2017 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2017 оны 10 сарын 03

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Ус цаг уурын хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Ус цаг уурын хүрээлэнгийн  326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Ус цаг уурын хүрээлэнгийн “Урьдчилан мэдээлэх секторт" гэсэн хаягаар ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

10 дугаар сарын агаарын температурын дундаж нь олон жилийн \1981-2010 оны\ дунджаар Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулсаар 0-4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 0-4 градус дулаан байдаг /1 дүгээр зураг/.

Гэвч жил бүр адил байдаггүй. Тухайлбал: 1982, 1989, 1990, 1998, 2006, 2011, 2014, 2015 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.6-3.5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур 20-26 градус хүрч дулаарч байсан бол 1981, 1987, 2000 онд ихэнх нутгаар, 2002 онд төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 2.3-4.5 градусаар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус хүрч хүйтэрч байжээ.

Хур тунадас олон жилийн \1981-2010 оны\ дунджаар Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав нутгаар 12-17мм, Их нууруудын хотгор, Алтайн чанад говь болон дорнод говиор 0-5мм, бусад нутгаар 6-11 мм /2 дугаар зураг/ ордог. 

Гэвч 1987 онд нийт нутгаар олон жилийн дунджаас 5 дахин их, 1986,1988 онуудад ихэнх нутгаар, 1998, 2002 онд төв ба зүүн зүгийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 2008, 2013 онд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 2-4 дахин их хур тунадас орсон бол 1997, 2004 онд огт ороогүй, 1985, 1991, 2003, 2005, 2015 онд ихэнх нутгаар тун бага хур тунадас орсон байна.

Олон жилийн дунджаар сарын сүүлчээр 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч цас их орсон жил уулархаг нутгаар 3-13 см-т хүрдэг. Харин говийн аймгуудын нутгаар цасан бүрхүүл түр зуур тогтоод арилдаг.

Салхины хурд 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр Ховд, Өмнөговийн нутгаар 5-10, бусад нутгаар 1-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1985, 1986 онд Өмнөговь, Дорноговийн нутгаар 20-24 м/с, 2000 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар 34-40 м/с, 2002 онд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 28-34 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор  5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна/3 дугаар зураг/. 

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увс, Завханы  хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр  зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна/3 дугаар зураг/.

          

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд, Булганы баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна/3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 16-21 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Хэнтийн баруун хойд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. 

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад хэсгээр 4-9 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим дулаан байна/3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2  градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Энэ сард Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эцсээр бүх нутгаар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах