Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөлгөөнийг нээж Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн тавьсан илтгэл /Бүрэн эхээрээ/

2021 оны 01 сарын 28

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын

удирдах ажилтны семинар, зөвлөлгөөнийг нээж Цаг уур, орчны

шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн тавьсан илтгэл

2020 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮН, ЦААШДЫН ЗОРИЛТ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газар нь өнгөрсөн онд Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, шийдвэрийг  хэрэгжүүлэх, салбарын шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлыг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, ус цаг уур, орчны мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах, байгаль цаг агаарын болзошгүй аюул гамшгаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сэрэмжлүүлэх зорилтоо амжилттай ханган биелүүллээ.

Энэхүү тайлан илтгэлд тус салбарын хэмжээнд өдөр тутам хийгддэг шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын дүн, 2020 онд хийгдсэн төсөл, арга хэмжээний биелэлт, өнөөдөр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замын тухай, цаашид 2021 онд дэвшүүлж буй зорилтын талаарярих болно.

Өнөөдөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд цаг уурын шинжилгээний 137 өртөө, 181 харуул ажиллаж байгаа бөгөөд өртөөдийн 90 гаруй хувь, харуулуудын 10 гаруй хувь нь цаг уурын автомат станцаар хангагдаж, өнөөдрийн байдлаар нийтдээ салбарын хэмжээнд 185 автомат цаг уурын станц ажиллаж байна.

Цаг уурын шинжилгээний өртөө, харуулууд 2020 онд хэвийн жигд ажиллаж, өдөр тутмын шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлууд батлагдсан хөтөлбөрийн дагуу тасралтгүй хийгдэж, салбарын хэмжээнд техник, технологийн шинэчлэл эрчимтэй хийгдлээ.

НЭГ. Цаг уурын холбоо, мэдээллийн сүлжээ, багаж, тоног

төхөөрөмжийн хангалтын талаар

 2020 онд салбарын холбоо, мэдээллийн сүлжээ хэвийн, найдвартай ажиллаж, мэдээллийг дамжуулах, боловсруулах, хяналт тавих системийн үйл ажиллагаа доголдолгүй ажиллаж ирлээ.

ДЦУБ-с 2020 оны 1 дүгээр сарын 15-наас цаг уурынажиглалтын мэдээг BUFR кодоор бүрэн солилцохоор шийдвэрлэсний дагуу тус газраас шуурхай Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, бүсийн төвүүдэд дамжуулж байгаа ажиглалтын мэдээг BUFR кодод шилжүүлэх, Бээжингийн бүсийн төвөөс ирж байгаа BUFR мэдээг хөрвүүлэх программ хангамжийг шинэчлэн боловсруулж, салбарын хэмжээнд шуурхай үйл ажиллагааг тасралтгүй хангах боломжийг бүрдүүлэн ажиллалаа.

Япон улсын Токио хотын цаг уурын бүсийн төв SFTPпротокол ашиглан мэдээ дамжуулах шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор цаг уурын төвтэй холбогдох холболтыг шинэчлэх ажлын хүрээнд SFTP протокол ашиглан холбогдох тохиргоог MSS сервер, роутер, галт хананд бүрэн хийж, 10 дугаар сарын 27-ноос шинэ сувгаар мэдээгээ дамжуулж, бүрэн шилжиж ажиллалаа. Энэ суваг нь Бээжин, Новосибирскийн бүсийн төвүүдийн нөөц сувгаар ажилладаг бөгөөд дээрх сувгийн ажиллагаа доголдсон тохиолдолд бүх хугацааны мэдээг нөхөн авч мэдээний тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах үүрэгтэй юм.

Бээжингийн цаг уурын бүсийн төвтэй VPN технологи ашиглан интернэтээр мэдээ солилцох ажлын хүрээнд VPN сүлжээнд холбогдоход зориулан Циско роутерийг худалдан авчтохиргоо хийж, Бээжингийн цаг уурын бүсийн төвтэй холбогдон турших ажил хийгдэж байна.

Видео хурлын систем болон орчны ажиглалтын камер суурилуулсанаар Улаанбаатар хот болон орон нутгийн интернетийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлага бий болсонтой холбогдуулан Улаанбаатар хотын интернэтийн урсгал 70 mbps байсныг 80 mbps,  орон нутгийн интернетийн урсгал 5 mbps байсныг 8 mbps болгон нэмэгдүүлсэн нь төрөл бүрийн цахим технологи нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлсэн.

2019 оноос эхлэн тус газар нь мөнгөн уст термометрээс татгалзаж автомат хэмжих хэрэгсэлд шилжих ажлыг эхлүүлсэн бөгөөд 2020 онд БНХАУ-ын Хуаюун компаниас 50 ширхэгагаарын чийг, температурын автомат хэмжих хэрэгслийг худалдан авч, шалгалт туршилтын ажлыг хийж энэ оны эхээр орон нутагт хуваарилан хүргэх бөгөөд цаашид энэ онд багтаан үлдэж буй цаг уурын өртөө, харуулыг чийг, температурын автомат хэмжлийн хэрэгслээр хангахаар худалдан авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусган батлуулаад байна.

2020 онд автомат станцын мэдээг 5 минут тутамд хүлээн авах программ хангамжийг шинэчлэх ажлыг зохион байгууллаа.

Цаг уурын автомат станцын мэдээг 15 минут тутамд шууд хүлээн авах ажлыг 2014 оноосхэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2020 оны 4-р сараас цаг уурын автомат станцын мэдээг 5 минут тутамд хүлээн авах, мэдээний тоог олшруулах,автомат станцын үйл ажиллагааны мэдээлэл болон бусад нэмэлт мэдээлэл хүлээн авах боломжтой болгон шинэчлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүллээ.

Мөн мэдээ дамжуулалтын системийг шинэчилж бүтцийн болон утгын алдааг илрүүлэн мэдээ дамжуулалтын хурд болон чанарыг эрс сайжруулав.

2018 оноос ашиглаж эхэлсэн “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем”-ийн хөгжүүлэлтийн ажлын хүрээнд Станц, харуулын AK-01 код мэдээг тайлах явцад 12 төрлийн анхааруулга, 28 төрлийн алдааны мэдээллийг шалгаж, ажиглагч алдаагүй мэдээллийгдотоодын болон олон улсын мэдээ солилцоонд гаргах боломжийг бий болголоо.

Байгаль орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд мөрдөх Менежментийн тогтолцооны баримт бичиг, түүнийг дагалдан гарах 14 журам, Усны чанарын хяналт шинжилгээний 7 арга, Хөрсний чанарын хяналт шинжилгээний 1 аргыг боловсруулж, MNS стандарт болгонбатлуулснаар төв орон нутгийн лабораториудын итгэмжлэлд хамрагдах нөхцөл болон шинжилгээний ажлын чанарт ахиц гарах боломжийг бий болголоо.

2021 онд улсын сүлжээний өртөө, харуулуудыг агаарын чийг, температурын автомат хэмжих хэрэгслээр 100 хувь хангах, цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагаанд хэрэглэж буй пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот орчимд Хband-ын допплерийн радарыг суурилуулж үйл ажиллагаандаа ашиглахаар төлөвлөж байна.

Интернэтийн сүлжээнд тулгуурласан “УС ЦАГ УУР, ОРЧНЫ АЖИГЛАЛТЫН МЭДЭЭГ ДАМЖУУЛАХ, ХЯНАХ СИСТЕМ”-ийг шинээр ашиглалтад оруулснаар ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээг 137 станц, 181 харуул, 150 усны харуулаас шууд хүлээж авах, хяналт тавих боломжийг бүрдүүлж, цаг уурын ажиглалтын станц ба харуул дээр интернет орчин бүрдүүлж, Вебд суурилсан цаг уурын ажиглалтын мэдээ хүлээн авах системийг бий болгож, автоматаар мэдээг интернетэд тулгуурлан бүртгэж оруулах, хүлээн авах системийг бий болгож, бодит хугацааны ажиглалтын мэдээг хардаг байх зэрэг олон бодит боломжууд нээгдсэн болно.

БНХАУ-ын цаг уурын газрын мэргэжилтнүүдтэй хамтранFY дагуулын мэдээ боловсруулах шинэ SWAP программ хангамжийг суурилуулж, FY4A хиймэл дагуулын мэдээг 16 сувгаар авч, 32 бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой болсон нь цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, шуурхай үйлчилгээний ажилд чухал шаардлагатай арга хэмжээ болсон байна.

SIBELIUs төслийн хүрээнд MODIS системийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж Aqua, Terra, NPP, NOAA дагуулуудаас гадна дараагийн үеийн NOAA20 буюу JPSS1, Metop-B/C гэх мэт дагуулуудын мэдээ авдаг болсон ба цаг агаарын урьдчилсан мэдээнд босоо урсгалын бодолтууд хийгдэж байна.

ДЦУБ-аас цаг уурын сүлжээг Интернет технологи руу шилжүүлэх зөвлөмжийг гаргасан ба манай ЦУОШГ-ын сүлжээ ч гэсэн энэ чиглэлд өөрчлөгдөж байна.

Монгол орны бүх аймаг, сумдыг холбосон шилэн кабелийн сүлжээ нь цаг уурын ажиглалтын станц, харуулуудыг нэгдсэн нэг сүлжээнд холбон сүлжээний ажиллагааны чанар, найдвартай байдлыг ханган ажиллах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд дүрст хурал явуулах, мэдээллийн нэгдсэн сантай болох, мэдээллийг ямар ч саадгүй дамжуулах, дотоод программ хангамж ашиглах, мэдээллийн аюулгүй байдал сайжрах, интернетийн нэгдсэн гарцтай болох зэрэг олон талын ач холбогдолтой, шинэ шинэ боломжууд нээгдэж байна.

 2020 оны 1 дүгээр улиралд төв байрны хурлын зааланд 4.5*2 метрийн хэмжээтэй видео дэлгэцийг шинээр суурилуулж, газар болон харьяа бүх байгууллагуудын хэмжээнд нэгдсэн цахим хурал хийх, цаг агаарын мэдээ хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Сүүлийн 2 жилд аймгийн төвүүдэд өндөр ялгах чадвартай IP камеруудыг суурилуулж ашиглалтад бүрэн оруулснаар цаг агаарын урьдчилсан мэдээг нарийвчлах, фронтын шилжилтийг тооцох, технологийн хяналт тавих, зуны улиралд цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх экспедици ажиллах үед шуурхай мэдээллээр хангах боломжтой болж байна.   

