Монгол, БНХАУ-ын Цаг уурын албадын 16 дугаар уулзалт боллоо

2019 оны 08 сарын 14

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/, БНХАУ-ын Цаг уурын газар хооронд Цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Хамтарсан ажлын хэсгийн 16 дугаар уулзалт 2019 оны 8 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтын өмнө ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин БНХАУ-ын Цаг уурын газрын дарга, доктор Юу Шин Вэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, элэгсэг дотноор ярилцав.

Доктор Юу Шин Вэнь БНХАУ-ын Цаг уурын газрын дарга, хатагтай Лю Ямингийн мэндчилгээг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшинд уламжиллаа.

Тэд  FY цаг уурын хиймэл дагуулын мэдээг олон улсын түвшинд ашиглах, “Бүс ба Зам”-ын хүрээнд цаг уурын хамтын ажиллагаа, цаг агаарын радарын болон аэрологийн станцын талаар санал бодлоо солилцлоо.

Үүний дараа хоёр талын Хамтарсан ажлын хэсгийн 16 дугаар уулзалт албан ёсоор эхэлсэн ба уулзалтыг Монголын талаас Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын дарга С.Энхтүвшин, Хятадын талаас БНХАУ-ын Цаг уурын газрын дэд дарга, доктор Юу Шин Вэнь нар удирдан явууллаа.

Уулзалтаар өмнөх 2 жилд буюу 15 дугаар уулзалтын протоколыг дүгнэж, хийж гүйцэтгэсэн ажлуудыг хэлэлцэв. Энэхүү протоколд хийхээр тусгасан ажлууд 80 хувьтай хэрэгжсэн ба талууд протоколын хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.  

Талууд ирэх хоёр жилд Орчны хяналт шинжилгээ, цаг уурын харилцаа холбоо, Уур амьсгалын урьдчилсан мэдээ болох үйлчилгээ, Монгол улс болон БНХАУ-ын хилийн бүс нутгийн цаг уурын байгууллагын хамтын ажиллагаа, Цаг уурын ажиглалт, Тоног төхөөрөмж болон мэргэжилтнүүдийг сургах гэсэн 6 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурлаа.

Хоёр тал уулзалт амжилттай болсныг сэтгэл ханамжтайгаар тэмдэглэж, тохиролцсон асуудлаар хамтын ажиллагааг цаашид үр бүтээлтэй хэрэгжүүлэн ажиллахаа харилцан илэрхийллээ.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/