“Агаар нэг” платформын өдөрлөг боллоо
2022 оны 06 сарын 23
“Агаар нэг” платформын 2 дахь удаагийн өдөрлөгийг өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, ЦУОШГ, УЦУОСМХ-тэй хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр үг хэлсэн бөгөөд УЦУОСМХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюунчимэг “Агаарын бохирдол ба түүнд нөлөөлөх хүчин зүйлс”, ЦУОШГ-ын Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат “Монгол улсын агаарын чанарын хяналт шинжилгээ”, Орчны бохирдлын эх үүсвэр,ялгарлын тоо бүртгэл хариуцсан мэргэжилтэн Э.Амарзаяа “Агаар бохирдуулах эх үүсвэр ба ялгарлын тооллого” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Энэ удаагийн өдөрлөг нь агаарын бохирдлын судалгаа, хяналт шинжилгээний ажил ямар түвшинд байгуу талаар олон нийтэд мэдээлэл өгөх, “Агаар нэг” платформыг таниулах зорилго дор болж өнгөрлөө.
Өдөрлөгийг хааж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул хэлсэн үгэндээ “ Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос ялгарч байна. Бид энэ жил гэр хорооллын айл өрхүүдийг бүрэн шаталт хийдэг, стандартын шаардлага хангасан зуух, хорт утаа бага ялгаруулдаг яндантай болгох тал дээр дорвитой арга хэмжээ авна” гэлээ.
“Агаар нэг” платформд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг 40 орчим төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хөгжлийн байгууллагууд нэгдэн орсон байна.
Эдгээр байгууллагууд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн судалгаа болон төсөл, тэдгээрийн үр дүн, дата мэдээлэл, ажлын байр, худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, шинэ мэдээллээ цаг алдалгүй “Агаар нэг” вэбсайтад байршуулснаар нэгдсэн мэдлэг, мэдээллийг сан үүсгэн хөгжүүлж байна.
Платформоос агаар, орчны бохирдлын чиглэлээр олон төрлийн мэдээлэл, судалгааны үр дүнг авч ашиглаж болохоос гадна төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох орон зайг ашиглах боломж нээгдэж байгаа юм.