Хоёр. Урьдчилан мэдээлэх салбарын бүтээгдэхүүн,

                        үйлчилгээний талаар        

Өнгөрсөн онд Урьдчилан мэдээлэх салбарын хувьд технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, урьдчилсан мэдээг орон зай, цаг хугацааны хувьд нарийвчлах жил болгох зорилт тавин ажилласан байна. Энэ зорилтын хүрээнд салбарын хэмжээнд “SYNOP” мэдээний автомат боловсруулалтыг хийж, урьдчилсан мэдээ гаргахад нэн шаардлагатай мэдээ мэдээллийг нэгтгэн, боловсруулж, гарсан бүтээгдэхүүнийг төв орон нутгийн хэмжээнд ижил түвшинд харж, ашиглах боломжтой веб-д суурилсан “Шуурхай мэдээлэл, боловсруулалтын шинэ систем”-ийн эхний хувилбарыг үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

Мөн УБ хотын хойд болон зүүн чиглэлд, Хуурай мухар, Хужир буланд цаг уурын хэмжлийн 2 автомат станцыг байршуулснаар УБ хотын мэдээг дүүргүүдээр нарийвчлан гаргах боломж бүрдэж, оны сүүлээс УБ хотын 7 байрлалд 3 цагаас 5 хоногийн урьдчилсан мэдээг дахин гаргаж эхэлсэн нь хүн амын талаас илүү хувь амьдардаг УБ хотын иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ боллоо.

2020 онд нийт 11 төрлийн 91 аюултай болон гамшигт үзэгдэл болсон бөгөөд үүнээс хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо, мөндөр, аянга, их бороо хамгийн олон удаа ажиглагдсан байна.

Эдгээр үзэгдлээс Анхааруулах мэдээг давхардсан тоогоор 803 удаа, цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ (СМ)-г 76 удаа, УСМ-г цасан шуурга, их салхи, их цасаар нийт 11 удаа гаргаж олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, холбогдох байгууллагуудад хүргэж үйлчилсэн байна. Эдгээр аюултай болон гамшигт үзэгдлээс СМ болон УСМ-ний таарц 69.7%, онч нь 92.0% байсан нь өнгөрсөн он болон ОЖД-аас 8-9%-иар өндөр байна.

Урьдчилсан мэдээний чанарын хувьд энэ онд нэгээс тав хоногийн мэдээний таарц өнгөрсөн оноос 0.2-2.0%-иар, орон нутаг дахь салбаруудаас гаргаж буй мэдээний таарц өнгөрсөн жилтэй харьцуулахад 0.6-0.8%-иар бага байсан боловч олон жилийн дундажтай харьцуулахад 0.5-1.5%-иар их байсан байна. Өнгөрсөн оноос бага байгаагийн нэг шалтгаан нь энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулахад хур бороо элбэг, нөгөөтэйгүүр КОВИД-19 цар тахлаас шалтгаалж онгоцны нислэг цөөрсөн нь гадаадын болон дотоодын загваруудын прогнозын хугацаа уртсахад урьдчилан тооцоолох чадамж буурч байсантай холбоотой гэж дүгнэж байна.

Урьдчилсан мэдээний таарц жилээс жилд сайжирчбайгаа хэдий ч энэ мэдээ, мэдээллийг,бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хүргэх нь гол анхаарах асуудлын нэг байдаг. Ийм ч учраас оны эхэнд аймгуудийн УЦУОШ төвүүдэд 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг татан авч хөрвүүлэх, бичлэг болгон боловсруулах программ хангамжуудыг бэлтгэж тарааснаар цаг агаарын урьдчилсан мэдээг мэдээллийн олон сувгуудаар түгээх боломжтой болсон байна. Дээрх мэдээллийг тогтмол бэлтгэж хэрэглэгчдэд хүргэх чиглэлээр Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймгууд ихээхэн идэвх санаачлага гарган ажиллаж байна.

ДЦУБ-аас 2020 оны 1 дүгээр сарын 15-наас цаг уурынажиглалтын мэдээг BUFR кодоор бүрэн солилцохоор шийдвэрлэсний дагуу бүсийн төвүүдэд дамжуулж байгаа ажиглалтын мэдээг BUFR кодод шилжүүлэх, бүсийн төвүүдээс ирж байгаа BUFR мэдээг хөрвүүлэх программ хангамжийг дотоодын мэргэжилтнүүдийн хүч, оролцоотойгоор яаралтай боловсруулж, шинэчилснээр урьдчилан мэдээлэх салбарын шуурхай үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж ажиллалаа.

Хэрэглэгчдийн мэдээлэл хүлээн авах чиг хандлага хурдацтай өөрчлөгдөж байна.

Цаг уурын байгууллагаас 2020 онд байгууллагын албан ёсны нүүр хуудсаар /FACEBOOK/ 1166 удаагийн төрөл бүрийн мэдээллийг бэлтгэн хүргэсэн ба тус хуудасны хэрэглэгчийн тоо 48.000 мянга болсон байна. Мөн цаг агаар веб хуудсанд энэ онд давхардсан тоогоор 7 сая гаруй хэрэглэгчид хандалт хийж мэдээ, мэдээлэл авсан байгаа нь ус, цаг агаар, орчны мэдээ, мэдээллийн хэрэгцээ улам ихсэж байгааг, нөгөө талаас нь авч үзвэл бидний ажлын үр дүнг харуулж байна.

