ДЦУБ-ын 18 дугаар их хуралд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо

2019 оны 06 сарын 24

ДЦУБ-ын 18 дугаар их хуралд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгий захирал, доктор Г.Сарантуяа нар 2019 оны 6 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд ДЦУБ-ын их хуралд Монгол улсаа төлөөлөн оролцлоо.

Их хурлын үеэр ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон ОХУ, БНСУ, БНТУ, БНХАУ зэрэг улс орны Цаг уурын албаны дарга нартай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцсон байна.

2019 оны 6-р сарын 12-ний өдөр ОХУ-ын Ус цаг уур, орчны мониторингийн газрын дарга М.Е. Яковенкотой уулзаж 2 талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, цаашид ямар чиглэлд хэрхэн хамтарч ажиллахаар санал солилцлоо. Өнгөрсөн жил Москвад хийхээр төлөвлөсөн 2 талын уулзалт ОХУ-ын талын санал болгосноор хойшлогдсон тул энэхүү уулзалтыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулахаар 2 тал харилцан тохиролцов.

ОХУ-ын УЦУОМГазраас зохион байгуулж буй Арктикийн судалгаа, шинжилгээний ажилд Монголын талаас 1 мэргэжилтнийг оролцуулах, Арктикийг судлах ажилд оролцохтой холбогдуулан 2 талын уулзалтын үеэр Монголын тал ОХУ-ын хойд хилийн Арктикийн бүсийн Мурманск хотод зочлох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд Оросын тал дээрхи саналуудыг судалж, нааштайгаар хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна. Өмнө нь өмнөд туйлын судалгаа, шинжилгээний ажилд Монголын мэргэжилтнүүд оролцож ирсэн бөгөөд Арктикийн судалгааны ажилд оролцож, Монгол орны уур амьсгалын бүрдэлтэд чухал нөлөө үзүүлдэг энэ бүс нутгийн судалгаанд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа  Монголын тал илэрхийлжээ.

2019 оны  6 дугаар сарын 11-ний өдөр Монголын төлөөлөгчид Метео Франс интернейшнл компанийн Ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга ноён Патриктай уулзаж 2 талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монголын төлөөлөгчид Францын компаниас суурилуулсан агаар мандлын дээд давхаргын судалгааны зориулалттай Модем зонд болон хүлээн авах систем суурилагдсанаас хойш ямар нэгэн хүндрэлгүйгээр хэвийн ажиллаж байгаа талаар танилцууллаа. Солонгосын Цаг уурын газрын дарга, ноён Ким Жонсуктай уулзаж, 2 талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ноён Ким Жонсук энэ оны 10 дугаар сард Монгол улсад зочлохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж, энэ айлчлалын үеэр 2 талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар ярилцахаар тохиролцлоо.  Монголын тал энэ айлчлалыг талархан хүлээж авлаа.

Түүнчлэн БНХАУ-ын Цаг уурын газрын дарга бөгөөд ДЦУБ дахь байнгын төлөөлөгч хатагтай Лиу Яминтай уулзаж, 2 талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монголын талаас энэ оны 8 дугаар сард Хятадын Цаг уурын газрын төлөөлөгчдийг Монгол улсад хүлээн авахаа мэдэгдэж, хатагтай Лиу Яминийг энэ оны 8 дугаар сард  Монголд айлчлахыг урилаа.

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө Монголын төлөөлөгчид БНТУ-ын Цаг уурын газрын дарга, ДЦУБ дахь байнгын төлөөлөгч, ноён Волкан Мутлу Коскун болон тус газрын гадаад харилцааны хэлтсийн дарга нартай уулзаж, өмнө нь болсон Видео хурлын үеэр яригдсан асуудлын талаар санал солилцлоо. Ноён Коскун Монголын төлөөлөгчдийг 2019 оны 9 дүгээр сард Туркэд хүлээн авахад бэлэн гэдгээ дахин илэрхийлсэн юм. ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин ноён М.А.Коскуныг ирэх онд Монголд айлчлахыг урьсан ба Туркийн тал урилгыг талархан хүлээн авлаа.

                6-р сарын 12-ний өдөр Монголын төлөөлөгчид ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Таалластай уулзаж, өнгөрсөн 4 жилд ДЦУБ-ын сайн дурын хамтын ажиллагааны шугамаар Монголд хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн талаар танилцуулж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. Ноён П.Тааллас Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд дахин нэр дэвшиж байгааг дэмжиж байгаа гэдгээ уламжилсан байна.

                     Жендерийн тэгш эрхийн асуудлын талаар 12-ны өдрийн үдээс хойш хэлэлцлээ. ДЦУБ-ын нарийн бичгийн дарга нарын газар болон бүтцийн байгууллагуудад эмэгтэйчүүдийн оролцоо жил ирэх тутам нэмэгдэж байгааг хурлын дарга мэдэгдлээ. Авьяас хүйснээс хамаарахгүй талаар зарим төлөөлөгчид ярилаа. Хурлын дарга болон зарим эрдэмтэн эмэгтэйчүүд “эрдэмтэн” гэсэн бичиг бүхий цамц өмсөж, жендерийн асуудлыг бүх түвшинд анхаарч үзэхийг хуралд оролцогчдоос хүслээ. ДЦУБын үндсэн хуулийн байгууллага болон ажлын хэсгүүдэд эмэгтэйчүүдийн оролцоог 30-иас доошгүй байлгах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

                     2019 оны 6 дугаар сарын 13-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ДЦУБ-ын ерөнхийлөгч, 1,2,3 дугаар дэд ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон Ажиглалт, дэд бүтэц, мэдээллийн системийн комиссын Ерөнхийлөгч, Цаг уур, уур амьсгал, ус ба хүрээлэн буй орчны холбогдох үйлчилгээ болон хэрэглээний комиссын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Монголын төлөөлөгчид Монгол улсын Гадаад харилцааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу дээрхи сонгуулиудад өөрсдийн байр сууриа илэрхийлэн оролцлоо.

                     ДЦУБ-ын Ерөнхийлөгчид ХБНГУ болон АНУ-ын Цаг уурын газрын дарга бөгөөд Байнгын төлөөлөгчид өрсөлдсөнөөс ХБНГУ-ын төлөөлөгч, Герхард Адриан санал хураалтад оролцсон 142 төлөөлөгчөөс 98 саналын дэмжлэг авч ирэх 4 жилд энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

                     ДЦУБ-ын Ерөнхийлөгчид ганцхан хүн буюу өмнөх 4 жилд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн Финляндын иргэн ноён Петтери Тааллас өрсөлдөгчгүйгээр сонгогдлоо.

                     Энэ удаагийн их хурлаас ДЦУБ-ын 2 дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдсон нь тус байгууллагаас эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудалд анхаарлаа хандуулж байгааг илтгэсэн үйл явдал боллоо.

 

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/