7 дугаар сарын дунд 10 хоногийн байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд зуншлага муу үнэлгээтэй байна

2020 оны 07 сарын 23

2020 ОНЫ 7 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

Агаарын температурын арав хоногийн дундаж уулархаг нутагт 5-15 градус, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 20,1-26,7 градус, бусад нутагт 15,1-20 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим, Ховд, Булган, Сэлэнгийн хойд, Увс, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтийн зүүн хэсэгт дунджаас 1,1-2,7 градусаар сэрүүн, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Төвийн Бүрэн, Дорнодын Халхгол, Дорноговийн Хөвсгөлд дунджаас 1,1-3,7 градусаар дулаан байлаа.

Агаарын температур өдөртөө уулархаг нутагт 21-28 градус, говь, тал хээр нутгаар 29-37 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 1-9 градус, говийн нутгаар 10-18 градус дулаан байлаа.

            Хөрсний гадаргын температур ихэнх нутагт 49-59 градус, Алтай, Хангайн өндөрлөг уулсаар 37-48 градус, говийн нутгаар 60-70 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутагт 0-9 градус, говийн нутгаар 10-15 градус дулаан байлаа.

            Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-20 мм, Увс, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Булганы ганц нэг сумдын нутгаар 20,1-50 мм, Увсын Хяргас, Малчин, Түргэн, Өндөрхангай, Улаангом, Зүүнговь, Сагил, Хөвсгөлийн Мөрөн, Сэлэнгийн Бугант (Ерөө), Дорнодын Чойбалсан, Чулуунхороот, Баянтүмэн, Сүмбэр (Халхгол), Сүхбаатарын Баруун-Урт, Халзан, Сүхбаатар, Дарьганга, Түвшинширээд 50,1-100,6 мм орсон бол Өвөрхангайн Сант, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Баян-Овоо, Хүрмэн, Дорноговийн Хатанбулагт ороогүй (2 дугаар зураг) байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас бага, Увс, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, бусад аймгуудын зарим сумдын нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу орсон.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Дэлгэр, Жаргалант, Тайшир, Халиун, Чандмань, Төгрөг, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянбулаг, Шинэжинст, Бууцагаан, Жинст, Баянхонгор, Баян-Өндөр, Заг, Баянцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Төвийн Бүрэн, Аргалант, Дундговийн Дэлгэрхангай, Хулд, Луус, Мандалговь, Өлзийт, Сайхан-Овоо, Өндөршил, Говь-Угтаал, Адаацаг, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Цогтцэций, Гурвантэс, Дорноговийн Мандах, Сайхандулаан сумдын нутгаар муу (3 дугаар зураг) байна.

Cалхины хурд түр зуур Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

            Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд түрүүлэлтээс цэцэглэлтийн үе шат явагдаж байгаа ба ургалтын байдал сайн, төмсөнд баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шат, зарим газарт цэцэглэлтийн төгсгөлрүү орсон ба ургалтын байдал мөн сайн байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • МАА-н үйлдвэрлэлд мал ноослох, оторлуулах ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий зарим газраар усалгаа хийх, бордоо цацах, уринш боловсруулах ажил хийгдэж байна.
  • 7 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгорын Галуут сумын нутагт дуу цахилгаантай бороо орох үеэр 500 орчим бог мал аянганд ниргүүлж үхсэн байна.
  • Арав хоногийн эхээр Увсын Баруунтуруун, Завханы Улиастай, Хөвсгөлийн Жаргалан, Мөрөн, Архангайн Чулуут, Сүхбаатарын Түвшинширээд, сүүлчээр Увсын Өмнөговь, Архангайн Чулуут, Хэнтийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэрт мөндөр аюултай үзэгдлийн хэмжээнд хүрс орсон байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/