Энэ хэрэгцээг цаг үе, технологийн хөгжил дэвшилтэй нийцүүлэн хангах зорилгоор 2020 онд тус газрын дэргэдэх интернетэд суурилсан ТV-студийг  өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж ажиллалаа. Энэ зорилтын хүрээнд тус      газар нь БНХАУ-ын Цаг уурын газарт хандан хүсэлт тавьсны дагуу хамтын ажиллагааны протоколын хүрээнд Мэдээллийн студийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Хятадын Цаг уурын газраас 2020 оны 12 дугаар сард Монголын талд буцалтгүй тусламж болгон хүлээлгэн өгөөд байна.

Энэхүү студийг 2021 оны эхний хагаст суурилуулж, ашиглалтад оруулах бөгөөд тус газраас TV студийн хэрэгцээнд зориулж 2021 онд цаг агаарын мэдээллийн тусгай программыг гадаадаас худалдан авч суурилуулан, студийн орон тоог батлагдсан төсвийн хүрээнд зохицуулж, цаг агаарын мэдээний хөтлөгч нарыг бэлтгэн ажиллуулах, 2021 оны 8 дугаар сард газрын төв оффисийн өргөтгөл ашиглалтад орсны дараа студийн өрөөг шинээр тохижуулж, тоног төхөөрөмжийг суурилуулж, цаашид теле студийг  24/7 ажлын горимоор ажиллуулах асуудлыг судалж, батлагдсан төсөв, орон тоонд багтаан шийдвэрлэх болно. 

            Жилээс жилд тусгай хэрэгцээний мэдээний эрэлт өссөөр байна. 2019 онд  12 байгууллагатай гэрээ байгуулан тэдгээрийн хүсэлт, шаардлагын дагуу бодит болон урьдчилсан мэдээгээр үйлчилж байсан бол энэ жил 21 байгууллагатай гэрээтэй ажиллаж 1600 удаа 20 гаруй сая төгрөгийн төлбөртэй мэдээ, мэдээллээр үйлчилсэн байна. 

           Салбарын хэмжээнд цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх веб-д суурилсан нэгдсэн систем, цаг агаарын аюултай үзэгдлийн бүртгэлийн систем, Видео конференцийн системийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсний үр дүнд  цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн урьдчилан илрүүлэлт, мэдээллийг олон нийтэд шуурхай, ойлгомжтой хүргэх байдалд ахиц дэвшил гарч байна.

             Хэрэглэгчдийн мэдээлэл хүлээн авах суваг хурдацтай өөрчлөгдөж байна.            Ус цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээллийг олон нийтэд мэдээллийн олон сувгийг ашиглан хүргэх чиглэлээр зарим аймгууд идэвх санаачлага гарган ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй.

            2020 онд аймгуудын Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн мэдээлэл түгээх чадавхийг сайжруулах зорилгоор аймаг бүрт 3 хоногийн урьдчилсан мэдээг бичлэг хэлбэрт хөрвүүлэх, боловсруулах программ  хангамжийг боловсруулан хүргүүлж, ашиглаж байна.            

         ГУРАВ. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх талаар

           2020 онд Цаг агаарт  зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд оролцсон 45 экспедиц, 36 газрын генератор, 3 радарын явуулын станцын  өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулалт хийж,  аюулгүй ажиллагааны заавар, дүрэм журмаар  ханган ажиллалаа. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнд Монгол орны нийт газар нутгийн 80% -д зуншлага хэвийн болж, ой хээрийн түймэр гарах нөхцлийг бууруулж ажиллалаа.

Иргэний нисэхийн ерөнхий газар болон Үндэсний Аврах бригадтай байгуулах хамтран ажиллах гэрээг шинэчлэн батлуулж, гэрээний гүйцэтгэлийг бүрэн хангаж зөрчилгүй ажилласан бөгөөд ОБЕГ-ын харъяа Аврах үндэсний ангид байрлалтай пуужин хадгалах өрөөнд засвар, үйлчилгээг хийж, тохижууллаа.

БНХАУ-ын “Beijing Auxin Chemical Technology” компанитай байгуулсан борооны пуужинг импортоор худалдан авах 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №20MN11EA01LYJ0408 тоот гэрээний дагуу 2000ш пуужинг Замын-Үүд боомтоор оруулж ирж, төв орон нутгийн экспедицүүдэд пуужингийн хангалт хийв.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын ерөнхий менежертэй хамтран ажиллах 20/02-06 тоот гэрээг байгуулан ажиллаж, Улаанбаатар хот орчмын бүс нутагт тус газрын “Богд бороо” экспедиц нийт 6 удаа гарч ажилласнаар нийслэл орчмын бүс нутгийн чийгийн хангамжийг нэмэгдүүлж, зуншлага хэвийн болох нөхцлийг бүрдүүлж ажиллалаа.

Тус газар нь ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай “Ажил гүйцэтгэх” 200707/06-240/цу-13 тоот гэрээг байгуулж, говь, тал, хээрийн бүсийн ган, цөлжилтөд нэрвэгдэж буй бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай явуулснаар зарим аймаг, сумдын бэлчээрийн төлөв байдал, зуншлага сайжрахад чухал нөлөө үзүүллээ.

