Tuesday , December 12 2017

Түүхэн замнал

Түүхэн замнал
Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын албаны түүх 1930 оноос эхлэлтэй. 1930 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд цаг уурын анхны станц байгуулагдсан ба даргаар нь М.Н.Шастин, ажиглагчаар нь А.П.Старников хэмээх орос мэргэжилтнүүд ажиллаж байжээ. Энэ станц нь 2 жил болоод үйл ажиллагаагаа зогсоосон байна. 1935 оны 7 дугаар сарын 19-нд БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газрын хооронд цаг уурын ба усны шинжилгээний талаар хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1939 оны 12 дугаар сарын 1-нд аймгийн анхны цаг уурын станц албан ёсоор байгуулагдсан билээ.
1942 онд Монголын томоохон 7 гол дээр ус судлалын 9 харуул байгуулах шийдвэрийн дагуу 1942 оны 9 дүгээр сарын 17-нд Сүхбаатар сумын орчим Орхон гол дээр, 10 дугаар сарын 10-нд Баянгол сумын Хараа гол дээр ус зүйн харуулуудыг байгуулсан байна.
Хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэхэд ХАА-н цаг уурын шинжилгээний албыг байгуулах шийдвэрийн дагуу 1959 оны 8 дугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зэлтэр харуулуудыг байгуулсан.
УЦУАУЕГазрын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод Монгол улсын анхны Хөдөө аж ахуйн цаг уурын станцыг 1964-9-1-нд байгуулжээ. Тус станц хөдөө аж ахуйн цаг уурын өргөн хөтөлбөрт ажиглалтыг хийж байсан ба УЦУАУЕГазрын даргын 1977 оны 1 тоот тушаалаар татан буулгаж 1977 оны 2 дугаар сарын 28-нд Сүхбаатар суманд нүүлгэн шилжүүлсэн байна.
Үр тариа, эрчимт мал аж ахуйн чиглэлээр байгуулагдсан сангийн аж ахуйн
ургац нь байгаль цаг уураас шууд хамааралтай учир цаг уурын мэдээ түүний таарц улс ардын аж ахуйд онцгой ач холбогдолтой болж ирснээс Засгийн газар цаг уурын албыг шууд өөрийн мэдэлд авч төвлөрсөн удирдлагаар хангах зорилгоор 1962 онд ХАА-н харьяа Ус цаг уурын удирдах хороог БНМАУ-ын СнЗ-ийн харьяа Ус цаг уурын удирдах газар болгон өөрчилж аймгуудад Цаг уурын товчоог зохион байгуулав.
УЦУАЕГазрын Даргын 1964 оны 8-р сарын 27 –ны өдрийн 12 тоот
тушаалаар “Сэлэнгэ аймгийн Цаг уурын товчоо”-г байгуулжээ.
Тус товчоо нь тухайн үед тус аймгийн сумдад ажиллаж байсан цаг уурын
станц, салбаруудын ажлыг шалган зааварлах, шинжилгээний тайлан материалд анхны дүгнэлт хийх, орон нутгийг ус цаг уурын баттай мэдээний эх сурвалжаар хангах, бусад сумдад шинэ салбарыг зохион байгуулж цаг уурын станцуудыг материаллаг бааз, багаж төхөөрөмжөөр хангах, аж ахуй санхүүгийн зохион байгуулалтаар шууд удирдан ажиллах зорилгоор байгуулагджээ.
Энэ товчооны анхны даргаар Б.Дугаржавыг томилсон байна.
Энэ үед тус аймгийн Баянгол, Шаамар, Ерөө, Зүүнхараа, сумдад Цаг уурын
станц, Алтанбулаг, Зэлтэр, Зүүнбүрэн, Орхонтуул сумдад цаг уурын харуул Сүхбаатар, Баруунхараа, Шаамар, Ерөө, Зүүнбүрэн сумдад ус судлалын харуулууд ажиллаж байжээ.
Ийнхүү аймаг орон нутаг бие даасан Цаг уурын товчоотой болсноор үйл
ажиллагаа нь жилээс жилд улам өргөжин, ХАА-н станц, Ус судлалын станц, Урьдчилан мэдээлэх товчоо, БОШЛаборатори, Уур амьсгал боловсруулалтын салбар, мэдээллийн сан зэрэг мэргэжлийн салбар нэгжүүдтэй болж хөдөө орон нутагт эрдэм шинжилгээ судалгааны ажлыг бодитой бөгөөд тогтвортой явуулж эхэлжээ.
• 1988 онд аймгийн Ус цаг уурын товчоог бүтцийн өөрчлөлтөөр татан буулгаж Ойн аж ахуйтай нэгтгэн “Байгаль хамгаалах газар” болгон өргөтгөж даргаар нь Н.Жамсранг томилжээ. Гэвч энэ бүтцийн өөрчлөлт нь төдий л оновчтой биш байсан тул 1994 оноос “Ус цаг уур байгаль орчны шинжилгээний төв” болгон зохион байгуулж даргаар нь Т.Лувсандоржийг томилсон байна.
• Улс орон зах зээлийн системд шилжсэн тэр он жилүүд цаг уурын байгууллагыг тойрч гараагүй бөгөөд хөрөнгө мөнгө санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан 1991-1992 онуудад тус аймгийн Жавхлант, Алтанбулаг, Сант Сайхан, Шаамар сумдад ажиллаж байсан хөдөө аж ахуйн цаг уурын харуулуудыг татан буулгаж, Сүхбаатар цаг уурын станцыг 1994 оны 9-р сарын 26-нд мөн УЦУТовчооны дэргэд нүүлгэн шилжүүлж ирсэн байна.
Тус төв нь өнөөдөр мэргэжлийн 6 салбар, хөдөө орон нутагт анхан шатны 23 ажиглалтын нэгж салбартай 69 ажилтан албан хаагчтайгаар Аймгийн нутаг дэвсгэр дээрхи уур амьсгал,хөдөө аж ахуйн цаг уур, гадаргын усны нөөц,горим зүй тогтолыг илрүүлэх, цацраг идэвхжил, агаар, хөрс, усны бохирдлын төлөв байдалд тасралтгүй хяналт судалгаа хийж, Ус цаг уур, байгаль орчны одоогийн ба ирээдүйн төлөв байдлыг урьдчилан мэдээлэх, Ус цаг уур байгаль цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэргийлэх, цаг агаар, уур амьсгалын нөөцийг бүрэн дүүрэн ашиглуулах нөхцлийг бүрдүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус товчоо нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хэмжээнд өрнөсөн бүх ард түмний социалист уралдаанд амжилттай оролцон 1969 онд социалист хөдөлмөрийн бригад болж 1971,1973, 1975 онуудад аймагтаа системийн байгууллагуудаас тэргүүлэн “Аймгийн аварга” хамт олон болж Аймгийн намын хороо, АДХГЗахиргаа, ХЗЭ-ийн Хорооны диплом мөнгөн шагналаар шагнуулж Улсын тэргүүний социалист хөдөлмөрийн байгууллага хамт олон болж байлаа.
1977 онд УЦУТовчооны ажлын үйл ажиллагааг дэмжин ажиллагсдын ажиллах орчин нөхцөл байдлыг сайжруулах ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор төр засгаас конторын хоёр давхар шинэ барилга барьж өгсөн тул 1978 оны 1-р сараас эхлэн шинэ контортоо шилжин орсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>