ЦАГ АГААРЫН НӨЛӨӨЛӨЛД СУУРИЛСАН УРЬДЧИЛСАН МЭДЭЭГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТЫГ ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧДАД АДАПТ ТӨСЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024.05.20 12:00
25

АДАПТ ТӨСЛӨӨС гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах бэлэн байдлыг эртнээс хангуулах зорилгоор цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг аймгийн хэмжээнд боловсруулах сургалтыг холбогдох албан хаагчдад зохион байгууллаа.

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ)  төслөөс  ЦУОШГ-т өндөр хүчин чадалтай супер-компьютерыг суурилуулж, мэдээллийг эртнээс, бодитой урьдчилан таамаглах зураглал мэдээ гаргах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд төслөөс цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг аймгийн хэмжээнд зураглан боловсруулах, гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах бэлэн байдлыг эртнээс хангуулах зорилгоор Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүллээ. 

Түүнчлэн “Цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ” сэдэвт сургалтыг ЦУОШГ-тай хамтран 5 сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад холбогдох яамдын төлөөллүүд болон зорилтот аймгууд болох Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховдын цаг уур, мал аж ахуй болон онцгой байдал, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарах байгууллагуудын 60 гаруй мэргэжилтэн, албан хаагчид оролцож байна. 

Оролцогчид нь сургалтаар газарзүйн мэдээллийн системд өгөгдөл дата оруулах, боловсруулалт хийх, цаашид өөрсдийн аймаг, орон нутагтаа нөлөөлөлд суурилсан цаг агаарын прогноз гаргах чадавх эзэмшинэ. Мөн шаардлагатай мэдээ дата цуглуулах, бүрдүүлэхэд холбогдох салбарын байгууллагууд хамтран ажиллах боломжтой болох юм.

АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах зорилгоор Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймгуудад 2021-2028 онд хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд ЦУОШГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнтэй хамтран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, ган, зуд зэрэг цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээ, төлөв байдлыг нийгэм эдийн засгийн суурь мэдээтэй холбож, нөлөөллийн урьдчилсан мэдээ гаргах, түүнийг ашиглан эртнээс арга хэмжээ авах, санхүүжүүлэх арга зүйг боловсруулсан.

Нөлөөлөлд суурилсан урьдчилан мэдээ (Impact based forecasting) гэж цаг агаар, уур амьсгалын урьдчилсан мэдээ буюу аюул, гамшиг, түүний нөлөөлөлд хэн, юу, хаана, хэзээ өртөхийг хэлнэ.  Өөрөөр хэлбэл гамшигт үзэгдэл, аюулыг нөлөөлөл, өртөнги, эмзэг байдал болон эрсдэлтэй хамт авч үзнэ.

Share :