Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газрын хооронд цаг уурын салбарт хамтран ажиллах 9 дүгээр уулзалт цахимаар зохион байгуулагдлаа

2020 оны 12 сарын 30

Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газрын хооронд цаг уурын салбарт хамтран ажиллах 9 дүгээр уулзалт 12 дугаар сарын 30-нд цахимаар амжилттай болж өнгөрлөө. 

Дэлхий нийтийг хамраад байгаа COVID-19 цар тахлын үед цахимаар зохион байгуулагдсан хоёр талын хамтарсан 9 дүгээр уулзалтыг Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин,  БНСУ-ын Цаг уурын газрын дарга Пак Гван Сог нар удирдан явуулж, холбогдох мэргэжилтнүүд оролцов. 

Уулзалтын эхэнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжсэн 8 дугаар уулзалтын протоколын хэрэгжилтийг талууд харилцан дүгнэсэн бөгөөд Монгол улсын ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин ”Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид Азийн шороон шуурга, цаг агаарын тоон прогнозын дэлхийн болон бүс нутгийн загварын систем, уур амьсгал, хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдээр хамтран ажилласан нь Монгол улсын цаг уурын салбарт дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн үр бүтээлтэй чухал жилүүд болж өнгөрлөө. Ялангуяа “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх, цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийг 2017-2019 онуудад амжилттай хэрэгжүүлж Монгол улсын цаг уурын ажиглалтын сүлжээнд 32 цаг уурын автомат станцыг суурилуулсан нь цаг уурын ажиглалтын мэдээг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай авч цаг агаарын урьдчилсан мэдээний таарцыг сайжруулахад чухал ач холбогдол бүхий төсөл байсныг онцлон хэлэхэд таатай байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Энэ удаагийн уулзалтаар 2021-2022 хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Талууд ирэх хоёр жилд Азийн шороон шуурга, цаг уурын мониторинг, загварчлалын арга технологийг сайжруулах, Цаг агаарын тоон прогнозын дэлхийн болон бүс нутгийн загварын системийг сайжруулах, Уур амьсгалын прогнозын чиглэлээр, Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн талаарх хамтын ажиллагаа болон Бодит хугацааны ажиглалтын мэдээ солилцох чиглэлээр хамтран ажиллах гэсэн 5 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурлаа.

X уулзалтыг Монгол улсад 2022 онд хийхээр хоёр тал тохиролцов.

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/