“ИЛҮҮ САЙН АГААРЫН ЧАНАР-2023” СЭДЭВТ 11 ДЭХ УДААГИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

2023 оны 11 сарын 24

Азийн хөгжлийн банк, Азийн цэвэр агаар олон улсын төрийн бус байгууллага, Уур амьсгал-цэвэр агаарын түншлэлтэй хамтран 11 дэх удаагийн “Илүү сайн агаарын чанар-2023 (BAQ-2023)” олон улсын бага хурал 2023 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Филиппин Улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдаж, манай улсаас Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал, доктор Б.Цацрал оролцсон юм.

Энэхүү олон улсын бага хурал нь  агаарын бохирдлоос болж 2.3 тэрбум орчим хүн эрүүл мэндээрээ хохирч байгаа Ази Номхон далайн бүс нутгийн хувьд чухал дээд хэмжээний уулзалт юм. Тус бага хуралд нийт 39 улс орны агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 700 гаруй төлөөлөгчид оролцож, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, сайн туршлагуудын тухай хэлэлцэх зэргээр хуралд оролцогчид мэдлэгээ хуваалцлаа.

Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал Б.Цацрал тус бага хуралд Монгол Улсын агаарын чанарын хяналтын үндэсний сүлжээ, агаарын чанарын хяналт мониторингийн тухай танилцуулга, мэдээлэл хийв. Гурван өдрийн турш үргэлжилсэн бага хурлын үеэр агаарын бохирдолтой тэмцэх нь илүү цэвэр, эрүүл ирээдүйн төлөө хил дамнасан, салбар дундын сахилга баттай, хамтын хүчин чармайлт шаарддаг гэдгийг бүх оролцогчид хүлээн зөвшөөрч, тус хурлаас гаргасан шийдвэрийг удахгүй болох Уур амьсгалын өөрчлөлтийн  Суурь конвенцын  талуудын  ээлжит  28 дугаар бага хурлын үеэр танилцуулахаар шийдвэрлэлээ.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах