“Зүүн Азийн орнуудын өвлийн улирлын төлөв байдал” сэдэвт олон улсын хуралдаан болж өнгөрлөө

2019 оны 11 сарын 07

“Зүүн Азийн орнуудын өвлийн улирлын төлөв байдал” сэдэвт олон улсын хуралдаан  11 дүгээр сарын 5-7-нд Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө. Жил бүр зохион байгуулагддаг энэ хуралд Монгол, БНХАУ, БНСУ, Япон зэрэг Зүүн азийн улс орны 50 орчим эрдэмтэн, судлаач, цаг уурчид оролцсон юм.

Хуралдаанд оролцсон улс орнууд тус бүр 2019 оны зуны цаг агаар, уур амьсгал ямар байсан талаарх ажиглалт, судалгаа болон тойм мэдээллийг  танилцуулсан бөгөөд 2019-2020 оны өвлийн улирлын цаг агаарын төлвийг хэрхэн гаргасан талаарх өөрсдийн урьдчилсан мэдээллээ танилцууллаа.

Гурван өдрийн турш үргэлжилсэн хуралдааны төгсөлд өвлийн төлөв байдал түүнд нөлөөлөх цаг агаар уур амьсгалын гол хүчин зүйлүүд юу байгаа талаар хэлэлцээд  бүсийн хэмжээний нэгдсэн төлвийг гаргалаа. Хуралдаанаас гарсан нэгдсэн дүгнэлтээс харахад 2019-2020 оны өвөл Монгол орны хувьд агаарын температур нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, баруун хэсэгт дунджийн орчим,  хур тунадасны тухайд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч баруун өмнөд хэсгээр олон дунджаас ахиу байх ерөнхий төлөв гарсан байна. Хэдийгээр ерөнхий төлвөөр энэ өвөл нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр гэнэтийн огцом хүйтрэлт, дулааралт, цасан шуурга болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгааг анхаарууллаа. Цаг агаарын ийм нөхцөл байдлын талаарх мэдээллийг Монгол улсын хувьд мэргэжлийн байгууллагаас цаг тухайд нь ард иргэдэд мэдээлж байх болно.

7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг хурал Монгол улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/