Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, ДЦУБ дахь Монгол улсын байнгын төлөөлөгч С.Энхтүвшингийн мэндчилгээ

2021 оны 03 сарын 23

      

       Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Дэлхийн усны өдөр, Дэлхийн цаг уурын өдөр, Монголын Усны болон цаг уурын өдөр,  Монгол улсад  Ус цаг уурын байгууллага үүсэж  хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

            Жил бүр Дэлхийн усны өдөр, Дэлхийн цаг уурын өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон бөгөөд энэ жил Дэлхийн усны өдрийг “Усны үнэ цэнэ“, Дэлхийн цаг уурын өдрийг “Далай, цаг агаар ба уур амьсгал ” сэдвийн дор тэмдэглэж байна.

             Судар бичгийн хүрээлэнгийн 1924 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор уг хүрээлэнгийн үндсэн бүтцэд “Огторгуйн одон орон гариг ба цаг уурыг шинжлэх салаа”-г байгуулж, улмаар анхны цаг уурын өртөөдийг байгуулж, ажиллуулж эхэлснээр Монгол улсын Ус цаг уурын албаны эхлэл тавигдсан  түүхтэй.

             Монгол улсын Ус цаг уурын алба өнгөрсөн түүхийн 97 жилийн хугацаанд хүндрэл, бэрхшээл бүхнийг амжилттай даван туулж, үе үеийн ус цаг уурчдын нөр их хөдөлмөр, зүтгэл, ДЦУБ-ын гишүүн орнуудын тусламж, дэмжлэгийн үр дүнд Монгол орны нийт нутгийг хамарсан ажиглалт, хэмжлийн нэгдсэн сүлжээтэй,  ус цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдсэн,  орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололтод суурилсан,   биеэ даасан Үндэсний алба болтлоо хөгжиж байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.     

              Тус газраас улсын сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат хэмжлийн станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад онцгойлон анхаарч, дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр улсын сүлжээний 180 орчим өртөө, харуул  цаг уурын автомат хэмжлийн багажаар хангагдаж,   Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудад ашиглаж буй өндөр хурдтай суперкомпьютерийн технологийг 2011 оноос эхлэн нэвтрүүлж, Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж  байгаагийн үр дүнд Ус цаг уурын байгууллагаас үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн чанар, нарийвчлал жилээс жилд сайжирч, манай, хэрэглэгчид, малчид, ард иргэдийн сайшаалыг хүртэж, эрхэм үүргээ мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэн ажиллаж байна.

              Сүүлийн жилүүдэд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт автомат цаг уурын станцын сүлжээг өргөжүүлэх, суперкомпьютерийг шинэчлэх, Цаг уурын Допплерийн радарын сүлжээ байгуулах чиглэлээр хэд хэдэн томоохон арга хэмжээ тусгагдсан бөгөөд энэ онд Чингэлтэй хайрханы Зүрх уулын оройд Цаг уурын Допплерийн “Х-band”-ын радарын станцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажил хийгдэж байгаа болон Цаг уур, орчны шинжилгээний газрын хашаанд Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн 10 давхар байр, Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн конторын байрыг шинээр барьж дуусган энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна.

                       Монгол оронд дэлхий нийтийг хамарсан цар тахал “COVID-19”-ийн тархалт  нэмэгдэж, улсын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдал үүсэж, төсөв, эдийн засаг хүндэрсэн шинэ сорилт, хүндрэл бэрхшээлтэй нэгэн оныг бид хамтдаа даван тууллаа. Энэ онд ч гэсэн энэхүү цар тахал тодорхой хугацаанд оршин тогтнож, эрдэнэт хүний амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.  

           Иймд 2021 онд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, удирдлага, зохион байгуулалттай ажиллаж, албан хаагч бүр өөрийн эрхэлж буй ажилдаа чин сэтгэлээр хандаж, Монгол улсын Ус цаг уурын албыг хөгжүүлэхийн төлөө авьяас чадвар, мэдлэг, оюунаа дайчлан ажиллаж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

             Монгол улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойг тохиолдуулан энэ албаны тулгын чулууг тавилцсан ахмадууд, өнөөг хүртэл гал голомтыг нь бадрааж яваа ус цаг уурчид, инженер, техникийн ажилтнууд Та бүхэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа  чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

     ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА, ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.ЭНХТҮВШИН

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/