Friday , November 16 2018
Онцлох мэдээ

Түүхэн замнал

Монголчууд Төв Азийн өргөн уудам нутгаар хэдэн мянган жил нүүдэллэн амьдрахдаа байгалийн үзэгдэл юмс, түүний дотор цаг уурын нөхцөл байдал хийгээд газрын доорх болон гадаргын усны горим нөөцийн хувьсан өөрчлөгдөх зүй тогтолыг гярхай ажиглан танин мэдэж, амьдрал ахуйдаа чадварлагаар ашиглаж ирсэн баялаг туршлагатай ард түмэн билээ.

1935 оны 7 сарын 19-нд БНМАУ, ХОУ-ын засгийн газрын хооронд “Ус цаг уурын талаар хамтран ажиллах тухай“ байгуулсан хэлэлцээрээр Холбоот Орос Улс цаг уурын 7 өртөөг өөрийн хүч хөрөнгөөр Монголд байгуулж, эдгээр өртөөг ижил багаж хэрэгсэлтэй, нэгдсэн нэг хөтөлбөрөөр ажиллуулах боломжийг бүрдүүлж өгсөн юм.Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол улсын ус цаг уурын шинжилгээний анхны долоон станцын нэгийг Өндөрхаан хотод 1936 оны 08 дугаар сарын 05-нд “Агаар шинжилгээний станц” нэртэй байгуулж, станцын даргаар Орос мэргэжилтэн А.П.Киселёв ажиллаж байжээ. Тус станц нь зөвхөн уур амьгалын 4 хугацааны /01, 07, 13, 19 цагт/ ажиглалт хийж мэдээ материалаа Улаанбаатар хот дахь Улаанхуаранд байрлаж байсан ЗХУ-ын ус цаг уурын товчоонд явуулдаг байсан гэдэг. Эхний жилүүдэд тухайн үеийн ЗХУ-ын мэрэгжилтнүүд цаг агаарын ажиглалт хэмжилийг хийж байсан бөгөөд 1954 оны 05 дугаар сараас Монголчууд бие даан бүрэн хариуцаж ажиллахад Өндөрхаан станцын анхны Монгол даргаар Дашийн Даваажав томилогдож ажиглагчаар Норов, У.Лодоншарав, Цэнджав нар ажилласан байдаг.

 

1935 оны хэлэлцээрийн хугацааг сунгах тухай хэлэлцээрт 1940 оны 10 дугаар сарын 26-нд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд маршал Х.Чойбалсан, ЗЗНЖБНХУ-аас БНМАУ-д суух Бүрэн эрх барих төлөөлөгч И.А.Иванов нар гарын үсэг зуржээ. Энэ хэлэлцээрийн дагуу 1942 онд Монгол орны гол мөрний усны горим, нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй, хэтийн төлөвлөгөөтэй тогтмол судлах ажлыг эхлүүлж ус судлалын харуулуудыг байгуулсны хоёр нь Хэнтий аймагт Хэрлэн – Өндөрхаан, Онон – Биндэр нэртэй байгуулагдсан байна.

Орон нутаг дахь өртөө харуулын тоо олширч тэдгээрийг шуурхай удирдлагаар хангах, өртөө харуулыг шалган зааварлах, ажиглалтын материалд техник шүүмж шалгалт хийх ажлыг хариуцуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 64-р тогтоолын дагуу 1963 онд Ус цаг уурын товчоог байгуулж, Товчооны анхны даргаар Дугаржав томилогдож байжээ /1954-1955 онуудад Ус цаг уурын хорооны аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан /.

1987 оны 6 дугаар сарын 22-нд Ус, цаг уурын товчоог Ус, цаг уурын газар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аймаг нийслэлийн Ус цаг уурын газрыг Байгаль орчныг хамгаалах газар, 1990 оны 11 дүгээр сараас аймгуудын Байгаль орчныг хамгаалах газрыг Байгаль орчны хяналтын газар, 1992 оны 08 сарын 30-ны өдрөөс Ус цаг уур орчны шинжилгээний төв, 2000 оны 01 сарын 06-нд “Байгаль орчин-Ус цаг уурын төв” 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ус цаг уур, орчны шинжилгээний төв, 2009 оноос “Ус цаг уур, орчны шинжилгээний алба”, 2017 оны ….сарын….нд УЦУОШГ, 2018 оны … сарын ……..нд УЦУОШТ болгон тус тус өөрчилж байсан. Ийнхүү Ус цаг уурын байгууллагын орон нутгийн салбар нэгж бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөөр өдийг хүрсэн нь тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын тусгал болж түүхэнд үлджээ.

Хэнтий аймгийн УЦУОШТөв одоогийн байдлаар Цаг уурын орчны шинжилгээний хэлтэс, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс, Захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн бүтэцтэй, 86 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээр дурьдсан хэлтэс, хэсэг, тасгууд нь ус, цаг уур, орчны шинжилгээний өртөө, харуулыг мэргэжлийн удирдлагаар хангах, шинжилгээ, судалгаа, мэдээллийн хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавих, анхан шатны ажиглалт, судалгааны материалыг боловсруулах, цаг агаарын урьдчилсан мэдээ зохион гаргах, цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх, байгаль орчинд хяналт шинжилгээ хийх, мэдээ мэдээллийг хүлээн авах, дамжуулах, хэрэглэгчдэд хүргэх үндсэн чиглэлтэй ажиллаж байна.

Ийнхүү Монголын ус цаг уурын ууган салбарын нэг Хэнтий аймагт байгуулагдаж, улмаар судалгаа шинжилгээний хөтөлбөрт ажил нь өргөжин тэлсээр өнөөдөр ажил үйлс нь төлөвшиж жигдэрсэн ус цаг уур орчны хяналт шинжилгээний өргөн сүлжээтэй, шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлын баялаг туршлагатай алба болон хөгжиж үйл ажиллагаагаа явуулж байна.


Он цагийн товчоон
• 1936 онд Ус цаг уурын шинжилгээний станц /Өндөрхаан/
• 1942 онд Хэрлэн-Өндөрхаан ус судлалын харуул
• 1963 онд СНЗ-ийн 64-р тогтоолоор аймгийн цаг уурын өртөөг Ус цаг уурын товчоо болгон өргөтгөж даргаар Дугаржав томилогдож байв.
• 1975 онд ХААЦУ-ын станц
• 1983 онд Урьдчилан мэдээлэх товчоо
• 1987 онд Ус судлалын станц
• 1989-1991 онд Агро цаг уурын станц
• 1991 онд агаарын бохирдлыг хянах Бор-Өндөр харуул
• 2008 онд Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц
• 2009 онд Шар шороон шуурганы автомат станц
• 2009 оноос цаг уурын өртөөдөд орчин үеийн цаг уурын автомат станцууд тавигдаж эхэлсэн.
• 2012 онд Байгаль орчны шинжилгээний лаборатори зэрэг станц, харуул, салбарууд байгуулагдсан байна.
Албаны дарга, удирдлага
• 1954 оны 05 дугаар сард Дашийн Даваажав Өндөрхаан станцын анхны Монгол даргаар томилогдон ажилласан байдаг.
• 1955 оны 06 дугаар сард Адъяасүрэн Өндөрхаан станцын дарга
• 1956 оны 06 дугаар сард Бат Өндөрхаан станцын дарга
• 1958 оны 07 дугаар сараас-1961 оны 05 дугаар сар хүртэл У.Лодоншарав Өндөрхаан станцын дарга
• 1961 оны 06 дугаар сараас Дашийн Даваажав Өндөрхаан станцын дарга
• 1962 оны 06 дугаар сараас У.Лодоншарав Өндөрхаан станцын дарга
• 1962 оны 11 дугаар сараас Дугаржав
• 1963 онд Ус цаг уурын товчоог байгуулж, Товчооны анхны даргаар Дугаржав томилогдож байжээ.
• 1964-1972 он Ус цаг уурын товчооны дарга Доёдын Гомбожав
• 1972-1985 он Ус цаг уурын товчооны дарга Түвдэндоржийн Лувсандорж
• 1985-1991 он Ус цаг уурын товчоо, Ус цаг уур, байгаль орчны газрын дарга Шагдарын Гомбодорж
• 1991-1992 он Ус цаг уур, байгаль орчны газрын дарга Далхжавын Занабаатар
• 1992-2003 он УЦУОШТ-ийн захирал Лувсангомбын Чулуун
• 2003 – 2008 он УЦУОШТ-ийн захирал М.Энхцэцэг
• 2008 оноос одоог хүртэл УЦУОШТ-ийн дарга Л.Чулуун
Нэгэн түүх: ЦУОШГ-ын архиваас олдсон баримтаас үзэхэд тус өртөөнд 1937 оноос Монгол хүмүүс дагалдан сурч Оросуудтай хамт ажиллаж байжээ. Тодоруулвал: 1937 оны 6 дугаар сард Дагвадорж, 1938 оны 1 дүгээр сард Лувсансодном, 1939 оны 1 дүгээр сард Чойжамц, 1939 оны 3 дугаар сард У.Лодоншарав, 1952 оны 2 дугаар сард Т.Гонгор, 1953 оны 6 дугаар сард Чүлтэм, Даваажав нарын хүмүүс ажиглагч хийж байсан байх боловч эдгээр хүмүүсээс тогтвортой олон жил ажилласан нь У.Лодоншарав, Д.Даваажав нар байдаг.
“…Станцын контор нь хуучин Цэцэн хааны Хөх сүм гэдгийн нэг байшинд байсан. Цаад өрөөнд мэргэжилтэн Киселёв суудаг үүдэнд жижиг жаахан өрөөнд станц байдаг. Өрөөнд шинжилгээний багажууд нэг стол, хоёр сандал, нэг диваантай байсан юм. Харин тэгэхэд станцад чийдэн телефон утас байгаагүй билээ. Зөвлөлтийн мэргэжилтэн Киселёв энэ ажлын талаар надад уйгагүй зааж сургасны ачаар би багагүй зүйлүүдийг мэдэх болж 1939 оны намар станц найман хугацааны ажиглалттай болж би тэр үеээс эхэлж цаг агаар хэвийн байдалтай үед ажиглалт хийж чадах болтлоо суралцаж энэ байгууллагад ажиллах замаа нээж сайн сайхан ажиллаж амьдарч байлаа…” Уяагийн Лодоншарав гуайн дурсамжаас.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *