МОНГОЛЫН ОРНЫ ЗУДЫН ЭРСДЭЛ БА МЕНЕЖМЕНТ-2018 СЭДЭВТ ХУРАЛ БОЛЛОО

2018 оны 11 сарын 23

“МОНГОЛ ДАХЬ ЗУДЫН ЭРСДЭЛ БА МЕНЕЖМЕНТ” мэдлэг солилцох чуулганыг 2 дах жилдээ Пипл Ин Нийд ОУТББ, Япон улсын Нагояа Их Сургууль, Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн, Их Британи улсын Оксфордын Их Сургууль хамтран 2018-11-22-нд зохион байгууллаа.   

Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн хурлаар цаг агаарын гаралтай гамшигт үзэгдэл болох ган зудын аюулаас эртнээс сэрэмжлүүлэх, менежмент хийх, хохирлыг бууруулахад гамшгийн эрсдэлийг тооцоолон шинээр зураглан мэдээлэх, малчдын зудын эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, зудын гамшгийн сургамж зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар oлон улсын шинжлэх ухааны байгууллагуудын эрдэмтэд, бодлого төлөвлөгчид, олон улсын төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэд болон малчдын нийт 120 гаруй төлөөлөгчид оролцов. 

 Зөвлөлгөөнд УСУОСМХ-ийн ажилтан Б.Эрдэнэцэцэг “Зудын эрсдэлийг зураглах нь”, Г.Баясгалан “2018-2019 оны өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв”, Э.Мөнхжаргал “Эрс хүйтрэлт ба түүний шалтгаан”, Б.Нандинцэцэг “Зудын эрсдэлийн үнэлгээ: Ололт ба үр дүн” зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүлэв. 

Тус хуралд зудын менежмент, зудад бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гол байгууллагууд болох ОБЕГ, УЗН, НҮБХХ-ийн ХХААБ, МерсиКор зэрэг байгууллагын ажилтнууд илтгэл тавьж, УЦУОСМХ-ээс боловсруулан гаргадаг зудын эрсдэлийн зургийн ашиглалт, үр дүнгийн тухай дэлгэрэнгүй танилцуулсан.

Хуралд Монгол улсын Ерөнхий сайдын ажлын албанаас ахлах зөвлөх Н.Энхбаяр оролцож, зудын эрсдэлийн зургийн ашиглалт дээр ахиц дэвшилтэй байгааг дурдаад, талууд улам хамтран ажиллахыг санал болгож, цаашид энэ чиглэлээр санаачлагатай ажиллахаа мэдэгдэв. Мөн Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, малчдын төлөөлөл оролцож, ган зуд, бэлчээрийн нөөц даацын тухай санал сэтгэгдлээ танилцуулсан байна.

                Зудын эрсдэлийн зураг, мэдээг 2015 оноос эхлэн гаргаж байгаа бөгөөд энэ мэдээлэл нь зудыг эртнээс сэрэмжлүүлэх, эрт арга хэмжээ авах, ялангуяа олон улсын байгууллагуудаас зудын нөхцөлд байгаа хөдөөгийг ард иргэдэд үзүүлэх хандив тусламжийг зөв зохистой хуваарилж хүргүүлэх ажлыг төлөвлөхөд авч ашиглах үндсэн мэдээлэл болж байна.  

                Цаашид УЦУОСМХ-ийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс байгаль, цаг уурын нөхцөл дээр суурилсан зудын эрсдэлийн зураг мэдээлэлд нийгэм-эдийн засгийн холбогдолтой мэдээллийг тусгах, улмаар гамшгийн эрсдэлийн болон эмзэг байдлын дүн шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээр ажиллаж, зудын эрсдэлийн мэдээ мэдээллийг хэрэглэгчдийн хүсэлтээр сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/