МОНГОЛ ОРНЫ 2017-2018 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

2017 оны 11 сарын 29

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монголд агаар мандлын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл, түүний дотор ган, зудын хамрах хүрээ, давтамж нэмэгдэж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт учруулах хор хохирол нь улам бүр өсөхийн хамт бэлчээрийн мал аж ахуйн эмзэг байдлыг  улам өсгөж байна.

Өнгөрсөн жилүүдийн ган, зудын давтагдалд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд гантай буюу гандуу байсан жилийн өвөл нь цас их орж, хүйтэрвэл хатуухан өвөл болж, өвлийн бэлтгэл муу хангасан, тэжээлийн нөөц хомс үед хавар нь мал идэх өвсөөр гачигдаж, олон тооны малын  хорогдол гарах нөхцөл бий болдог байна.       

 Энэ жилийн хувьд зуны эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар гантай, ургамлын ургалтын ид үе болох 6,7 дугаар саруудад агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага, харин 8 дугаар сард нутгийн хойд хагаст дунджаас ахиу бороо орсон боловч зуншлага оройтож, ургамлын ургалт гүйцэхгүй байж, мал тарга тэвээрэг дутуу авах нөхцөл бүрдсэн байна.

Тус газраас өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, ургамлын ургац, намрын өнгө аяс, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийнцасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглан зудын эрсдэлийн зургийг боловсруулав.

Ган зуншлагын нөхцөл байдал дээр ирэх өвөл-хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд нийт нутгийн 80 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрч, үүнээс 40 хувьд нь олон дахин хэтэрч гарсан нь ирэх өвөл, хавар байгалийн бэлчээрийн нөөц муу, хүрэлцээгүй байхыг харуулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн 50орчим хувьд цастай байгаагаас Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-40 см зузаан цастай,нягт нь  0,12-0,30 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын  Халхгол сумдад 11-20 см зузаан, нягт нь 0,10-0,27 г/см3, Завхан, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3 байна.

11 дүгээр сарын 10-ны байдлаар нутгийн 44 хувь орчим нь цастай байсан бол өнгөрсөн 10 гаруй хоногт хэдийгээр цас нэмэгдэн орсон боловч Дундговь, Өвөрхангай зэрэг аймгийн зарим сумдын нутгаар салхилж, явган шуурга шуурснаас цастай талбайн хэмжээ 11 дүгээр сарын 20-ны үеийнхтэй харьцуулахад төдийлөн нэмэгдээгүй, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай, цаашид өвлийн эхэн болон дунд саруудад цас орж, цасан бүрхүүлийн талбай, зузаан аажмаар нэмэгдэх төлөвтэй байна. 

Энэ намар зарим газраар бороо, цас холилдон орсон, нойтон цас орж, харьцангуй дулаан байснаас үүдэн өдөртөө хайлмагтаж,шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй болж, бэлчээр болон зам харгуй мөстсөнөөс малын бэлчээрлэлт, өвс тэжээл тээвэрлэлт, отор нүүдэл хийхэд хүндрэл учруулж эхэллээ.  

                  

2017 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй гарлаа. Үүнээс Булган, Төв аймгийн залгаа сумдын нутаг, Увс, Завханы зааг, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээрзудын эрсдэлийн зэрэг нэн их, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутаг их эрсдэлтэй зэрэгт хамрагдаж байна./хавсралт/

                                         ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2017 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр агаарын сарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг дулаан, бусад нутгаар дунджийн орчим, зөвхөн Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнодын өмнөд, Төв аймгийн ихэнх нутгаар дунджаас бага зэрэг хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговь, Дорноговь,  Говь-Сүмбэрийн ихэнхи нутгаар дунджаас багавтар цас орох төлөвтэй.

          12 дугаар сарын нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, сүүлчээр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч явган шуурга шуурч хүйтэн жавартай байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи говь тал, хээрийн нутгаар зарим үед 16-18 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй тул зам даваа цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх цаг агаарын нөхцөл бүрдэж болзошгүй байна.

              Агаарын температурын хувьд нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч энгэр газруудын цас нягтарч хатуурах төлөвтэй. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр, сарын дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

 Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор шөнөдөө зарим үед -42..-470С , Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -32..-370С, бусад нутгаар -26..-310С хүрч хүйтрэх төлөвтэй.

   2018 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр агаарын сарын дундаж температур нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг хүйтэн, өмнөд говиор дунджаас бага зэрэг дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. 

             Энэ сард Баян-Өлгий, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Говь-Алтайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй

Хүйтний улирлын цаг агаарын төлвийн мэдээгээр цаашид Зудын эрсдэлийн зэргээр нэн их, их гэсэн ангилалд орж байгаасумдын нутгаар үе үе цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлж, өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.

Иймдодоогийн байдлаар зудад нэн их эрсдэлтэй байгаа газарнутгийг эхний ээлжинд анхаарч, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийгавах арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цаашид бид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах, өвөлжилтийн нөхцөл улам хүндэрч болзошгүй үедзудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж,шуурхай мэдээлж ажиллах болно.

     ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах