Монгол улс, ӨМӨЗО-ны цаг уурын мэргэжилтнүүдийн туршлага солилцох хамтарсан хурал боллоо

2022 оны 06 сарын 22

Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНХАУ-ын Цаг уурын газрын хамтын ажиллагаа 1989 оноос эхлэлтэй ба Шар шороон шуурганы хяналт шинжилгээ, Цаг уурын харилцаа холбоо, Уур амьсгалын урьдчилсан мэдээ, Хил залгаа бүс нутгийн цаг уурын байгууллагуудын хамтын ажиллагаа, Цаг уурын багаж тоног төхөөрөмж болон сургалт зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн.

Хоёр орны Цаг уурын газрын хооронд Цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хамтарсан ажлын хэсгийн 16 дугаар уулзалтын хамтын ажиллагааны протоколыг 2019 оны 8 сард байгуулсан юм. 16 дугаар протоколын хүрээнд хил залгаа бүс нутгийн  цаг уурын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тусгагдсаны дагуу уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилт, шороон шуурга, цаг агаарт зориудаар нөлөөлөх технологи болон цасан шуургыг урдчилан мэдээлэх зэрэг сэдвийн хүрээнд ӨМӨЗО-ны болон ЦУОШГ-ын мэргэжилтнүүдийн туршлага солилцох хамтарсан хурлыг 2022 оны 6 сарын 16-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Тус хурал цахимаар зохион байгуулагдсан нь ЦУОШГ-ын харьяа 21 аймгийн УЦУОШТ-ийн дарга, мэргэжилтнүүд бүрэн оролцох боломжийг олгосон бөгөөд хөрш орны цаг уурын салбарын ололт амжилт, технологийн дэвшлийн талаар сонирхолтой мэдээлэл авсан юм. 

Уг  хуралд  УЦУОСМХ-ийн Зайнаас тандан судлах хэлтсийн дарга М.Одбаяр “Монгол улсын байгаль орчны хяналт шинжилгээнд зайнаас тандан судлах технологийн хэрэглээ”, УЦУОСМХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор А.Батболд “2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголд ажиглагдсан хүчтэй шороон шуургыг ADAM ашиглан хийсэн тоон загварчлал, ЦУОШГ-ын Урьдчилсан мэдээлэх хэлтсийн Бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээллийн студи хариуцсан ерөнхий инженер М.Батжаргал “Монгол орны цаг агаарын гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх систем”, ЦУОШГ-ын Цаг агаарт зориулаар нөлөөлөх үйл ажиллага хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар “Монгол орны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа”,  ЦУОШГ-ын синоптик инженер М.Нарангэрэл “Монголд шороон шуурга шуурах нөхцөл” гэсэн сэдвүүдээр нийт 5 илтгэл хэлэлцүүлсэн байна.

Түүнчлэн ӨМӨЗО-ны Цаг уурын газрын ахлах судлаач, ахлах цаг уурч, хатагтай Мэн Шюэфэн “Өвөр Монгол оронд цасан шуурга шуурах нөхцөл, уасан шуурганы шинж чанар”, ахлах инженер, хатагтай Ян Жин “Баруун Үзэмчин хошууны хүйтэн бороо, нойтон цасны эрсдлийн бүс”, Экологи, хөдөө аж ахуй, цаг уурын төвийн ахлах инженер Насантогтох “Байгаль орчны хяналт шинжилгээнд зайнаас тандан судлах технологийг ашиглах нь”, Цаг агаарт зориудаар нөлөөлөх төвийн ахлах инженер Билиг “Хятад, Монгол хоёр орны шинжлэх ухаан, технологийн солилцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хил орчмын бүс нутгийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлчилгээний чадавхийг дээшлүүлэх нь”, Агаар мандлын алсын ажиглалтын технологийг дэмжих төвийн ахлах инженер Ван Чингёу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байх агаар мандлын өндрийн ажиглалтын системийн тоног төхөөрөмжийн ажиллагаа” гэсэн сэдвүүдээр нийт 5 илтгэл хэлэлцүүллээ.

Хурал үр дүнтэй болж, илтгэгчдээс 2 талын мэргэжилтнүүд тухай бүр асуулт тодруулга авч, туршлага мэдлэгээ хуваалцан цаашдын хамтарсан судалгаа, төслийн талаар ерөнхий чиглэл гаргасан байна.

Хурлын үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод БНХАУ-ын Цаг уурын газраас суурилуулсан агаар мандлын өндрийн ажиглалтын аэрологийн станцын 2020-2022 оны үйл ажиллагаа, доголдол саатлын талаар  Өмнөговийн УЦУОШТ-ийн радарын инженер Б.Баасансүрэн товч тайлан тавьж, ӨМӨЗО-ны  мэргэжилтнүүд доголдлыг арилгах нарийн заавар зөвлөгөө өгөв.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/