Орон нутгийн синоптик инженерүүдийн мэргэшүүлэх сургалт боллоо

2019 оны 05 сарын 10

ЦУОШГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/78 дугаар тушаалын дагуу синоптик инженерүүдийн давтан сургалт хөтөлбөрийн дагуу амжилттай болж өндөрлөлөө. Сургалтанд 21 аймгийн 35 синоптик инженер хамрагдав.

Сургалтын үйл ажиллагааг ЦУОШГ-ын дэд дарга нээж үг хэлэв. Хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Урьдчилан мэдээлэх салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт чиглэлүүд” сэдвээр лекц орж төв орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын талаар нэгдсэн ойлголтыг синоптик инженерүүдэд өгөв.

Тус сургалтын үеэр ахмад синоптик, хэлтсийн дарга асан Ж.Цогт нь газар, өндрийн бодит болон прогноз зурганд анализ хийх, даралтын орны систем, үүсэл хувьсалын тухай болон агаар мандлын фронт, фронтын анализ хийхэд анхаарах асуудлуудын тухай маш чухал, синоптикуудын өдөр тутмын ажилд үнэ цэнэтэй хичээл орлоо. Урьдчилан мэдээлэх хэлтсийн технологич инженерүүд их цас, их бороо, хүчтэй салхи шуурга гэх мэт цаг агаарын онцгой үзэгдлүүдийн аэросиноптик нөхцлүүдийн талаар, тусгай хэрэгцээний мэдээ бичих шаардлага, мөн УЦУОСМХ-ийн Тоон прогноз орчны судалгааны хэлтсийнхэн үйлдвэрлэлд хэрэглэж буй цаг агаарын прогнозлох арга загваруудын шинэчлэлт,  тэдгээрийн таарцын үнэлгээний талаар хичээлүүд заав. Ялангуяа УЦУОСМХ-ийн тус хэлтсийнхэн  Монгол орны 137 станц дээр загвараар тооцоолсон аэрологийн диаграм байгуулж, түүнд хэрхэн нарийн дүн шинжилгээ хийж зуны конвекцийн гаралтай аадар бороо, аянга, нөөлгийг урьдчилан мэдээлэх талаар шинээр дадлага хичээл орсон нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой хичээл болов.

Технологич инженер Д.Энхтуяа агаарын фронтын анализ хийх дадлагыг хүн нэг бүр дээр зурган дээр ажлуулж, Технологич инженер А.Алтаншагай инженерүүдийг 6 бүсэд хуваан цаг агаарын процесст дүн шинжилгээ хийлгэн, прогнозын төслийг хэлэлцүүлэн зөвхөн онол бус практикийн ач холбогдолтой сургалт явуулав. Орон нутаг хариуцсан технологич инженер М.Должинсүрэн Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийг мэдээлэх шинэ вэб системийн ажиллах зарчимын тухай дадлага хичээл орж шинэ системийг нэвтрүүлэхэд орон нутгийн инженерүүдийг сургав. Мөн Цаг агаарын урьдчилсан мэдээнд хэрэглэх нэр томъёо, технологийн мөрдөлт, заавар журмын мөрдөлт, үйл ажиллагаанд гарч буй нийтлэг алдаа дутагдалууд, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөмж өгөв.

Хэлтсийн залуу инженерүүд HIMAWARI хиймэл дагуулын үүлний зураг, мэдээнд анализ хийх, аадар бороог хэт богино болон богино хугацаагаар урьдчилан мэдээлэх боломж, газар тариалнгийн бүс нутгаар цочир хүйтрэл урьдчилан мэдээлэх тухай хичээлүүд зааснаас гадна  Тосонцэнгэл сумын температурын огцом өөрчлөлтийг урьдчилан мэдээлэх Увс нуурын хялмааг урьдчилан мэдээлэх Багануур орчмын шөнийн температурын дулааралт Хархорин орчмын салхины хурдыг урьдчилан мэдээлэх зэрэг тухайлсан судалгааны үр дүнг танилцууллаа.

Энэхүү сургалтанд аймаг болгон оновчтой мэдээлж чадаагүй урьдчилсан мэдээний задлан судалгаа, аймаг орон нутгийн онцлогийг цаг агаарын мэдээндээ хэрхэн тусгадаг болон тухайн аймгийн шинээр санаачлан хийсэн ажлын талаар илтгэл бэлдэж хэлэлцүүлэн төв, орон нутгийн инженерүүд ажлын туршлага солилцон бие биенээсээ суралцсан нь өмнөх сургалтуудаас онцлогтой болов. 

Сургалтын төгсгөлд заасан хичээлүүдээр тестээр шалгалт авч дүнг хаалтын хуралд танилцуулан сертификат гардуулав.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/