Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын илгээлт-“Далай, цаг агаар ба уур амьсгал”

2021 оны 03 сарын 22

“Далай, цаг агаар ба уур амьсгал”

2021 оны Дэлхийн Цаг уурын өдөр

Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын  илгээлт

2021 оны Дэлхийн цаг уурын өдрийг “Далай, цаг агаар ба уур амьсгал” сэдвийн доор тэмдэглэж байна. Энэ сэдвийг онцолсон нь дэлхийн систем дэх далай, цаг агаар, уур амьсгалын харилцан уялдаанд Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) анхаарлаа хандуулж байгаа явдал юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далай бүхэлдээ дулаарч, цаашлаад цаг агаарт маш ихээр нөлөөлж байна. ДЦУБ-аас жил бүр гаргадаг Дэлхийн уур амьсгалын төлөв байдлын тайланд дурдсанаар 2020 он Номхон далайд Ла Нинагийн үзэгдлийг эс тооцвол хамгийн дулаан гурван жилийн нэг байлаа. Мөн түүнчлэн 2011-2020 оны хоорондох сүүлийн арван жил хамгийн дулаан арван жил байсан. 

Далайн температур нь дээд түвшинд хүрч, улам бүр хүчиллэг болсоор байна. Хойд хагас бөмбөрцөг, Гринландын болон Антарктикийн мөсөн голууд хайлж, далайн усны түвшин улам хурдацтай нэмэгдэж байна.

Өнгөрсөн жил дэлхий даяар ой хээрийн түймрийн улирал уртсан удаан үргэлжилсэн гантай жил тохиосон билээ. Жишээлбэл, Австралид гамшгийн хэмжээнд хүрсэн ой хээрийн түймэр нь тухайн улирлыг хуурай болоход нөлөөлсөн далайн температуртай холбоотой байв.

Далайн температур дулаан байсан нь Атлантын далайн хар салхины улирлын хамгийн дээд хэмжээнд хүрэхэд, мөн Энэтхэгийн далай болон Номхон далайн өмнөд хэсэгт ер бусын хүчтэй тропикийн циклон үүсэхэд нөлөөлсөн. Эдгээр бүс нутагт болсон шуурганы хохирол нь далай тэнгисийн асар их хүч нь эрэг орчмын ард иргэдэд ямар их аюултай болохыг харуулсан юм.

Тропикийн гаднах далайн шуурга нь хүний амь нас, ачаа тээвэрт аюул учруулж усан онгоцуудыг сүйрэлд хүргэсээр байна.

2020 онд Арктикийн мөсөн далайн мөсний хэмжээ нь хамгийн бага хэмжээтэй байсан жилүүдийнхээс ч бага байлаа. Далайн мөс хайлсны улмаас үүдсэн мөсний аюултай үзэгдэл болон далайн эргийн үерийн улмаас туйлын нутгийн оршин суугчид ихээхэн хохирол амсаж байна.

Үүнтэй холбогдуулан ДЦУБ далай тэнгисийн талаарх судалгаа, ажиглалт, урьдчилсан мэдээ, үйлчилгээг агаар мандал, газар, цэвдэгт мандлын нэгэн адил дэмжсээр ирсэн. 

Далайн талаарх мэдээ, мэдээллийн дутмаг байдал нь цаг агаарын урьдчилсан мэдээг урт хугацаагаар нарийвчлан гаргах, мөн илүү улирлын чанартай урьдчилсан мэдээ гаргахад хүндрэл учруулдаг. ДЦУБ-аас 2020 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Мэдээ, мэдээллийн талаарх бага хурлаас мэдээ, мэдээлэл дутагдалтай,  ялангуяа далайн талаарх мэдээ дутмаг байгааг цохон тэмдэглэсэн байна. Энэ хурлаар эдгээр мэдээ, мэдээллийн эдийн засгийн нийт үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн системийн мэдээ, мэдээлэлд үнэгүй, нээлттэй нэвтрэх хэрэгтэйг онцолсон юм.

