ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА С.ЭНХТҮВШИН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2018 оны 03 сарын 22

                           Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Дэлхийн цаг уурын өдөр, Монголын Усны болон цаг уурын өдөр,  Монгол улсад  Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

           Өнөөдөр Монгол улсын Ус цаг уурын байгууллагын мэргэжлийн хамт олон ДЦУБ-ын гишүүн орнуудын цаг уурч нөхдийн хамтаар мэргэжлийн баяраа даруухан мөртлөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна.  Энэ жилийн хувьд Дэлхийн усны өдрийг “Байгалиа дээдэлж, усаа тэтгэе” сэдвээр, Дэлхийн цаг уурын өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, цаг агаарын аюул, гамшигт бэлэн байцгаая” сэдвийн дор тэмдэглэж байна. 

             Монгол улсын Ус цаг уурын байгууллага өнгөрсөн түүхийн хугацаанд Судар бичгийн хүрээлэн дотор анх Огторгуйн одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа нэртэй үүсэн байгуулагдсанаас хойш саад, бэрхшээл бүхнийг амжилттай даван туулж, үе үеийн ус цаг уурчдын нөр их хөдөлмөр, зүтгэл, ДЦУБ-ын гишүүн орнуудын тусламж дэмжлэгийн үр дүнд Монгол орны нийт нутгийг хамарсан ус цаг уур, орчны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээтэй,  ус цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдсэн,  орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололтод суурилсан,  Дэлхийн цаг уурын байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, дэлхийн хөгжлийн дундаж түвшин рүү тун ойртож байгаа  биеэ даасан үндэсний алба болтлоо хөгжиж байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.     

                Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын бүтээлч хамт олон та бид өнгөрсөн түүхийн хугацаанд  шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт манлайлагч нь байж,  орчин үеийн өндөр нарийвчлалтай автомат хэмжлийн багаж, тоног төхөөрөмжүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж, 2011 оноос АНУ-д үйлдвэрлэгдсэн орчин  үеийн өндөр хүчин чадалтай ХЕ6М суперкомпьютерийг Монгол улсад анх удаа суурилуулан ашиглаж, улс орныхоо хөгжлийн түүчээ болж ажилласаар ирсэн бахархам гавъяатай, бүтээлч, оюунлаг хамт олон юм.    

                 Тус газраас улсын сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад онцгойлон анхаарч ирсний үр дүнд улсын сүлжээний цаг уурын станцуудын 95 хувь, цаг уурын харуулуудын 10 гаруй хувь нь автомат хэмжлийн багажаар хангагдаж,   Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудад ашиглаж буй өндөр хурдтай тооцоолох төхөөрөмж,  Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж  байгаагийн үр дүнд Ус цаг уурын байгууллагаас үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн чанар, нарийвчлал жилээс жилд сайжирч, эрхэм зорилгоо мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэх 

               Тус газраас авч хэрэгжүүлж ирсэн удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх сургалт, урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа шинэ технологиуд, манай төв, орон нутгийн синоптик инженерүүдийн хичээл зүтгэлийн үр дүнд сүүлийн жилүүдэд цаг агаарын богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээний таарц жилээс жилд сайжирч, 2017 онд цаг агаарын урьдчилсан мэдээний таарц бүх үзүүлэлтээр өнгөрсөн оноос   0.2-1.7%-иар өссөнийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.

           Хэдийгээр сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн хүрэлцээ, хангамж тааруу байгаагаас хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан  боловч ус цаг уурчид та бидний хичээл зүтгэл, хамтын ажиллагаатай хөрш орнуудын Цаг уурын байгууллагын сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцааны үр дүнд салбарын хүндрэлтэй асуудлыг амжилттай шийдвэрлэн ажиллаж байна.                  

          Өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн БНСУ-ын Цаг уурын газрын буцалтгүй тусламжаар Нийслэл хот болон Төв аймгийн 11 суманд Цаг уурын автомат станц суурилуулагдаж, ашиглалтад орсон бөгөөд энэ онд нэмж Булган, Архангай аймгийн 21 сумын Цаг уурын өртөө, харуулууд автомат станцаар бүрэн хангагдах сайхан боломж бүрдэж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна. 

          Энэ онд Ус цаг уурын салбарын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж, Увс аймагт 1 тэрбум 243 сая төгрөгийн өртөг бүхий конторын шинэ барилга, Бага-нуур, Баянхонгорын Баянговь, Архангайн Тариатад тус бүр 98 сая төгрөгийн өртөг бүхий цаг уурын станцын барилга шинээр баригдаж ашиглалтад орох сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна.

           Тус газраас 2018 оныг “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, технологийн шинэчлэлийн жил” болгон зарлаж, энэ чиглэлээр нэлээд ажлуудыг хийж эхлээд байна.             

           2018-2019 онд супер компьютерийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх, Морин уулан дахь Допплерийн радарын системийг шинэчлэх, урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд видео конференцийн систем нэвтрүүлэх, аймгийн төвийн өртөөнүүдийг камерийн нэгдсэн системд холбох, төвийн бүсийн зарим аймгийн цаг уурын харуул ажиллаж байгаа сумдыг автомат цаг уурын станцаар хангаж, ажиглагчдыг гадаад, дотоодод сургалтад хамруулах, энэ ажлыг цаашид бусад аймгуудад үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.             

              Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмадууд, өнөөг хүртэл гал голомтыг нь бадрааж яваа ус цаг уурчид, инженер, техникийн ажилтнууд Та бүхэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа  чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

             ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА, ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ             

С. ЭНХТҮВШИН

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах