хил дамнан урсаж байгаа гол мөрөн бөгөөд дэлхийн 153 улс орны нутаг дэвсгэр доод тал нь 1-ээс 310 хүртэлх хил дамнасан голын сав газрыг багтааж байна. Түүнчлэн хил дамнасан газар доорх усны 468 уст давхарга тоологдож байна (UN-Water, 2023). Дэлхийн хэмжээнд дөнгөж 24 улс хооронд хил дамнасан усыг зохицуулах хамтын ажиллагааны гэрээ үйлчилж байдаг байна (UN-Water, 2023).

Хуваалцах :