ДЦУБ-ын 18 дугаар Их хурал болж байна

2019 оны 06 сарын 06

Дэлхийн Цаг уурын байгууллагын /ДЦУБ/ 18 дугаар  Их хурал 6-р сарын 3-нд Швейцарийн Женев хотноо ДЦУБ-ын Төв байранд эхэллээ.

Их хурал 12 хоногийн турш хуралдаж, улс орнуудын цаг агаарын экстрем үзэгдэл, ус, уур амьсгал, болон байгаль орчны бусад цочролыг даван туулах чадавхийг дээшлүүлэх, шинжлэх ухааны ажиглалт, урьдчилан тооцоолох чадварыг бэхжүүлэх, чадавхийн зөрүүг арилгахад туслах арга зам болоод ирээдүйн стратеги зорилтын талаар хэлэлцэх юм.

ДЦУБ-ын Их хурал 4 жил тутам 1 удаа хуралдаж, гишүүн 193 орны төлөөлөгчид хуран чуулдаг ба цаашдын стратеги, бодлого, стандарт, төсвөө хэлэлцэж, томилгоо хийдэг. Энэ жил хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийд тулгамдаж буй сорилтууд, гол эрсдэлүүдийг шийдвэрлэж чадахуйц засаглалын бүтцийн шинэчлэлийг ДЦУБ-д бий болгох талаар  хэлэлцэх болно.

Хамгийн сайн мэдээлэл, үйлчилгээг авах боломж

ДЦУБ-ын 18-р их хурал ДЦУБ-ын шинэ стратегийн төлөвлөгөөндөө Эрхэм зорилгоо тодорхойлсон байна. Эрхэм зорилгоо “2030 он гэхэд дэлхийн бүх үндэстэн, ялангуяа эмзэг бүлгийн улс үндэстэн  цаг агаарын экстрем үзэгдэл, ус, уур амьсгал, байгаль орчны, бусад үзэгдлийн нөлөөлөлд нийгэм-эдийн засгийн хувьд илүү бат бөх байх,  эх газарт ч, далай тэнгист ч, агаарт ч хамгийн сайн үйлчилгээгээр үзүүлэх замаар тэдний тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх эрх мэдэлтэй байх” явдал юм гэж тодорхойлжээ.

“ДЦУБ болоод Үндэсний Ус, цаг уурын үйлчилгээнд урьд өмнө байгаагүй ур чадварыг шаардаж байна. Учир нь байгаль орчны доройтол, хотжилтын асуудал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаар, цаг уур, устай холбоотой гамшгийн нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдсээр байна" гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Таалас хэлэв.

ДЦУБ-ын гишүүн орнуудын ердөө 27 хувь нь хангалттай, нэлээд боловсронгуй ус, цаг уурын үйлчилгээ үзүүлж байгаа бол 26 хувь хангалтгүй буюу үндсэн үйлчилгээг үзүүлдэг гэж ДЦУБ-ын хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гарчээ.

Түүнлчэн гишүүн орнуудын 94 хувь нь гамшгийн эрсдлийг бууруулах механизмыг бий болгосон хэдий ч 57 хувь нь л нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ гаргадаг байна.

ДЦУБ нь дэлхий дахины болон бүсийн тусгайлсан төвүүдээс гаргаж буй олон төрлийн гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх болон цаг агаар, уур амьсгалын өндөр чанартай /таарцтай/ урьдчилсан мэдээг бүх улс орнууд авах боломжтой болгохыг эрмэлзэж байна.

Стратегийн төлөвлөгөө

Их хурал 2030 оны ДЦУБ-ын шинэ стратегийн төлөвлөгөөг батлахаар төлөвлөж байна.

Энэ нь урт хугацааны таван зорилго, тэргүүлэх чиглэлийг агуулна: Үүнд:

• Ус цаг уурын экстрем үзэгдлийн улмаас хүний амь нас, эд хөрөнгөнд учирч болзошгүй хохирлыг бууруулах, бэлэн байдлыг сайжруулах,

• Уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй, дасан зохицох чадварыг бий болгохын тулд уур амьсгалыг тооцсон ухаалаг шийдвэр гаргах явдлыг дэмжих,

• Цаг агаар, уур амьсгал, ус ба хүрээлэн буй орчны холбогдох үйлчилгээний нийгэм-эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах

Их хурлаар Стратегийн төлөвлөгөөний зэрэгцээ ДЦУБ-ын засаглалын бүтцийн үндсэн өөрчлөлт, шинэчлэлийг хэлэлцэх юм байна.  Цаг уур, уур амьгалын экстрем үзэгдлийн эрсдлийг бууруулах, даван туулах, дасан зохицох үйл ажиллагаанд учирч буй саад бэрхшээлийг даван туулахын тулд байнгын шинэчлэл хийх шаардлагатай байна.

ДЦУБ-ын шинэчлэл

Шинэчлэл нь өгөгдлийн менежмент, ажиглалтын системд зохицуулалт хийх, ажиглалт, хэмжилтийг стандартчилах, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг бий болгох, шийдвэр гаргах болон нийгэм эдийн засгийн үр ашгийг хүртэх үйлчилгээг зохицуулах зорилготой юм.  

ДЦУБ-ын засаглалын шинэчлэлээс гарах үр дүн :

Цаг уур, уур амьсгал, ус, далай, галт уул, агаарын чанар, хүлэмжийн хий судлал зэргийг нэгтгэн Дэлхийн систем бүрдэнэ

Цаг агаар, уур амьсгал, ус, нисэх онгоц, далайн, хөдөө аж ахуй, хот, эрчим хүч, эрүүл мэндийг хамарсан олон төрлийн гамшиг, нөлөөлөлд суурилсан үйлчилгээ бий болно

Ажиглалт, үйлчилгээ, шинжлэх ухаан, нөлөөллийг бууруулах, дасан зохицоход уур амьсгалын өргөн хүрээний үйлчилгээ бий болно

Цаг агаар, усны харилцан хамаарал хийгээд ДЦУБ-ын үйл ажиллагаанд усны салбарын үйлчилгээний оролцоо илүү ойртоно

ДЦУБ-ын үйл ажиллагаанд хяналттай, зохион байгуулалттай хувийн хэвшлийн оролцоо бий болно

Ус, цаг уурын үндэсний албад, Нарийн бичгийн дарга нарын газрын нөөцийг оновчтой ашиглах, ингэснээр бүс нутгийн үйл ажиллагаанд илүү их дэмжлэг үзүүлнэ

Дашрамд дурьдахад ДЦУБ-ын 18 дугаар Их хуралд Монгол улсаа төлөөлж ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, УЦУОСМХ-ийн захирал Г.Сарантуяа нар оролцож байна.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/