1.5 0 C Бидэнд хугацаа байна уу!

2019 оны 04 сарын 16

Өнөөдөр Байгаль орчны аялал жуулчлалын яам Монголд анх удаа Олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо /ЗГХМХ/IPCC/-той хамтран төр, төрийн буй байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “1.5 0 C Бидэнд хугацаа байна уу!” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Хүн төрөлхтний үрэлгэн хэрэглээ, аж үйлдвэржилт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас хүлэмжийн хий хэт ялгарснаас сүүлийн 100 жилд дэлхий эрчимтэй халж байгаа билээ.

Хүн төрөлхтөн цаашид орших эс орших сонголтоо хийх салаа зам дээр ирээд байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хороо /ЗГХМХ/IPCC/-оос өнгөрсөн оны сүүлээр гаргасан “ 1.5 0C дэлхийн дулаарал” Тусгай тайланд дэлхийн дулаарлыг зогсооход 12 жил үлдсэн буюу түүнээс хойш бид уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтөд нөлөөлөх боломж бага болохыг тодорхойлсон нь дэлхийн улс орнуудыг цочроосон үйл явдал болсон.

Тус арга хэмжээний үеэр "1.5C-ын дэлхийн дулаарал" тусгай тайланг бэлтгэн гаргасан олон улсын шинжээч, мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн баримт мэдээ, бүсийн хэмжээнд нөлөөлж буй нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлагын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм. Ингээд та бүхэнд эдгээр танилцуулгаас товч мэдээлэл хүргэе.

 IPCC судалгааны багийн гишүүн Лоурдес Тибигийн танилцуулгаас:

  • 21 дүгээр зуунд бидэнд тулгараад буй хамгийн том асуудал бол агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хий ялгарал юм. Хүлэмжийн хий нь агаарт гараад задрахгүй маш их уддаг. Ингэснээр хий агаарт хуримтлагдаж, дэлхийн дулаарлыг бий болгож байна. Тэгэхээр бид яг одоо арга хэмжээ авахгүй бол ирээдүйд маш ноцтой нөхцөл байдал бий болно.
  • Хойд Ази, тэр дундаа Монгол улсад 20 дугаар зууны 2 дугаар хагаст 50 жил тутамд 2-3 хэмээр дулаарсан болох нь ажиглагдсанТүүнчлэн Азийн ихэнх улсуудад сүүлийн үед орж буй хур тунадас огцом нэмэгдсэн ба улирал, байршил хамааралгүйгээр байгалийн гамшигт үзэгдлүүд ихээр ажиглагдах болсон.
  • Ирээдүйд Дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй барьсан хэдий ч Монгол улсын хувьд нэлээд өндөр өргөрөгт оршдог учраас дэлхийн дундаж гэж тооцоолж буй 2 хэмээс нэлээд өндөр байх хандлагатай байгаа.
  • Бид өнөөдрөөс эхэлж ямар ч үйл ажиллагаа хийхгүй, энэ хүлэмжийн хийн ялгарлыг огтоос тоохгүй энэ хэвээр орхивол дэлхийн дулаарал 6 хэмээс дээш байх төлөвтэй байна.

Хатагтай Лоурдес Тибиг танилцуулгынхаа төгсгөлд  Дэлхийн бүх улс орнууд хамтдаа бүгд нэгдэж, дулаарлын эсрэг тэмцсэнээр бид энэ үр дүнд хүрэх боломжтой. Ингэхийн тулд маш их хэмжээний хүчин чармайлтыг шаардаж байгаа юм. Бидэнд найдвар байгаа. Хамгийн гол нь үүний эсрэг үйл ажиллагаагаа уялдуулан хамтдаа тэмцэх явдал юм гэдгийг онцлон хэллээ.

Азийн Технологийн Институтийн судлаач, IPCC судалгааны багийн гишүүн Жойшири Ройгийн танилцуулгаас:

  • Хэрэв бид яг өнөөдрөөс хүчин чармайлт гаргах аваас дэлхийн дулаарлыг 1,5 хэмд барих энэ зорилт боломжтой гэдэг нь харагдсан. Энэ бол сайн мэдээ. Гэвч үүнийг хийхийн тулд бид урьж хэзээ ч байгаагүй өөрчлөлтүүдийг нийгмийн бүх салбарт явуулах хэрэгтэй юм.
  • Бид цахилгаан үйлдвэрлэлтийн явцад нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах
  • Хатуу түлшний хэрэглээгээ зогсоох
  • Сэргээгдэх эрчим хүчийг бий болгох
  • Ойгоо нөхөн сэргээх, ойжуулах
  • Нүүрстөрөгч бага ялгаруулдаг машин унах
  • Ногоон байгууламж ихээр барих
  • Цахилгаан бага хэрэглэх гэх мэт.
  • Өнөөдрөөс бид эдгээр зөв сонголтыг хийснээр 10 жилийн дараа хүссэн үр дүндээ хүрнэ. Хамгийн гол нь олон улсын хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд хамтдаа, хамтарч эдгээр өөрчлөлтийг хийх нь чухал юм. Бидэнд цаг байхгүй гэлээ.

Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орнууд дор бүрнээ дунд, урт хугацааны хүлэмжийн хийн ялгараа бууруулах зорилтоо тодорхойлж, нийгэм-эдийн засгийн тогтолцоогоо ялгарал багатай, ногоон болгох эрс тэс өөрчлөлтийг нэн яаралтай хэрэгжүүлэхээр зорьж, 2020 онос эхлэн 5 жил тутамд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо үе шаттайгаар ахиулж, хэрэгжилтийг тогтмол тайлагнаж, үр дүнг хянаж байх тогтолцоонд шилжих шинэ механизм бүрэн хэрэгжиж эхлэх гэж байна.

Монгол улсын хувьд Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан бөгөөд 2030 он гэхэд үндэсний хэмжээний хийн ялгарлаа ямар ч арга хэмжээ авахгүй байх нөхцөлтэй харьцуулахад 1 хувиар бууруулах зорилт тавьсан. 2020 он гэхэд энэ зорилтоо ахиулан, шинэчлэн тодорхойлохоор төлөвлөж байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/