Цаг агаарт зориудаар нөлөөлж Батширээт, Биндэр сумын нутагт асаж байсан ойн түймрийн голомтыг унтраахад ихээхэн дэмжлэг үзүүллээ

2019 оны 05 сарын 06

Цаг уур, орчны шинжилгээний газрын болон төв, орон нутгийн экспедицүүд хамтран цаг агаарт зориудаар нөлөөлж, хун тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Хэнтий аймгийн 3, Сэлэнгэ, Дорнод аймаг, Улаанбаатар хотын тус бүр 2, Төв, Булган, Дархан-Уул аймгийн тус бүр 1, нийт 12 экспедиц төв болон зүүн бүсийн нутгаар орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт асаж байгаа ойн түймрийг хур тунадас нэмэгдүүлэн оруулах замаар унтраах ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Энэ өдөр өндрийн салхины хурд их байсан нь үүл хурдан шилжих нөхцлийг бүрдүүлж, зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Гэсэн хэдийн ч ажиллагааг амжилттай явуулж, ажиллагааны үр дүнд Төв аймгийн баруун хойт сумд, Улаанбаатар хотын бүс нутгаар 0,0-2,0мм, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар 0,3-6,0мм, Хэнтий аймгийн нутгаар 0,3-7,5мм, Дорнод аймгийн нутгаар 0,3-6,3мм хур тунадас орлоо.

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт асаж байсан ойн түймрийн орчимд 7,5мм-ээс ахиу хэмжээний хур тунадас орж түймрийн голомтыг цурманд оруулж унтраахад ихээхэн дэмжлэг үзүүллээ.

Түүнчлэн Ховд аймгийн 2, Говь-Алтай аймгийн 2, Баянхонгор аймгийн 1 экспедиц 5 дугаар сарын 05-ны өдөр баруун бүсийн аймгуудын нутгаар зориудаар хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажиллагаа явууллаа.

Энэ ажиллагааны үр дүнд Ховд аймгийн нутгаар 4,0-23,0мм, Говь-Алтай аймгийн нуигаар 0,2-6,8мм, Завхан аймгийн нутгаар 0,0-23мм, Баянхонгор аймгийн нутгаар 0,0-17,0мм хур тунадас орлоо.

5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд нийт 17 экспедиц үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг 19 байрлалаас 21 удаа явуулжээ.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/