ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙХ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 55

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙХ  БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2014 оны 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төсвийн зарим байгууллагыг дор дурдсаны дагуу өөрчлөн зохион байгуулсугай:

1.

Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институтийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд нэгтгэн "Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв” болгон өөрчлөх; /ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний Ус, цаг уур, орчны хүрээлэн,  Байгаль орчны мэдээлэл, тооцооллын төвийг нэгтгэн “Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн” болгон өөрчилж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяанд ажиллуулах; 

3.

Эрүүл мэндийн яамны харьяа Эмийн сорилын лабораторийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторид нэгтгэх;

4.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Шим тэжээл, хоол судлалын үндэсний лаборатори, Хор судлалын лабораторийг нэгтгэж, “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв” болгон өөрчлөх;

5.

Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн харьяанд ажиллуулах.

 

 

2. Төсвөөс санхүүждэг дараах үндэсний хороо, зөвлөл, Засгийн газрын тусгай сангийн ажлын албадыг татан буулгаж, орон тоог цомхотгон, чиг үүргийг нь холбогдох байгууллагад дор дурдсаны дагуу шилжүүлсүгэй:

1.

Монголын амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд;

2.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Улсын Их Хурлын ордон барих төслийг хэрэгжүүлэх нэгжийг татан буулгаж, чиг үүргийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт;

3.

Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний төвийг татан буулгаж, чиг үүргийг нь Удирдлагын академид;

4.

Эрүүл мэндийг дэмжих сангийн ажлын алба, Дархлаажуулалтын сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Эрүүл мэнд, спортын яаманд;  

5.

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн ажлын алба, Монгол судлалыг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд.

 

 

3.Дараах байгууллагуудыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсугай:

1.

Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг “Зам, тээврийн хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар;

2.

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулах;

3.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Зураг, төсөл, эрдэм шинжилгээний институт” улсын төсөвт үйлдвэрийн газрыг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулах;

4.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв;

5.

Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори;

6.

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Техник спортын төв;

7.

Эрүүл мэнд, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Буянт-Ухаа Спортын ордон” улсын төсөвт үйлдвэрийн газар;

8.

Эрүүл мэнд, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэл, сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газар;

 

 

4. Удирдлагын академийн үндсэн чиг үүрэг, харьяаллыг хэвээр үлдээж, цаашид үйл ажиллагааныхаа орлогоор өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлэн ажиллуулж, Засгийн газрын захиалгат сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний зардал болон байр ашиглалтын тогтмол зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

5. Хууль зүйн үндэсний хүрээлэнг үндсэн үйл ажиллагааныхаа орлогоор өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлж, төрийн захиалгат судалгаа, эрдэм шинжилгээ, үйлчилгээний зардалд шаардагдах хөрөнгийг Хууль зүйн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.          

6. Соёл, урлагийг хөгжүүлэх сан, Монгол судлалыг дэмжих сан, Усны үндэсний хороо зэрэг Засгийн газрын тусгай сангийн болон үндэсний хорооны ажлын албыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрээний дагуу холбогдох байгууллага, нэгжид хариуцуулж, тухайн асуудлыг хариуцсан орон тооны 1 ажилтныг батлагдсан төсөвтөө багтаан ажиллуулах зохицуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

7. Төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд тус тус даалгасугай:  

     а) өөрчлөн байгуулсан байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг хууль тогтоомжид заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 15-нд багтаан шинэчлэн батлах буюу батлуулах;

     б) энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан байгууллагын бизнес төлөвлөгөө, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, төрийн захиалгат ажил, үйлчилгээг эдгээр байгууллагаар гэрээний үндсэн дээр санхүүжүүлэн гүйцэтгүүлэх, цаашид мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах; 

     в) татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан байгууллага, алба, нэгжийн чиг үүргийг шилжүүлэн авсан байгууллага тусгай ажлын хэсэг гаргаж тухайн байгууллага, алба, нэгжийн албан хэрэг, үндсэн болон бусад эд хөрөнгө, архивыг хүлээн авч, бүртгэх.

8. Өөрчлөн байгуулагдсан төсөвт байгууллагын орон тоог 2015 оны төсвийн тодотголд нийцүүлэн бууруулах, татан буугдсан болон аж ахуйн тооцоонд шилжүүлсэн байгууллагын төсвөөс олгох санхүүжилтийг 100 хувиар бууруулах, бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо нь хасагдаж цомхотголд хамрагдсан ажилтнуудад хуульд заасны дагуу тэтгэмж олгохыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, холбогдох сайд нарт даалгасугай.

9. Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан төсөвт нь багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

10. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 2, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны ажлын алба, Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан үндэсний хорооны ажлын алба, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 1 байхаар тус тус тогтоож, яамны үйл ажиллагааны төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

11. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төвийн 15 орон тооны урсгал зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас санхүүжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгаж, цаашид тус байгууллагын төсвийг Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багцад жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

12. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  67 дугаар тогтоолын      4 дүгээр зүйлийн “-Тээвэр, авто замын газар” гэснийг, “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 174 дүгээр тогтоолын “лаборатори болон Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын” гэснийг тус тус хассугай.

13. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөдөлмөрийн төв бирж байгуулах тухай” Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 194 дүгээр тогтоол, “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн      9 дүгээр тогтоол, “Зохион байгуулалт, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоол, “Сангийн дүрэм, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 402 дугаар тогтоол, “Олон улсын шинжээчдийн урьдчилсан зөвлөмжийн дагуу авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар тогтоол, “Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 92 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 123 дугаар тогтоол, “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаар тогтоол, “Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах тухай” Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 208 дугаар тогтоол, “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  298 дугаар тогтоол, “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах, зарим байгууллагын бүтцийг өөрчлөх тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаар тогтоол, “Ажлын албадын орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

14. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолд дор дурдсан  агуулга бүхий 7 дугаар зүйлийг нэмсүгэй:

     “7. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын орон тоог 15-40 байхаар тогтоож, орон тооны энэ хязгаарт багтаан тухайн аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, цар хүрээг харгалзан аймаг бүрээр ялгавартай тогтоон бүтэц, чиг үүргийг баталж мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгасугай.”

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                             Ж.ЭРДЭНЭБАТ