Шаравдоржийн Жадамба

/1981 онд ус цаг уурын албаны дарга/

Шаравдоржийн Жадамба нь 1935 оны нэгдүгээр сарын 19-нд Дорноговь аймгийн Баянмөнх сумын /одоогийн Өргөн сум/ нэгдүгээр багийн нутаг “Сүүдэрт” гэдэг газар малчин ард Мөрийн хүү болон төржээ.

1943-1947 онд сумынхаа бага сургууль, 1947-1953 онд Сайншанд хотын 10 жилийн сургууль, 1953-1958 онд Ленинградын хотын Ус, цаг уурын дээд сургуульд явж суралцаад цаг  урьдчилан мэдээлэх инженерийн мэргэжил эзэмшжээ. Жадамба дээд сургуулиа төгсөж ирээд 1958 оноос Ус цаг уурын хороонд (1962 оноос хойш Ус цаг уурын албаныг удирдах газрын) ажиллаж эхэлсэн юм.

Тэрээр урьдчилан мэдээлэх товчоонд дагалдан инженер, инженер, ахлах инженер, дарга, 1966 оноос Ус, цаг уурын шинжилгээний институтын орлогч захирал, захирал, Ус цаг уурын албаныг удирдах газрын орлогч дарга, 1981 онд  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газрын даргаар ажиллаж байв.

Ш.Жадамба 1970-1972 онд Москва хот дахь ЗСБНХУ-ын Ус, цаг уурын эрдэм шинжилгээний төвийн аспирантурт суралцаж, “Төв ази дээрхи хүйтний улирлын агаарын урсгалууд” сэдвээр газарзүйн ухааны дэд эрдэмтний зэргийг хамгаалж ирээд мөн л Ус, цаг уурын шинжилгээний институтийнхээ орлогч захирлаар ажиллаж байлаа.

Ш.Жадамба Монгол Улсын ус, цаг уурч дээд мэргэжилтнүүдийн анхдагч нарын нэгэн болон сургуулиа төгсөж ирсэн 1960-аад оны үед Монголын Ус цаг уурын албаны хэмжээнд аймаг, сумдад 30 гаруй станц, харуултай, Улаанбаатарт мэргэжлийн сургууль төгссөн 7 техникч, 3 инженертэй байсан байна. Тэр үед Ш.Жадамба цаг агаарын урьдчилсан мэдээ боловсруулан зохиох ажлыг нэг талаас Монгол орны байгаль цаг уурын бүс бүслүүрийн өвөрмөц нөхцөлд тохирсон, нөгөө талаар тухайн үеийн цаг уурын шинжлэх ухаанд нэвтэрч байсан шинэ ололт, арга ажиллааг нэвтрүүлэхэд чиглэсэн хэтийн хараатай, дэс дараатай хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажилласан юм.

Тэрээр Монгол улсын эдийн засгийн үндэс болсон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүднээс байгалийн нөөц баялаг болох ус, бэлчээрийн өөрчлөлт, хувьсалттай уялдуулан ухаалгаар удирдах цаг болсныг мэдэрсэн цөөхөн сэхээтнүүдийн нэг байлаа.

Ш.Жадамбын идэвхтэй үйл ажиллагаа, хөөцөлдөлгөөний үр дүнд 1962 онд МУИС-д цаг уурын инженер, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Хөдөө аж ахуйн техникумд дунд мэргэжлийн цаг уурчдыг бэлтгэх анги нээлээ.

Ш.Жадамба нэгэнт үндэсний боловсон хүчинтэй болсон цагт монгол орны ус, цаг уурын горим, нөөцийг шинжлэн судлах, хэмжилт, шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, солилцох, цаг уурын станц харуулын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, орчин үеийн багаж төхөөрөмжөөр хангах ажлыг алхам алхмаар шийдвэрлэж, 100 гаруй жилийн түүхтэй Дэлхийн цаг уурын байгууллагын хүрээнд идэвхитэй ажиллагаа явуулж болохыг мэргэнээр төсөөлж, холч ухаан, ажил хөдөлмөрийн үр дүнгээрээ үлгэрлэн чиглүүлж байсан нь Ш.Жадамбын эх орон, ард түмнийхээ өмнө, Монгол улсын Ус цаг уурын албаны өмнө байгуулсан гол гавьяа юм.

Ш.Жадамбын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 1960- аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Ус цаг уурын алба мэргэжлийн боловсон хүчнээр бэхжих, Монгол улсын Ус цаг уурын шинжлэх ухааныг хөгжүүлэх, ус, цаг уурын мэдээллийн нийгэм эдийн засгийн хэрэгцээг хангах, хэрэглээний мэдээллийн төрөл зүйлийг олшруулах түүний үр дүн, чанарыг шинэ түвшинд гаргах тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдсэн юм.