ДӨРӨВ. Архив, мэдээллийн сангийн талаар

Архив, мэдээллийн санг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээллээр үйлчлэх чиглэлд тодорхой ахиц, дэвшил гарч байна.

ЦУОШГазрын даргын 2017 оны А/13 тоот тушаалын дагуу 2017-2020 он буюу сүүлийн 4 жилийн хугацаанд цаг уурын 108 өртөөний уур амьсгалын горимын 1985-1998 оны мэдээг аймаг, хотын УЦУОШТ-ийн зохих мэргэжилтнүүдээр цаасан болон цахим баримтаас шивэлт хийлгүүлэх, шивсэн мэдээллийг УЦУОСМХ-ийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсээр шалгуулж баталгаажуулах гэсэн томоохон ажлыг зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд 108 өртөөний цаг уурын анхан шатны ажиглалтын олон жилийн мэдээ, файлыг шинээр үүсгэж, шалгаж баталгаажуулан АМСХ-т хүлээн аваад байгаа ба эдгээр мэдээллийг Уур амьсгалын мэдээллийн сангийн удирдлагын систем /CliWare-2.1/-д задлан оруулах ажил амжилттай явагдаж байна. Бид 1985-1998 оны эдгээр мэдээг нөхөн бүрдүүлж, мэдээллийн санг баяжуулснаар шалгаж баталгаажсан мэдээлийн санг урагш нь 15 жилээр сунгаж, 137 өртөөний сүүлийн 36 жилийн шалгагдаж баталгаажсан мэдээллээр хэрэглэгчийг үйлчлэх боломж бүрдэж байна.

 ТАВ. Төрийн захиргаа, хүний нөөц, дотоод хяналтын талаар

Салбарын албан хаагчдад мэргэшлийн зэргийг шинээр олгох, зэрэг ахиулах, баталгаажуулан хугацаа сунгах ажлыг зохион байгуулсан бөгөөд нийт 560 албан хаагчаас мэргэшлийн зэргийн шалгалт авч, 72 хувь буюу 401 албан хаагч мэргэшлийн зэргээ ахиулж, шинээр зэрэг авснаар мэргэшсэн төрийн албан хаагчдын тогтвортой, хариуцлагатай ажиллаж боломж нэмэгдэж байна.

Шинэ коронавирусийн халдварт цар тахал тархсантайхолбоотой хууль, Засгийн газрын болон Улсын онцгой комиссын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулан албан хаагчдыг зайнаас ажиллуулах, ажлын цагийг хорогдуулах, ээлжийн горимоор ажиллуулж, ажлын байрныариутгал халдваргүйжилтийг байнга хийж, албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, өрхийн орлогыг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн.

Харъяа 25 байгууллагын төсвийн шууд захирагч нарын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд 20 төрлийн 3874 мэдээллийгоруулахаас 96% -ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 87 мэдээг хоцроосон байна. Хангалтгүй байгаа аймгууд гэвэл Хэнтий аймгийнУс, цаг, уур орчны шинжилгээний төв нийт 149 мэдээлэл оруулах ёстойгоос 102 мэдээлэл хугацаанд нь оруулж, 40 мэдээллийг хугацаа хоцруулан, 2 мэдээллийг оруулаагүйгээс хэрэгжилт 71.8 хувийн, “Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн” 135 мэдээлэл хугацаанд нь оруулж, 8 мэдээллийг хугацаа хоцруулан, 6 мэдээллийг оруулаагүйгээс хэрэгжилт 90.6 хувийн, Өвөрхангай аймгийнУс, цаг, уур орчны шинжилгээний төв 140 мэдээлэл хугацаанд нь оруулж, 7 мэдээллийг хугацаа хоцруулсан, 2 мэдээллийг оруулаагүйгээс хэрэгжилт 93 хувийн гүйцэтгэлтэй байгаад цаашид анхаарч, зөрчлийг арилгаж, байгууллагын удирдлагын зүгээс тавих хяналтыг сайжруулж ажиллах шаардлагатай байна.

Тус газар нь “Эйбл Софт” ХХК-ийн байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн Able системийг 2019 оноос эхлэн хэрэглэж,хэрэглэгч тус бүрээр төлбөр төлж байсныг өөрчилж, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газраас нэвтрүүлж байгаа “Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем /erp.e-mongolia.mn/”- ийг үнэ төлбөргүйгээр хэрэглэж эхлээд байна.

ЗУРГАА. Ус цаг уурын судалгаа, шинжилгээний ажлын талаар

2020 онд албаны хэмжээнд ус цаг уур, орчнысудалгаа, шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч, тус газрын харьяа УЦУОСМХ-ээс судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, арга зүй, технологи боловсруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь зохих үр дүнгээ өгч байна.

2020 онд Cray суперкомпьютерийн системийг шинэчлэх ажил амжилттай хийгдэж,8 Гега битийн өндөр хурдны сүлжээний свитчийн тэжээлийн блок гэмтэж ажиллахгүй болсныг БНСУ-аас захиалан гэмтэлтэй тэжээлийн блокийг сольж хэвийн ажиллуулсан. Мөн суперкомпьютерийн Firewall компьютерийг шинэчлэн Dell Optiplex 7060 компьютерийг суурилуулан систем, сүлжээ, тохиргоонуудыг хийн хэвийн ажиллуулж суперкомпьютерийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллалаа.

