2019-2020 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

2019 оны 08 сарын 28

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2019 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

40% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

24% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

23% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

  7% нь 301-500 хувь        (даац 3-5 дахин хэтэрсэн)

  6% нь 500 хувиас их      (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарлаа. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур ихтэй, зуншлага сайн, харин говийн нутгаар 7 дугаар сарын сүүлчээс зуншлагын байдал дээрдэж байна. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.

Аймгийн дүнгээр авч үзвэл Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрч гарсан байна.            

Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан сумдад Ховдын Мянгад, Мөст, Цэцэг, Завханы Яруу, Говь-Алтайн Тонхил, Цогт, Бигэр, Жаргалан, Баянхонгорын Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Архангайн Булган, Цэнхэр, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Хайрхан, Батцэнгэл, Өвөрхангайн Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Богд, Хужирт, Булганы Хишиг-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Төвийн Бүрэн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Уулбаян, Баяндэлгэр, Дорноговийн Сайншанд, Даланжаргалан, Иххэт, Өмнөговийн Баян-Овоо, Мандал-Овоо, Ханбогд, Цогт-Овоо, Цогтцэций сумд орж байна.

Мөн Увсын Завхан, Ховдын Булган, Буянт, Говь-Алтайн Халиун, Төгрөг, Архангайн Ихтамир, Өлзийт, Өгийнуур, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Гучин-Ус, Тарагт, Зүүнбаян-Улаан, Сант, Баянгол, Бүрд, Булганы Рашаант, Төвийн Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан сумдад даац олон дахин хэтэрч гарсан.

Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/