2018 оны 10-р сараас 2019 оны 3-р сар хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв

2018 оны 09 сарын 04

Хүйтний улирлын уур амьсгалын тойм

Хүйтний улирлын хамгийн дулаан сар болох X сард агаарын дундаж температур 1981-2010 оны дунджаар Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-50C хүйтэн, Алтайн чанад говь болон говийн аймгуудын нутгаар 4-90C, бусад нутгаар 0-50C дулаан байдаг бол XII-I сард хүйтэрч Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 25-320C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 11-180C, бусад нутгаар 20-250C хүйтэн байдаг. Харин III сараас дулаарч Увс, Зaвхaны хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 12-170C, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0-50С, бусaд нутгaaр 6-110C хүйтэн байдаг. Гэхдээ жил бүрийн өвөл харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сарын дундаж температур 1982, 1990, 1995 оны X-XII сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1-30C, 1990, 1993, 1998, 1999, 2002 оны I-III сард 3-70 C-аар дулаан болж, хоногийн үнэмлэхүй их температур говь талын нутгаар 15-200C хүрч дулаарч байсан бол 1944,1956, 1967, 1976, 1981, 1987, 2002 оны X-XII сард олон жилийн дунджаас 1-40C-аар, 1945, 1957,  1977, 1981, 1984, 2001 оны I сард 3-60C-аар хүйтэн болж, 1944-1945, 1956-1957, 1976-1977, 2005 оны өвөл Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 45-550C хүрч хүйтэрч байв.

Уур амьсгалын дундаж байдлаар X сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 12-17, Их нууруудын хотгор, говийн нутгаар 1-5, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог бол XI сараас эрс багасаж XII-II сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 2-4, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог. Харин III сараас бага зэрэг ихсэж Их нууруудын хотгор, говийн  нутгийн зүүн хэсгээр 0-2, бусад нутгаар 3-7 мм хур тунадас ордог. Гэвч 1975, 1987, 1988,1993, 2001, 2002, 2009-10 онд зарим нутгаар уур амьсгалын дунджаас 3-5 дахин их цас орсон бөгөөд 1990, 1993 оны хаврын эхээр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 5-7 хоногт 20-56 мм нойтон цас орсон нь сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч олон мянган мал хорогдсон байна.

Уур амьсгалын дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар XI сарын эхний арав хоногт, говийн нутгаар XI сарын cүүлчийн арав хоногт, зарим үед XII сарын эхний арав хоногт, бусад нутгаар XI сарын дунд арав хоногоос цасан бүрхүүл тогтдог. XII-I сард цасны дундаж зузаан говийн нутгаар 1-4см, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10-15см, бусад нутгаар 4-9 см хүрдэг. Цас их орсон жил цасны дундаж зузаан уулархаг нутгаар 24-30см, бусад нутгаар 18-20 см-т хүрдэг бөгөөд 1987, 2001-2003, 2005, 2007, 2010 оны I сард уулархаг нутгаар 40-45см, хунгарласан газраа 60-80 см хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байв.

 

Цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог.

2018 оны 10 дугаар сард агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Ховд, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Увсын ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арваннэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Ховдын баруун өмнөд, Увс, Хэнтийн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар 5-11 мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

2018 оны 11 дүгээр сард агаарын дундаж температур Ховд, Завхан, Өвөрхангайн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Дундговийн зүүн, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн баруун ба зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арванхоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-29 градус, Баян-Өлгий, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-16 градус хүйтэн байдаг. Увс, Завханы хойд, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

 2018 оны 12 дугаар сард агаарын дундаж температур Ховдын зүүн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Баянхонгорын баруун хойд, Завхан, Сүхбаатарын зүүн, Төв, Хэнтийн хойд, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын зүүн, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд,  Өмнөговийн баруун хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг. Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.

2019 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур Говь-Алтайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд, Баянхонгорын баруун хойд, Өвөрхангайн зүүн, Өмнөговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй(зураг).

Хоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байдаг. Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Баянхонгорын зүүн хойд, Архангайн өмнөд хэсэг, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.

2019 оны 2 дугаар сард агаарын дундаж температур Дундговь, Өмнөговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Дорнодын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун хойд, Говь-Алтайн өмнөд, Завхан, Сүхбаатарын зүүн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн зүүн, Төв, Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Гуравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг. Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-5 мм хүртэл цас ордог.

 2019 оны 3 дугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Өвөрхангайн хойд, Увс, Төв, Сэлэнгийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Архангай, Хэнтий, Дорноговийн зүүн, Дорнодын баруун өмнөд хэсэг, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/