Ус, цаг уурын салбарын ажилтнууд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

2021 оны 06 сарын 02

Төрд ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Др Ж.Батбаяр, салбартаа 44 жил хөдөлмөрлөн гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтан Др М.Эрдэнэтуяа нар төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасныг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин өнөөдөр гардуулан өглөө.

Жадамба овогтой Батбаяр нь 1982-1987-нд Украйн улсын Одесс хотын Ус цаг уурын дээд сургууль дүүргэж цаг уурын инженер мэргэжил эзэмшсэн. 1987-1995 онд Ус цаг уурын хүрээлэн (УЦУХ)-гийн Прогноз аргазүйн секторт синоптик инженер, эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр, 1996-1997 онд Байгаль Орчны Яамны (БОЯ) Гамшгийн үнэлгээ, мэдээллийн газарт мэргэжилтэн, 1997-1999 онд БОЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Байгалийн гамшгийн менежмент” төслийн удирдагч, 2000-2002 онд Японы ЖАЙКА-гийн “Цаг уурын гамшигт үзэгдлийн мэдээллийн сан байгуулах” төслийн менежер, НҮБХХ- ийн  “Гамшгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох”, “Бэлчээр нутгийн менежментийг боловсронгуй болгох”, “1999-2000 оны Зудын сургамж” зэрэг төслүүдийн экспертээр, 2011 оноос Монгол улсын Ус цаг уурын нийгэмлэгийн Зөвлөх, Дэд ерөнхийлөгчөөр, 2013 оноос тус газрын Орчны шинжилгээний хэлтсийн даргаар  ажиллаж байна.

2005-2008 онд ШУТИС-ийн Докторантурт амжилттай суралцаж  2009 онд “Хиймэл дагуулын мэдээгээр агаар мандлын аэрозолын оптик параметрүүдийг тодорхойлох нь” сэдвээр физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан болно. Энэхүү судалгааны ажил нь хиймэл дагуулын мэдээ ашиглан зайн тандан судлалын аргаар Монгол орны агаар мандлын оптик төлөвийг тодорхойлох, улмаар байгалийн болон хүний үйл ажиллагаагаар агаар мандалд дэгдэн шилждэг аэрозол (шар шороон шуурга, утаа, тоос)-ын шинж чанарыг тодорхойлох, загварчлах нарийн төвөгтэй асуудлыг шийдэж, дорвитой үр дүнд хүрсэн бөгөөд манай орны хувьд урьд өмнө хараахан хийгдээгүй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол практикийн асуудалд ихээхэн ач холбогдолтой болсон юм.

Магсар овогтой Эрдэнэтуяа нь 1978-1984 онд ОХУ-ын Ленинград /тэр уеийн/ хотын Ус, цаг уурын дээд сургуульд суралцан цаг уурын инженерийн мэргэжил эзэмшсэн. 1984-1985 онд Өмнөговь аймгийн УЦУТовчооны урьдчилан мэдээлэх товчоонд инженер, 1985-1986 онд Ус цаг уурын эрдэм шинжилгээний институтэд инженер, 1988-2013 онд Байгаль орчны мэдээллийн төвд программчлагч инженер, хэлтсийн дарга, зайнаас тандан судлалын тэргуүлэх мэргэжилтэн, 2013 оноос одоог хуртэл тус газрын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, Архив, мэдээллийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.

2004 онд МУИС-д “Монгол орны бэлчээрийн мониторингийн зайнаас тандах арга технологи” сэдвээр Газарзүйн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.

М.Эрдэнэтуяа 1987 оноос NOAA төрлийн хиймэл дагуулаас тоон мэдээг хулээн авч, 2РААС, IVAS, IDRISI, ERDAS зэрэг дүрс боловсруулалтын систем, программ хангамжуудын орчинд боловсруулан ус цаг уур, байгалийн түргэн хувьсах нөөц, орчны хувирал өөрчлөлтийг судлах, түүний дотор үүл, хур тунадасны хувьслыг судлах, ой хээрийн түймрийн голомтыг илрүүлэх, түймэрт өртсөн талбайг тодорхойлох, бэлчээрийн мониторинг хийх, зураглал гаргах технологийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр ихээхэн үр дүнтэй ажиллаж байв.

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн “Getting started ArcGIS”, “Arc Catalog” зэрэг номуудыг англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлж, хэвлүүлэх ажлыг хийхэд оролцсон ба “Arcview-тэй ажиллах гарын авлага” товхимолыг бэлтгэж хэвлүүлсэн нь их, дээд сургуулийн оюутан сурагчид болон ГМС-ийг ашигладаг хэн бүхний ширээний ном болсон билээ. 

 

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/