Цаг агаарын тоон прогнозын бүс нутгийн WRF загварыг ашиглан салхины чиглэл, хурдыг 3 цаг тутамд 144 цаг хүртэл урьдчилалтай прогнозлох шинэ аргыг туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Мөн WRF шуурхай ажиллагааны загварыг Монгол орны хэмжээгээр 5 км, Улаанбаатараар хотоор 1 км орон зайн нарийвчлалтай тооцоолох технологийг 7-р сарын 1-нээс шуурхай үйлчилгээнд ашиглаж эхэлсэн байна. Цочир хүйтрэлтийн прогнозын аргыг туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан сар улирлын олон загваруудын ансамбль прогнозын аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. Бүс нутгийн уур амьсгалын загварын тооцоонд суурилсан ажиглалтын 10 км нарийвчлалтай грид мэдээг үүсгэв.

Мөстөл хайлалтын загварыг ажиллуулж, 1980-2018 оны мэдээгээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хайлсан талбайн хэмжээг тодорхойлж, 4000 орчим нууруудын талбайн өөрчлөлтийг үнэлж, усны нөөцийн үнэлгээг хийлээ.

Бэлчээрийн үндсэн үзүүлэлтээр 30 жилийн нормыг тооцоолж, Агро дундаж кодыг шинэчлэн програмчилж, уур амьсгалын 1991-2020 оны нормыг үндсэн үзүүлэлтээр 137 станц, 181 харуулаар тооцоолон гаргалаа.

Уур амьсгалын ногоон сан, НҮБХХ-ийн төслийн санжүүжилтээр суперкомпьютерийг шинэчлэх олон улсын төсөл батлагдаж, 2021 онд суперкомпьютерийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр хуучин системээсээ 10 дахин өндөр хүчин чадалтай систем үйлдвэрлэлд нэвтэрч тоон загварчлалын судалгаа, арга сайжруулах, орон зайн өндөр нарийвчлалтай цаг агаар уур амьсгал, агаарын бохирдлын загваруудыг ажиллуулах, ансамбль прогнозын арга үйлдвэрлэлд нэвтрэх бололцоо бүрдэж байна.

Мөн уур амьсгалын мэдээлэл, үйлчилгээний тогтвортой, байнга ажиллах систем, платформыг бий болгож, манай орны байгаль, нийгэм, эдийн засгийн салбаруудыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох суурь мэдээ, мэдээллээр хангах ажил хийгдэж байна.

ДОЛОО. Орчны хяналт шинжилгээний ажлын талаар

2020 онд агентлагийн чиг үүрэг, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүрээлэн байгаа орчны чанарын төлөв байдал, бохирдлын эх үүсвэрийн дүн мэдээг боловсруулж, үнэлгээ дүгнэлт  өгч, орчны чанарын дүн, мэдээллээр  төр засгийн байгууллага, олон нийтийг хангах үндсэн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Үүнд:

 Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөний дагуу “Улаанбаатар хотод агаарын бохирдлыг хянах иж бүрэн автомат харуул суурилуулах" ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарын харуулын тоог хоёроор нэмж, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудыг РМ10, РМ2.5 тоосонцор хэмжих автомат багажаар хангаж, агаар орчны хяналт шинжилгээний чадавхийг бэхжүүлэх ажлыг гүйцэтгэлээ.

  Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй цэгүүд болох Баянхошуу, Зурагт, Толгойт, 1-р хороолол, цахилгаан станц орчимд байрлахагаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуулын орчин дахь тухайн үеийн цаг агаарын төлөв байдал, агаарын чанарыг хянах, ажиглах зорилгоор өндөр нягтшилтай, сүлжээний орчинд дүрс дамжуулах боломжтой, олон улсын стандарт шаардлагыг хангасан 5 камер суурилуулж ЦУОШГ-ын төв байрнаас шууд хянаж мэдээлэл, үйлчилгээний ажилд ашиглаж байна.

2021 онд Монгол орны гадаргын ус болон хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын хяналт шинжилгээ, агаар, хөрсний хяналт шинжилгээний 2020 оны дүнг нэгтгэн боловсруулж, үнэлгээ дүгнэлт хийж БОАЖЯ-аас эрхлэн гаргадаг Монгол орны байгаль орчны төлөв байдлын 2019-2020 оны нэгдсэн тайланд тусгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 2019-2020 онд Улаанбаатар хотод суурилуулсан агаарын чанарыг хянах иж бүрэн автомат 3 харуулын мэдээг ард иргэдэд хүртээмжтэй байлгах, төрийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авахад нээлттэй болгож, agaar.mn цахим сайт, О2 гар утасны апликейшнтэй холбуулах ажлыг зохион байгуулж байна.      

НАЙМ. Нислэгийн цаг уурын үйлчилгээний талаар

Өнгөрсөн онд цар тахлын улмаас Монгол улс агаарын хилээ нэлээд урт хугацаагаар хааж, орон нутгийн нислэгийн тоо цөөрч, хязгаарлалтад орсон хүндхэн цаг үед нислэгийн цаг уурын үйлчилгээг ямар нэгэн доголдол сааталгүй, нислэгийн аюулгүй байдлыг хангаж үйлчиллээ.

