2023 оны зуншлагын тойм

2023 оны 09 сарын 21

Энэ зуны агаарын температурын дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 12.5-15.0 градус, Их нууруудын хотгор, Мэнэнгийн тал болон говийн нутгийн зарим хэсгээр 20.1-25.0 градус, Номин, Шарга, Алтайн Өвөр, Галба, Өөшийн говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолойгоор 25.1-27.9 градус, бусад нутгаар 15.1-20.0 градус дулаан байлаа.

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-4.2 градусаар дулаан байсан.

 Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 11-30 хоног, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 1-10 хоног, баруун болон говийн зарим хэсгээр 31-76 хоног халсан байна.

Хөрсний гадаргын температур өдөртөө 40 градусыг давж ихэнх нутгаар 41-70 хоног, томоохон голуудын хөндийгөөр 1-40 хоног, тал хээр, говийн нутгийн зарим хэсгээр 71-92 хоног градус хүрч халсан байна.

 Хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд 3.9-200.0 мм, төвийн нутгийн ихэнх, зүүн аймгуудын зарим сумдын нутгаар 200.1-300.0мм, Өвөрхангайн Есөнзүйл, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Түшиг, Баянгол, Ерөө, Дархан-Уулын Орхон, Шарын гол, Төвийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Хэнтийн Дадал, Норовлинд 300.1-529.6 мм орсон байна. 

 2023 оны зуны тунадас 70 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу, 30 орчим хувьд буюу тал хээр, баруун болон говийн нутгийн зарим хэсгээр дунджаас бага орсон байна.

Бэлчээрийн ургамал 6 дугаар сарын эхний арав хоногт нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээтэй байсан. Харин 7 дугаар сарын дунд арав хоногоос зуншлагын байдал сайжирч 60 гаруй хувьд хэвийн, 30 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу байсан бол 8 дугаар сарын сүүлч хүртэл төдийлөн сайжраагүй ба нийт нутгийн 60 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд буюу Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Завхан, Говь-Алтай, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна.

7 дугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн нутгийн ихэнх, зүүн аймгуудын зарим хэсгээр 4.1-14.0 ц/га, тал хээр, баруун болон говийн нутгийн ихэнх хэсгээр 0.1-2.0 ц/га байсан. 

5 дугаар сард ихэнх нутгаар дулаан дутсанаас бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай байсан ч 6 дугаар сарын дундаас эхлэн зуншлага сайжирсан. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим нутгаар гандуу, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гантай байлаа.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах