Нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэл их байна

2019 оны 11 сарын 28

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

11 дүгээр сарын 10-нд нийт нутгийн 30 орчим хувьд цастай байсан бол 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулсаар 20 см-ээс их, Увсын Баруунтуруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Тэлмэн, Цагаанчулуут, Тэс, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Жаргалант, Чандмань-Өндөр, Их-Уул, Шинэ-Идэр, Булганы Баян-Агт, Бугат, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин, Гурванбаян, Өмнөдэлгэр, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 11-20 см, Хэнтийн ихэнх, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 6-10 см, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-5 см цастай байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их (нэн их 7%, их 27%), 30 гаруй хувьд (34%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарлаа.

Үүнээс Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.

 Мөн энэ намар нойтон цас, зарим газраар бороо цас холилдон орсон ба өдөртөө гэсэж шөнөдөө хөлдсөний улмаас ихэнх нутагт цасны нягт ихсэж бэлчээр мөстөх, зам харгуйд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг нөхцөл үүссэн байгааг анхаарах хэрэгтэй юм.   

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/