ДЦУБ-ын мэдээлэл солилцох, олон улсын хамтын ажиллагааны 150 жилийн ой энэ жил тохиож байна
2023 оны 09 сарын 12Цаг агаар, уур амьсгал, усны эргэлт бол аль нэг улс үндэстэн эсвэл ямар нэг улс төрийн хил хязгааргүй билээ. Олон улсын хамтын ажиллагаа бол чухал зүйл. Энэ философи 1873 оноос хойш дэлхийн цаг уурын нийгэмлэгийн ажлыг чиглүүлж ирсэн.
Цаг агаарын урьдчилсан мэдээний түүх нь 19-р зууны сүүлчээс эхлэн далайн мэдээ, далайн цаг уурын ажиглалтыг стандартчилснаар эхэлдэг.
Телергаф зэрэг технологийн сайжруулалт нь цаг агаарын мэдээг хурдан, амар хялбар дамжуулах боломжийг олгосон. Олон улсын цаг уурын анхны их хурал дэлхий нийтийг хамарсан сүлжээ бий болгох зорилгын дор 1873 онд Вена хотноо зохион байгуулагдаж байв. Энэ нь улс орнуудад ажиглалтын стандартчилагдсан арга, нэгжийн талаар олон улсын гэрээ байгуулж, мэдээгээ чөлөөтэй солилцох боломжийг олгосон. 20-р зуунд томоохон дэвшил гарсан. 1960-аад онд цаг уурын хиймэл дагуулууд гарч ирснээр хамгийн том алхам болсон. Энэ бол Даян дэлхийн ажиглалтын хөтөлбөрийг эхлүүлэх боломж байлаа.
Өнөөдрийн технологийн дэвшил нь цаг агаарын урьдчилсан мэдээ болон хүний амь насыг аврах эрт сэрэмжлүүлгийн нарийвчлалыг ихээхэн сайжруулсан.
Том өгөгдөл нь илүү өргөн хүрээг хамарч, илүү чөлөөтэй мэдээллийг солилцож байгаа ба одоо хиймэл оюун ухаан зэрэг шинэ хэрэгслүүд бий болсоор байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь яаралтай арга хэмжээ авахыг сануулсаар байгаа.
Бид ялгарлыг бууруулж, хойч үеэ цэнхэр гариг дээрээ эсэн мэнд амьдарч цэцэглэн хөгжих баталгаат ирээдүйг үлдээх ёстой.
Буурай орнуудад маш олон хүн цаг агаарын аюултай нөхцөл байдал тэдний зүг чиглэж буйг мэдэгдэх анхан шатны сэрэмжлүүлэг ч байхгүй байна.
Тийм ч учраас ДЦУБ нь эртнээс сэрэмжлүүлэх системээр хүн бүрийг хамгаалахын тулд "Бүх нийтийг хамарсан эрт сэрэмжлүүлэг" санаачилгыг дэвшүүлж байна. Энэхүү санаачилгад нь НҮБ-ын гишүүн орнууд, хөгжлийн банкууд болон хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн.
Бид хамтдаа хүн бүрийн эрсдлийг тооцоолох хүчийг нэмэгдүүлж, тэдний хариу арга хэмжээ авах чадварыг бий болгох ёстой.
Ирээдүйд манай цаг агаар, уур амьсгал болон усны эргэлт нь өнгөрсөн үеийнхээс өөр байх болно.
Цаг агаар, уур амьсгал болон ус судлалын үйлчилгээ нь эдгээртэй холбогдох сорилтуудыг даван туулах, боломжуудыг ашиглахад тусална.
ДЦУБ өнгөрсөн хугацаанд гайхалтай амжилтад хүрч, байнга чухал ахиц дэвшил гаргаж байгаа бөгөөд ирээдүйд хийх их үйлсийн төлөвлөгөөтэй урагшилж байна.
Уур амьсгалын хурдацтай өөрчлөлтийн эрин үед ДЦУБ нь шинжлэх ухааныг ашиглан нийгэмд илүү аюулгүй, илүү тэсвэртэй ертөнцийг бий болгоход тууштай ажиллаж байна.