Хөвсгөл нуурын усны чанарыг хянах лаборатори нээгдлээ

2019 оны 10 сарын 08

Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг  хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг 2016-2019 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд амжилттай хэрэгжүүлж, төслийн хаалтын үйл ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 3,4-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хатгал тосгонд зохион байгууллаа.

Төслийн хүрээнд нуурын усны чанарын хяналтын хөтөлбөр боловсруулах, усны чанарын судалгаа хийх  дэд төслийг “Найчрэл Састейнэбл” үндэсний зөвлөх компани 2017 оноос хэрэгжүүлэн нуурын усны хими, гидро-биологи, микро-биологи, гидрологийн хэмжилт, хөрсний гүний бохирдлын хэмжилт, агаарын чанарын хэмжилт, замгийн цэцэглэлтийн судалгаа зэрэг нийт 9 удаагийн хээрийн судалгаа хийж, арга зүй боловсруулах, сургалт зохион байгуулах, мэдээллийн дата бааз бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлсэн.  

          Усны чанарын хяналтын хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн харьяа Хөвсгөл нуур судлалын өртөө хариуцан хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан төслийн хаалтын арга хэмжээний нэг хэсэг болох Хөвсгөл нуур судлалын өртөөний ”Усны чанарын хяналтын лаборатори”-ийн нээлтийн ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд боллоо.

Энэ хэмжээнд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА Олон Улсын байгууллагын албаны хүмүүс, Хөвсгөл аймаг, төсөл хэрэгжсэн сумдын удирдлага, иргэд, малчид, ТББ-ын төлөөлөл болох нийт 150 орчим хүн оролцсон байна.

Уг лабораторийг  тохижуулахад МОН (9183) төслөөс 45,000 америк долларын үнэ бүхий 73 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж, урвалж, хэрэгсэл нийлүүлснээс гадна “Найчрэл Састейнэбл” ХХК нь нийт 25 сая орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоногложээ.

           Энэхүү лабораторийг нээснээр Хөвсгөл нуурын усны чанарыг тодорхой цаг хугацаанд, тогтсон арга зүйгээр шинжлэн хянан мэдээлэх техникийн боломж бүрдэн нуурын уснаас  ундаалдаг хүн, малын цэвэр усны аюулгүй байдлыг хангах, нуурыг бохирдлоос хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтой юм.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/