Удирдлагын мэндчилгээ

Эрхэм таны энэ өдрийн амрыг айлтган мэндчилье!

Ер гаруй жилийн түүхтэй Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын цахим хуудсанд зочилж буй эрхэм хэрэглэгч тантай уулзаж байгаадаа баяртай байна.

Ус цаг уур, орчны мэдээлэл, үйлчилгээ, шинжилгээний ажлын үр дүнг манай орны хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай болон эдийн засгийн бүхий л салбар, соёл шинжлэх ухаан, ард иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргахын төлөө бид хичээн ажилладаг билээ.

Тус газраас сүүлийн жилүүдэд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангах, Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын гишүүн орнуудад ашиглаж буй тоон прогноз боловсруулах өндөр хурдны Супер компьютер ашиглах, сансрын хиймэл дагуулын мэдээллийг өөрийн оронд бодит хугацаанд хүлээн авч боловсруулан, ургамал бүрхэвч, цасан бүрхүүл, ой хээрийн түймэр, ган, цөлжилт, хөрсний чийг, үүлшил зэрэг орчны төлөв байдлыг Монгол орны хэмжээнд тасралтгүй орон зайд үнэлж, зураглах гэх мэт шинжлэх ухаан, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээг авч, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол улсын Ус цаг уурын албаны хувьд анх удаа тохиосон томоохон хэмжээний бүтээн байгуулалт бол салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж 2014 онд Улаанбаатар хотод 12,7 тэрбумын төсөвт өртөгтэй 197 айлын орон сууцыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн явдал байлаа.

Бид ус цаг уур, орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, ялангуяа ус, цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Монгол улсын Ус цаг уурын байгууллага өнгөрсөн түүхийн 90 гаруй жилийн хугацаанд улс орны нийт нутгийг хамарсан ажиглалт, хэмжилтийн нэгдсэн сүлжээ байгуулж, ус цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгон, орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлж, дэлхийн түвшинд хүрсэн, биеэ даасан үндэсний алба болтлоо хөгжиж чадсаныг бахархан тэмдэглэж байна.

Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм таныг өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН

ДАРГА                            С.ЭНХТҮВШИН