ДЦУБ нь манай дэлхийн системийн нэг хэсэг болох далайг илүү сайн танин мэдэх, ажиглах, урьдчилан мэдээлэх зорилгоор ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын Далай судлалын комисс зэрэг олон байгууллагуудтай хамтран ажилладаг.

Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь далай тэнгисийн эргээс 100 км-ийн зай дотор амьдардаг тул ард иргэдийг эрэг орчмын гамшгаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. ДЦУБ болон түүний Гишүүн орнууд далай тэнгисийн эрэг орчмын бүс нутгийн удирдлагыг дэмжих, тэдгээрийн гадаад нөлөөллийг даван туулах чадварыг сайжруулах, мөн түүнчлэн Олон төрлийн гамшгийн аюулаас  сэрэмжлүүлэх системийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Дэлхийн худалдааны бараг 90 орчим хувь нь далайгаар дамжин өнгөрдөг бөгөөд далайн цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй холбоотой аюулд өртдөг. ДЦУБ нь далайд хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын төлөө стандартчилагдсан мэдээлэл, урьдчилсан болон сэрэмжлүүлэг мэдээгээр хангахын тулд Олон улсын далайн байгууллага болон Олон улсын Ус зүйн байгууллагатай хамтран ажилладаг. 

Ирэх арван жил нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, түүнд дасан зохицох арга замыг шийдвэрлэхэд нэн чухал жилүүд байх болно. 

ДЦУБ нь энэхүү ажилд хүчин чармайлт гаргахад туслалцаа үзүүлж, Earth Shot Prize (2021-2030) шагналд нэр дэвшсэн албан ёсны Нэр дэвшигчийн хувьд байгаль орчин, түүний дотор далай, уур амьсгалын талаарх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг эрэлхийлж байна.

Энэ жил НҮБ-ын Тогтвортой хөгжлийн төлөө Далайн шинжлэх ухааны арван жил (2021-2030) эхэлж байгаа нь ДЦУБ-ын хувьд чухал ач холбогдолтой юм. ДЦУБ нь "аюулгүй далай", "урьдчилан мэдээлэгдсэн далай", "тунгалаг далай" гэсэн Арван жилийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах үүрэг хүлээж байна.

ДЦУБ нь түнш байгууллагуудтайгаа хамтран Дэлхийн системийн шинжлэх ухааны ололтыг үйлчилгээнд өргөнөөр нэвтрүүлэхийг эрмэлзэж байна.

Цаг агаар болон уур амьсгалыг танин мэдэхийн тулд бид далайгаа танин мэдэх ёстой. Бид нийгмийн эмзэг бүлгүүдийг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн суурь хөтөлбөр, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр болон жижиг арлуудын хөгжиж буй орнуудын “SAMOA Зам” хөтөлбөрийг дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно.

ДЦУБ нь өөрийн Гишүүн орнуудын нэн тэргүүний асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ирэх онд хэд хэдэн чухал дэлхийн санаачлагыг тэргүүлэх болно:

  1. Дэлхийн ажиглалтын суурь сүлжээг сайжруулах, ялангуяа буурай хөгжилтэй орнууд болон жижиг арлуудын хөгжиж буй орнуудын хувьд цаг агаар, уур амьсгалын ажиглалтыг тогтмолжуулахын тулд Системчилсэн ажиглалтын санхүүжилтийн шинэлэг механизмыг бий болгох нь чухал байна.
  2. Хоёрдугаарт, устай холбоотой Тогтвортой хөгжлийн зорилт 6-гийн үйл ажиллагааг хурдасгахын тулд усны нөөц ба уур амьсгалын асуудлаар эвсэл байгуулж байна.
  3. Гуравдугаарт, ДЦУБ-ын бүх Гишүүн орнуудын олон төрлийн гамшгийн аюулаас  сэрэмжлүүлэх систем болон үйлчилгээг сайжруулахаар зорьж байна.

 

Та бүхэнд Дэлхийн цаг уурын өдрийн баярын мэнд хүргэе.

 

 

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/