Ус цаг уурын эрдэм шинжилгээний институтийг 1966 онд байгуулснаар ажиглалт, шинжилгээ, мэдээлэл боловсруулалтын эрдэм шинжилгээний ажилд чанарын ахиц гарсан юм. Тухайлбал 1966 оныг 1956 онтой харьцуулахад ус цаг уурын станц, харуулын тоо 2,7 дахин, шуурхай мэдээллийн тоо 3,2 дахин нэмэгдэн цаг агаарын урьдчилсан мэдээний таарц 6,8 хувиар дээшилсэн байлаа.

 Ус цаг уурын орон нутгийн станц, харуулын сүлжээг өргөтгөж, шинэ багаж төхөөрөмжөөр тоноглох ажлыг эрчимжүүлэх үүднээс 1968-1979 онд НҮБ-ын Тусгай сан/тэр үеийн нэрээр/ Дэлхийн цаг уурын байгууллагын буцалтгүй тусламжийн МОН/68/503/ болон МОН/71/512/ төслөөр /3,0 сая гаруй ам.долларын/ ус цаг уурын 63 станц, харуулыг шинээр байгуулж, 34 салбарыг нөхөн төхөөрөмжилж,         1974-1979 онд ус цаг уурын мэдээлэлийг цуглуулах, солилцох харилцаа холбооны систем, мэдээллийг боловсруулах өндөр хурд бүхий тооцоолон бодох төвийг байгуулан, цаг уурын радиоавтомат станцууд суурилуулан ашиглалтанд оруулсан юм. Эдгээр төслийн анхны бичиг баримт, үндэслэлийг боловсруулахад Ш.Жадамба тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсны зэрэгцээ хэрэгжүүлэх явцад Монголын талын удирдагчаар ажиллаж байлаа.

Монголын өргөн уудам нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан олон арван хөдөө аж ахуйн цаг уурын харуул, ус цаг уурын станц, цаг уурын автомат станц, цаг уурын тооцоолон бодох төвийн суурь машинт тооцооллын станц байгуулах зэрэг нөсөр их ажлыг цаг хугацаанд нь төлөвлөсөн тоо хэмжээгээр нь гүйцэтгэхэд Жадамбын санаачлага, зохион байгуулах ур чадвар, ажлын зарчимч шаардлага, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсрол шийдвэрлэх ач холбогдолтой байсан билээ.

Дэлхийн хиймэл дагуулас зурагт мэдээ хүлээн авах газрын станцыг Дэлхийн цаг уурын байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны  хөтөлбөр /СДХАХУ/-ийн хөрөнгөөр байгуулан, Монгол орны өргөн уудам нутагт үүлний зургийг хоногт хоёр удаа ЗХУ-ын  /хуучин нэрээр/ “Метеор” АНУ-ын “Тайрос” хиймэл дагуулаас шууд авч, шуурхай  мэдээлэлд ашигласнаар цаг агаарын урьдчилсан мэдээний таарцыг дээшлүүлэхэд чухал алхам болсон юм.

Жадамба Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн холбооны чуулган, Дэлхийн цаг уурын байгууллагын үндсэн системийн техникийн комиссын удаа дараагийн чуулганд төлөөлөгчөөр оролцон, Монгол улс Дэлхийн цаг уурын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд үлэмжийн хувь нэмэр оруулсан юм.

Ус цаг уурын албаныг  бүхэлд нь хамарсан идэвхитэй, үр нөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж Жадамбад 1966 онд Ус цаг уурын эрдэм шинжилгээний институтын орлогч захирлаар томилогдсоноор нээгдсэн юм. Тухайлбал Ус, цаг уурын эрдэм шинжилгээний институтийг байгуулах, зохион байгуулалтын хувьд нь бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөтгөх, үр дүнг нь  шуурхай ажиллагаанд  нэвтэрүүлэх, цаг агаарын урьдчилсан ба урьдчилан сэргийлэх мэдээний таарцыг дээшлүүлэх, шуурхай ажиллагаанд тухайн үеийн шинэ техник, технологи нэвтэрүүлэх хэрэгт Жадамба өөрийн бүхий л боломж, эрдэм мэдлэг, ажлын туршлагаа байнга дайчлан ажиллаж байсан юм.           

Жадамба 1973 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газрын /хуучин нэрээр/ эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад 1976 онд МАХН-ын Төв Хорооны Хөдөө Аж Ахуйн хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгчээр дэвшин томилогдсон юм.

Түүнийг Намын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд хөдөө аж ахуй, усны аж ахуй, байгаль орчны салбарт бодлогын чанартай томоохон асуудлууд шийдвэрлэгдэж байсан юм.