Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөл / УАӨАЗГХМЗ /: Уур амьсгалын өөрчлөлт өргөн тархаж, хурдацтай эрчимжиж байна

2021 оны 08 сарын 20

Эрдэмтэд Дэлхийн уур амьсгалын бүх төрлийн өөрчлөлтийг бүс нутаг бүрээр ажиглан хянаж байна гэж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөл / УАӨАЗГХМЗ /-өөс мэдээллээ.

Уур амьсгалд ажиглагдсан олон өөрчлөлтүүд хэдэн зуун, хэдэн зуун мянган жилийн турш урьд өмнө байгаагүй бөгөөд зарим өөрчлөлтүүдийг бид хэдэн зуу, хэдэн мянган жилд ч зосгоож чадахгүйд хүрсэн. Тухайлбал, далайн түвшний өсөлтийг нэрлэж болно гэж УАӨАЗГХМЗ-ийн 1 дүгээр ажлын хэсгийн “Уур амьсгалын өөрчлөлт 2021: Физикийн шинжлэх ухааны үндэслэл” тайланд дурджээ.

Гэхдээ дэлхий нийтээрээ яаралтай арга хэмжээ авч чадвал сүйрлээс зайлсхийх боломжтойг өгүүлсэн байна. Үүнд хамгийн түрүүнд Нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) болон бусад хүлэмжийн хийн ялгаруулалтыг тогтвортой бууруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах болно. Агаарын чанарт үзүүлэх ашиг тус хурдан ирэх боловч дэлхийн температур тогтворжихын тулд 20-30 жил шаардагдана.

“Хэрвээ бид яг одоо хүчээ нэгтгэвэл уур амьсгалын сүйрлээс аврагдах боломжтой. Өнөөдрийн тайлан бидэнд хугацаа байхгүй, хойшлуулах шалтгаан байхгүйг харууллаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгджээ.

Дэлхийн бараг бүх улс орнууд 2015 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн билээ. Уг гэрээний зорилго нь энэ зуунд багтааж дэлхийн дулаарлын өсөлтийг 2 градуст хязгаарлах, цаашлаад 1.5 градуст барих юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг огцом бууруулах шаардлагатайг УАӨАЗГХМЗ-ийн тайланд өгүүлжээ.

УАӨАЗГХМЗ-ийн тайланд хүн төрөлхтөн дэлхийн уур амьсгалыг өөрчлөгч гол хүч болж байгааг хөдөлшгүй баримтаар баталсныг эрдэмтэд мэдээлжээ.

Тайланд өгүүлсэн гол тоо баримтууд:

  • 2011-2020 онд дэлхийн гадаргын температур 1850-1900 оны үеийнхээс Цельсийн 1.09 градусаар нэмэгджээ.
  • Сүүлийн таван жил нь 1850 оноос хойших хамгийн халуун жилүүд байжээ.
  • Далайн түвшин өнөөдрийн байдлаар 1901-1971 оны дунджаас гурав дахин нэмэгдсэн байна.
  • 1990-ээд оноос хойших мөнх цаст уулын мөсний хайлалт, туйлын мөсний багасалтын гол нөлөөлөгч нь хүн болохыг 90 хувийн магадлалтай тогтоожээ.
  • 1950-аад оноос хойш дэлхий даяар агаарын халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж, хүйтрэлт буурсан нь статистик тоо баримтаар батлагджээ.

Энэхүү тайланд дурдсанаар ойрын хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт бүх бүс нутагт нэмэгдэх болно. Дэлхийн дулаарлын хэмжээ 1.5 градуст хүрэхэд хэт халалтын үзэгдэл нэмэгдэж, дулааны улирал урт, хүйтний улирал богино байх болно. Дэлхийн агаарын температур 2 градусаар өсөхөд хэт халалтын улмаас хөдөө аж ахуйн салбар, хүний эрүүл мэндэд асар их аюул заналхийлнэ. Гэхдээ энэ нь зөвхөн температурын тухай биш юм. Уур амьсгалын өөрчлөлт нь өөр өөр бүс нутагт олон янзын өөрчлөлтийг авчирч байгаа бөгөөд энэ үзэгдлүүд цаашид дулаарах тусам нэмэгдэх болно гэдгийг онцолжээ.

Уг тайланд ойрын хэдэн арван жилд дэлхийн дулаарлын түвшинг 1,5 градуст барих шинэ тооцоог гаргаж өгсөн бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэн даруй, хурдан, их хэмжээгээр бууруулахгүй бол дулаарлыг 1.5, бүр 2 градуст ч хязгаарлах боломжгүй гэдгийг олж тогтоожээ.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/