Долодын Түвдэндорж

/1962-1981 онд ус цаг уурын албаны дарга/

Д.Түвдэндорж нь Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1933 оны 5 дугаар сарын 18-нд төрж, аймгийн 10 жилийн сургуулийг 1952 онд, ЗХУ-ын Ленинград хотын Ус цаг уурын дээд сургуулийг 1957 онд тус тус дүүргэжээ.

Сургуулиа төгсөж ирээд 1957-1960 онд Ус цаг уурын шинжилгээний хорооны урьдчилан мэдээлэх товчооны дарга, 1960-1962 онд Ус цаг уурын шинжилгээний хорооны орлогч дарга, 1962-1981 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харъяа Ус цаг уурын албаныг удирдах газрын дарга, 1981-1985 онд БНМАУ-аас Алжир улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1985-1987 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын референт, 1987-1992 онд Байгаль орчныг хамгаалах яам, Байгаль орчны хяналтын улсын хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1992-1994 онд  Байгаль орчны хяналтын улсын хорооны харъяа Дархан газар, Байгалийн аялал жуулчлалын улсын албаны мэргэжилтэн, 1994-1998 онд “Ивэн” ХХК-ний гүйцэтгэх захирал, 1998-2002 онд Байгалийн аялал жуулчлалын “Нүхт” ХХК-ийн зөвлөх, 2002 оноос Монголын Ус цаг уурын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Түүнчлэн 1966, 1971, 1976, 1981 онуудад МАХН-ын Төв шалган байцаах комиссын гишүүн, 1970-1975 онд ДЦУБ-ын Азийн бүсийн II холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ДЦУБ-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа. “БНМАУ-ын нутаг дэвсгэр дээрхи шороон шуурга” сэдвээр 1974 онд Газар зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг /PhD/ хамгаалсан юм. Ус цаг уурын салбарт ажиллаж байх хугацаандаа “БНМАУ-ын нутаг дэвсгэр дээрх шороон шуурга”, “Монгол орны уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас”, “Монгол орны уур амьсгалын лавлах”, “Барилгын зураг төсөл зохиоход баримтлах уур амьсгал, геофизикийн үзүүлэлтүүд”, “Байгаль орчин, хөгжлийн англи-орос-монгол нэр томьёо”, “Монгол улсын Ус цаг уурын байгууллагын түүх”, “Манай Цэрэндэлэг” 2007 онд өөрийнхөө намтарчилсан дурсамж болох “Тэнгэр лусын манаанд” зэрэг ном, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хамтран туурвисан буюу хянан тохируулж, эрдэм шинжилгээ, сурталчилгаа, зохион байгуулалтын холбогдолтой 20 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна.

Д.Түвдэндорж Ус цаг уурын албанд шинэ техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэн, материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, тус албаныг шинжлэх ухаан, мэдээлэл үйлчилгээний нэгдсэн тогтолцоо болгон хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн.

 Монгол улсад Ус цаг уурын алба үүсэн бэхжих эхний шатны хүнд бэрх жилүүдэд тус албаныг 20 гаруй жил удирдан хөл дээр нь босгосон гавьяат үйлсийг нь хойч үе бид мартах учиргүй билээ.

“Жирийн малчны хүү дунд, дээд сургууль дамжин номд суралцан мэргэжил эзэмшиж, төрийн сайдын зиндааны ажилд ямар нэгэн татаас түлхээсгүй томилогдоод бас нэлээд хэдэн жил хашсан нь бидний үеийнхний хэллэгээр нам, засгийн хайр халамж, ач тус болой.

Билгийн мэлмий нээж, ЗХУ-аас өрх тасарч, шинээр тусгаар тогтносон улсуудыг оруулбал 40 шахам улс оронд очсон байх тул ертөнцийг таниулсан цаг уурчийн мэргэжил эзэмшсэнийгээ бибээр бурханаас хайрласан өгөөмөр хишиг, хувь тавилангийн азтай төөрөг хэмээн үзэж, ямагт сэтгэл хангалуун бахархсаар эдүгээ хүрсэн юмаа” хэмээн “Тэнгэр лусын харуул” хэмээх өөрийн дурсамжийн номондоо тэрээр тэмдэглэн үлдээсэн байна.

Д.Түвдэндоржийн ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлж 2007 онд Монгол улсын “Байгаль орчны гавьяат ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын ойн медалиуд,  “Ус цаг уурын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртээсэн бөгөөд “Монголын алдарт хүмүүс-XXI зуун Алтан ном”-ын тэргүүн ботьд нэрийг нь мөнхөлжээ.