“Уур амьсгалын горимын мэдээ боловсруулах CLIWARE систем”-ийн сургалт боллоо

2017 оны 10 сарын 23

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – ЦУОШГ-ын Мэдээллийн нэгдсэн санд 2011 оны 11 дүгээр сарын 14-20-нд Оросын холбооны улсын Обнинск мужийн УЦУМЭШ-ний хүрээлэнгийн Александр Васильевич Безпрозванных тэргүүтэй мэргэжилтнүүд интернетед суурилсан “Уур амьсгалын горимын мэдээ боловсруулах CLIWARE систем”-ийг Монголын нөхцөлд зүгшрүүлэн суурилуулж, 3 хоногийн сургалт явуулж, манай хоёр орны Ус цаг уурын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн билээ.

Тус газрын Архив, мэдээллийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд CLIWARE системийг бүхэлд нь судлах, турших, эзэмших, бодит хугацааны ажиглалтын мэдээг оруулах, шалгагдсан мэдээгээр мэдээллийн санг өргөжүүлэх, баталгаажсан мэдээгээр иргэн, албан байгууллагад үйлчлэх мөн уг системийн заавар, гарын авлагыг монгол хэлнээ хөрвүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн гүйцэтгэж ирсэн.

Монгол орны хувьд цаг уурын өртөө, харуулын тоо жилээс жилд нэмэгдэж, одоогийн байдлаар 135 өртөө, 181 харуул тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаагийн 40 гаруй хувьд нь цаг уурын автомат станц суурилуулан ажиллаж байна.

Цаг уурын ажиглалтыг тасралтгүй явуулахын зэрэгцээ ажиглалтын мэдээг ДЦУБ-аас мөрддөг аргачлалын дагуу кодлох, дамжуулах, цуглуулсан мэдээг задалж тоон хэлбэрт хөрвүүлэх, мэдээллийн сан үүсгэх, найдвартай хадгалах, хэрэглэгчдэд энгийн ойлгомжтой хэлбэрээр үйлчлэх зэрэг үйл ажиллагаа анхаарлын төвд байсаар ирлээ.

Ус цаг уур, уур амьсгалын мэдээ боловсруулах, мэдээлэл үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилгыг агуулсан CLIWARE систем нь дээрх шаардлагуудыг хангахуйц практик ач холбогдолтой систем учраас цаг үетэйгээ зэрэгцэн ажиллах, техник технологийн шинэчлэл хийх зорилгоор CLIWARE системийн шинэ хувилбарыг Монгол орны нөхцөлд тохируулан суурилуулах, технологийг зүгшрүүлэх, төв, орон нутгийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах 5 өдрийн сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 16-20-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Шинэ систем суурилуулахад зориулан DELL R730,Rack Mount загварын 2TB хэмжээтэй мэдээллийн сангийн серверийг 9 сая төгрөгөөр худалдан авч суурилуулан, ОХУ-ын Дэлхийн мэдээллийн төвийн лабораторийн эрхлэгчД-р. Александр Васильевич Бекпрозванныхыг урьж, Архив, мэдээллийн сангийн хамт олонэнэхүү сургалтыг хамтран зохион байгуулснаар мэдээ боловсруулалт, мэдээллийн онлайн үйлчилгээний ажлын цар хүрээ өргөжиж, системийн аюулгүй, тасралтгүй ажиллагаа хангагдан, олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж, мэдээлэл ашиглах нөхцлийг амжилттай бүрдүүллээ.

Сургалтад аймаг, хотын УЦУОШГ-ын архив, мэдээллийн дэд сангийн зохицуулагчид, ЦУОШГ, УЦУОСМХ, НЦУТ-ийн холбогдох мэргэжилтнүүд, зарим аймгийн УЦУОШГ-ын шинээр томилогдсон дарга нар зэрэг 50 гаруй хүн оролцлоо.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах