Хамтын ажиллагаа
Бүгд Найрамдах Солонгос Улс
БНСУ-ын Цаг уурын газартай 2003 оноос эхлэн хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж хоёр жилд нэг удаа уулзалт зохион байгуулдаг. БНСУ-ын Цаг уурын газартай хэрэглээний цаг уур, цаг уурын тоон прогноз, шар шороон шуурга, уур амьсгалын өөрчлөлт, нислэгийн цаг уур, сансрын цаг уур, цаг агаарын гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.
2007 онд “Монгол орны уур амьсгалын түүхэн мэдээ баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын орчин үеийн систем бий болгох ” төслийг БНСУ-ын KOICA олон улсын байгууллагын санхүүжилттэйгээр хэрэгжсэн бөгөөд уг төслийн хүрээнд “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго, зориулалтыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, олон жилийн түүхэн баримт мэдээг үрэгдэж устах эрсдлээс хамгаалах, эрэлт ихтэй баримтын цахим хувийг бий болгох, өндөр хурдны сүлжээн дээр суурилсан, их хэмжээний мэдээлэл хадгалах боломж бүхий мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, улмаар интернэтийн орчинд төр, засгийн байгууллага, иргэдэд шаардлагатай мэдээллээр шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой юм.
2011 оны 12 сард ЦУОШГ-т супер компьютер суурилагдсанаар уг технологи дээр ажиллах боловсон хүчнийг сургах талаар БНСУ-ын Цаг уурын газартай түлхүү хамтран ажиллах болсон бөгөөд манай мэргэжилтнүүд БНСУ-ын Цаг уурын газарт богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаад байна.
БНСУ-ын Цаг уурын газартай хамтран ажиллах хүрээнд уг газрын ахмад, туршлагатай 3 мэргэжилтэн ЦУОШГ-т хүрэлцэн ирж зөвлөх мэргэжилтнээр ажиллалаа.