2018 он гарсаар 13 аймгийн 38 суманд 54 удаагийн ой хээрийн түймэр гарлаа

2018 оны 06 сарын 13

2018 он гарсаар түймрийн эрсдэлтэй хаврын улиралд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Булган, Төв, Увс, Завхан зэрэг 13 аймгийн 38 суманд 54 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдэж урьдчилсан байдлаар 4828 га ой, 31999 га хээр, нийт 36827 га талбай түймэрт өртсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өөрийн харьяаны орон нутаг дахь байгууллагуудтай хамтран, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. 2018 оны 5 дугаар сарын 31 байдлаар 21 аймгийн 42 экспедиц 175 удаагийн үйл ажиллагаа явуулж 368 удаа пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулсан байна.

Мөн Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс гаргаж байгаа Сансрын хиймэл дагуулын мэдээнээс ой хээрийн түймрийг илрүүлэн мэдээлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Дээрх мэдээг ашигласнаар түймэр гарч байгаа газар нутгийн координат, салхины чиглэл, явц байдлыг тогтоож, аймаг, сум, орон нутгийн Онцгой байдлын газарт нэн даруй мэдэгдэж ирснээр түймрийг газар авахуулахгүйгээр унтраах чухал ач холбогдолтой юм.

Мөн Урьдчилан мэдээлэх хэлтсээс өдөр бүр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн гаргаж байгаа хуурайшилтын зэргийн мэдээ нь түймрээс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болж байгаа юм.

Энэ жил олон аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байгаа боловч Олон байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2015-2017 онуудад гарсан түймэртэй харьцуулахад ой хээрийн түймрийн давтагдал багассан үзүүлэлт гарч байна.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/