Дэлхийн агаарын температур дахин 2 градусаар нэмэгдвэл дэлхийн эдийн засгийн жилийн алдагдал 0.2-2% хүрнэ гэж тооцоолжээ

2016 оны 11 сарын 15

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос гаргасан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, нөлөөллийн тухай 5 дахь тайлан илтгэлд энэ тухай дурджээ. Дэлхий нийтийн хэмжээгээр гарч байгаа энэ удаагийн тайлан илтгэлийг гаргахад  дэлхийн 300 гаруй тэргүүлэх эрдэмтэд 2008 оноос хойш ажиллаж,  70 гаруй орны 1700 шахам эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын дүнг нэгтгэн уг тайлан илтгэлийг боловсруулж, 12000 гаруй мэргэжилтэн, судлаачдын саналыг тусгажээ.

Уг тайлан илтгэлд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт улам тодорхой ажиглагдаж, улс орнуудын байгаль орчин, нийгэм-эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар, нөлөө үзүүлж,  ноцтой  эрсдэл бий болгож байна гэж дүгнэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, учруулах үр дагавар нь 2007 онд гаргасан өмнөх тайлан илтгэлд төсөөлж байснаас ч давж, эрсдэл нь эрс нэмэгдсэнийг тэмдэглэжээ. Шинэ тайлан илтгэлд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх   бүлэг хүмүүс, эдийн засаг нийгмийн салбарууд болон экосистемуудийг тодорхойлж, учирч болох эрсдэлийг даван туулах боломжтой  арга замыг мөн санал болгосон байна.

Ихэнх бүс нутгуудад хур тунадас өөрчлөгдөж, цас мөсөн бүрхүүл эрчимтэй хайлж байгаа нь усны нөөц болон чанарт ихээхэн нөлөө үзүүлж, энэ нөлөөлөл улам бүр нэмэгдэх шинжтэй байгааг анхааруулжээ. Хуурай уур амьсгалтай зарим бүс нутагт улам хуурайших, улмаар гангийн учруулах хохирол нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас таримал ургамал, ялангуяа үр тарианы ургамлын ургац зарим бүс нутагт 25% хүртэл буурсан нь ядуу орнуудын хүнсний аюулгүй байдал, өлсгөлөнг бууруулахад чиглэсэн арга хэмжээнд ихээхэн саад учруулж байгаа ажээ.

Өндөр өргөрөгийн нутгуудад мөнх цас мөс, олон жилийн цэвдэгт хөрс хүчтэй хайлж байгаа нь усны нөөц, хүрэлцээ, чанарт ихээр нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халалт, хүйтрэл, хүчтэй салхи шуурга, аадар бороо, их цас, үер зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлийн учруулах хохирол улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ байдал цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ. Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэнд, амьдрах орчин, түүнчлэн хүмүүсийн амьжиргаанд ч нөлөө үзүүлж байгааг олон баримт жишээгээр харуулжээ.

Энэ бүхнээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учруулах гамшиг, сөрөг нөлөөллийн эрсдэл улам нэмэгдэж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн дасан зохицох арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг анхааруулжээ.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/