           Олон улсын 1812, орон нутгийн 4314, онцгой ба тусгай үүргийн 236 нислэгт 16133 бодит ажиглалтын мэдээ, Допплерын радараар үүл, хур тунадасны 2031400 бүтээгдэхүүн, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчмын 3566 урт болон богино хугацааны урьдчилсан мэдээ, мэдээллээр үйлчилсэн байна. Буянт-Ухаа олон улсын нисэх буудал орчмын урьдчилсан мэдээний таарц өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад богино хугацааны урьдчилсан мэдээний таарц 0,05%-иар, урт хугацааны урьдчилсан мэдээний дундаж таарц 0,20%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

            Нислэгт зориулсан цаг агаарын мэдээг олон улсад цаг уурын сүлжээ /GTS/-ээр дамжуулах нөөц сүлжээ бүрдүүлэх зорилгоор Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Message Switch System-ийн ажиллагаа, тохиргоог судлан БНХАУ, ОХУ болон Японы цаг уурын байгууллагууд болон бусад Бүсийн төвүүдтэй хамтран олон удаагийн туршилтыг явуулж, GTS болон Нисэхийн цахилгаан холбооны сүлжээ (AFTN)-ээр дамжигдаж буй мэдээний зөрүүг арилгаж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс GTS сүлжээгээр богино хугацааны урьдчилсан мэдээ, бодит ажиглалтын /METAR, TAF-FC/ мэдээг Вашингтон руу дамжуулж байна. Ингэснээр AFTN сүлжээнд гэмтэл доголдол гарсан үед нислэгийн цаг уурын үйлчилгээний мэдээлэл хангалтын тасралтгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн.

             “Нислэгийн цаг уурын мэдээг интернэт болон дотоод сүлжээний орчинд хүлээн авч, боловсруулах веб суурьтай программ хангамж”-ийг ашиглан урт болон богино хугацааны урьдчилсан мэдээ, SIGMET мэдээнүүдийг дамжуулах туршилтын ажлыг эхлүүлж, 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж байна.

            Чикагогийн конвенцийн 3 дугаар хавсралт, Нэмэлт 78 дугаар өөрчлөлтөөр цаг уурын мэдээлэл солилцоо (IWXXM)-г 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Энэхүү концепцийг хэрэгжүүлэх зорилгоор “Нислэгийн цаг уурын олон улсын мэдээ солилцооны систем хөгжүүлэх” ажлын 44,7 сая төгрөгийн өртөгтэй програм хангамжийн зардлыг шийдвэрлэсэн. 9 сарын 17-нд тендерт Бидсолюшн ХХК шалгарч, 10 сарын 1-ний өдөр гэрээ байгуулан нислэгт зориулсан цаг агаарын бодит болон  буудал орчмын урьдчилсан мэдээ, AIRMET, SIGMET, тропикийн циклон, галт уулын үнс, сансрын цаг уурын мэдээ дамжуулж, хүлээн авах систем программ хангамжийг хөгжүүлж,  тус төвд 12 дугаар сарын 15-нд хүлээлгэн өгсөн.

                   Ес.Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаар 

             Төсвийн төвлөрүүлэн захирагчийн харьяа 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 26 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад 18, аудитын түүвэрт 4 байгууллага хамрагдаж, 4 байгууллагад итгэл үзүүлсэн байна. Үүнд: Өмнөговь, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймгууд итгэл үзүүлсэн байна.

          Аудитад хамрагдсан харьяа бүх байгууллагын санхүүгийн тайланд “Зөрчилгүй” дүгнэлт авсан байна.

             Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа 26 байгууллагын 2020 оны IV дүгээр улирлын “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн биелэлтийг дүгнэхэд нийт 1018 мэдээллээс 989 мэдээллийг хуулийн хугацаанд, 25 мэдээллийг хугацаа хоцорч, 4 мэдээлэл огт оруулаагүй бөгөөд хуулийн хэрэгжилт 97.1 хувьтай байна.

            Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн байрын нээлттэй тендер шалгаруулалтын 1-р багц Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн байр төслийн барилга угсралтын ажлын тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 онд зарлаж, гүйцэтгэгчээр Чинбат ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулсан. 2020 оны жилийн эцсийн байдлаар В1, В2 давхартайгаа нийлээд 7 давхрын барилгын цутгалтын ажил хийгдсэн.

            2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Баянцагаан, Завхан аймгийн Тосонцэнгэл, Увс аймгийн Наранбулаг болон Өмнөговь, Ховд аймгийн Мөст болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумдын цаг уурын өртөөний барилгын ажлын гүйцэтгэгчийг орон нутгийн өмчийн газраас тендер зарлаж, шалгаруулан, барилгын ажил дуусч, Улсын комисс хүлээн авсан байна.

          2020 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөө болон БОАЖ-ын сайдын тушаалын дагуу 9 нээлттэй тендер шалгаруулалт, 9 харьцуулалт, 3 гэрээ шууд байгуулах, болон 4 шууд худалдан авах арга хэмжээг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу зохион байгуулан ажиллаж, 100 хувийн биелэлттэй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/199 дугаар тушаалаар тус газарт эрх шилжүүлсэн 50 сая төгрөгийн төсөвтэй “Баян-Өлгий аймгийн Алтай таван богдод мөстөл, мөсөн голын судалгааны цэг байгуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харьцуулалтын тендерийг зохион байгуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн Алтай таван богдод мөстөл, мөсөн голын судалгааны цэгт зөөврийн байрыг тээвэрлэн хүргэж, суурилуулах газарт их хэмжээний 2021 оны 06 дугаар сард байршлыг сонгон ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

            2021 оны 4 дүгээр улиралд ЦУОШГ-ын төв байр буюу хиймэл дагуулын мэдээ хүлээн авах антений цамхгийн байр ашиглалтад орох ба цаг уурын радарын систем худалдан авах тендер зарлагдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, цаг уурын допплерийн Х-band-ын радарын систем суурилагдана.

             Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт “Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын БОАЖС-ын багцаас УЦУОШ-ийн салбарын их засварт 309 сая төгрөгөөр 5 УЦУОШТ-ийн конторын барилгын дээврийн засвар, 1 УЦУОШТ-ийн конторыг дулаан, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбох, 14 цаг уурын өртөөний барилгын их засвар, 4 цаг уурын өртөөний барилгыг дулааны шугамд холбох, дулааны шугам шинэчлэх ажлыг хийхээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал саяхан гарсан болно. Ингэснээр сүүлийн 5 жилд хийгдэж чадаагүй төв, цаг уурын өртөөдийн барилгын засвар хийгдэж, хэвийн ажиллах боломжтой болно.  

                      АРАВ. Гадаад хамтын ажиллагааны талаар

           2020 оны оны эхээр тус газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-ын Цаг уурын газрын даргын урилгаар Турк улсад ажлын айлчлал хийж, 2 улсын Цаг уурын байгууллагуудын хооронд шууд хамтын ажиллагаа тогтоож, тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар протокол байгууллаа. Турк улсын Цаг уурын газрын дарга 2020 оны 7 дугаар сард Монгол улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон болно. Цаашид Турк улсын Цаг уурын газрын дэргэдэх ДЦУБ-ын “Бүсийн сургалтын төв”-д Монголын мэргэжилтнүүдийг сургах боломжтой болсон. 

           Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар болон БНХАУ-ын Цаг уурын газрын хооронд Цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Хамтарсан ажлын хэсгийн 16 дугаар уулзалтын протоколын хүрээнд шар шороон шуурганы хяналт шинжилгээ, цаг уурын харилцаа холбоо болон мэдээ солилцоо, уур амьсгалын урьдчилсан мэдээ болон үйлчилгээ, цаг уурын ажиглалт, тоног төхөөрөмж болон Монгол улс, БНХАУ-ын Шинжаан Уйгар болон ӨМӨЗО-ны  хилийн бүс нутгийн цаг уурын байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр БНХАУ-ын Цаг уурын газартай хамтран ажиллаж байна.

            ОХУ-ын  Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний газартай Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх 9 дүгээр уулзалтын протоколын хүрээнд хил дамнасан гол мөрний судалгаа, усны горимын мэдээний программ, хангамжийг шинэчлэх, агаар мандлын аэрозолын судалгаа, цаг агаарт зориудаар нөлөөлөх, цаг уурын мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд ОХУ-ын УЦУОШГ-аас санал болгосны дагуу 2 талын ээлжит уулзалтыг 2020 оны 4 дүгээр сард ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулахаар тохиролцоод байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдсон болно. 

           Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газрын  хооронд Цаг уурын салбарт хамтран ажиллах 9 дүгээр уулзалтыг       Ковид-19-ийн цар тахлын улмаас хойшлуулж, Солонгосын Цаг уурын газраас санал болгосны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар зохион байгуулсан бөгөөд 2021-2022 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны асуудлаар протокол байгуулж, Азийн шороон шуурга болон агаарын бохирдлын асуудал, цаг агаарын тоон прогноз, уур амьсгал болон Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.  

         2021 оноос эхлэн Койка байгууллагын санхүүжилтээр жил бүр 15 мэргэжилтнийг БНСУ-ын Цаг уурын газрын дэргэдэх Бүсийн сургалтын төвд сургах төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийтдээ төв, орон нутгийн 45 мэргэжилтнийг сургаж чадавхийг нь дээшлүүлнэ.

            Өнгөрсөн онд ДЦУБ-ын Бээжин дэх бүсийн сургалтын төв болон хоёр талын хамтын ажиллагааны протоколын дагуу давхардсан тоогоор 22 албан хаагч богино хугацааны сургалтад цахимаар хамрагдсан байна.

            Дэлхийн цаг уурын байгууллагын 2020 оны тэтгэлэгт хөтөлбөрт хоёр оюутан тэнцэж, БНХАУ-ын Нанжин хот дахь Мэдээллийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн бакалаврын сургалтад хамрагдаж байгаа болно.

            Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар болон БНХАУ-ын Цаг уурын газрын хооронд Цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Хамтарсан ажлын хэсгийн 17 дугаар уулзалт 2021 онд БНХАУ-д улсад зохион байгуулагдана.

            Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар болон ОХУ-ын  Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний газрын хооронд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх 10 дугаар уулзалт ОХУ-д зохион байгуулагдана.

  Тус газраас 2021 онд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хэмжээнд төв, орон нутгийн ажилтнуудын ажлын байранд үнэлгээ хийж,

Төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, шуурхай хүргэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр оновчтой  зохион байгуулах, боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр цахим сургалтуудыг зохион байгуулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тавих хяналтыг сайжруулах зорилтыг дэвшүүлж байна.   

          

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/