Thursday , November 23 2017

Аюулаас амжиж сэрэмжлэх мэдээллийн сүлжээг говь хээрийн бүсэд ашигладаг болно.

111Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээг малчид бие биедээ дамжуулж, хохиролгүй даван туулах бэлэн байдлыг амжиж хангахад тусладаг системийг Дундговь аймагт ашигладаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ системийг зөвхөн Дундговь аймагт бус монгол орны говь тал хээрийн бүсийн аймгуудын малчид ашигладаг болох талаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан гэж системийг санаачлан байгуулагч УИХ- ын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат ажилтан Н. Тогтох хэллээ.

            Тэрээр арваад жилийн өмнө Эрдэнэдалай сумын цаг уурын өртөөнд Аюулаас амжиж сэрэмжлэх цогцолборыг /ААСА /анх байгуулж  байсан юм. Цаг уурын мэргэжлийн байгууллага цаг агаарын урьдчилсан мэдээг 3- 5 хоногийн өмнө мэдээлдэг. Харин ААСА цогцолбор цаг агаарын аюулт үзэгдэл тухайн нутаг дэвсгэрт орж ирснийг анхааруулж, хэдэн цаг, минутын дараа хаана очихыг богино долгионы радиогоор малчдад хүргэдэг  бөгөөд энэ нь цаг агаарын аюулт үзэгдлээс  амь амжиргаагаа хамгаалахад малчдад тусалдагаараа илүү бодит мэдээлэл болж чаддаг байна. Жишээлбэл, өнгөрсөн хавар гуравдугаар сарын 3- 4 нд шилжих шөнө тохиосон хүчтэй цасан шуургыг Эрдэнэдалай сумын малчид гарз хохиролгүй давсан байдаг.

        Сумынхаа баруун хойно нутагладаг малчин Д. Дуламсүрэн салхи шуурга эхэлж байгаа тухай мэдээг ААСА цогцолбороор 17 цаг 20 минутад өгсөн бол үүнээс хойш 24 минутын дараа сумын төвд шуурга ирж, 90 минутын дараа сумын зүүн хил орчимд нутагладаг малчин н.Жамъян шуурга эхэллээ гэдэг мэдээг дамжуулсан байдаг. Энэ хооронд малчид шуурганаас хамгаалах бэлэн байдлаа амжиж ханган, малын гарзгүй давсан бол зэргэлдээ сумд 6- 14 мянган малаа шуурганд алдсан хохирол гарч байжээ.

          Дундговь аймгийн нийт нутаг дэвсгэрт мэдээлэлийг дээрхийн адилаар дамжуулах цогцолбор баруун бүсийн Эрдэнэдалай, зүүн бүсийн Говь- Угтаал, төвийн Сайнцагаан суманд ажиллаж байгаа юм. Бүсийн ААСА цогцолборууд тус бүртээ 160- 170 км- ийн радиуст богино долгионы радиогоор малчдад мэдээлэл хүргэдэг.

           Өнгөрсөн намраас эхлэн Дундговийн малчид 340 гаруй км- ийн алсаас цаг агаарын аюулт үзэгдэл айсуйг мэдэх нөхцөл бүрдсэн гэдгийг УИХ- ын гишүүн асан Н. Тогтох тодотгон хэллээ. Өөрөөр хэлбэл, шуурга цас Дундговийн нутаг дэвсгэрт орж ирсэн хойно мэдээлдэг байсан бол одоо Өвөрхангай, Төв аймгийн хил залгаа сумдын цаг уурын өртөө харуулаас мэдээ хүлээн авдаг урьдчилан анхааруулдаг болсон байна. Энэ тухайд Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С. Энхтүвшин тодруулахдаа, “Цаг уурын байгууллага 3- 7 хоногийн өмнө мэдээлдэг. Зарим үзэгдэл Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй, заримдаа шинээр үүссэн процесс ч байдаг. Яг хэдэн цагт аюулт үзэгдэл орж ирэх вэ гэдгийг мэдэх боломж тэр бүр байдаггүй. Одоо бол хөрш зэргэлдээ сумдын өртөө харуул аюулт үзэгдэл ороод ирэнгүүт хурдыг нь тооцоод Дундговь дахь ААСА цогцолборт өгнө. ААСА цогцолбор шуурхай хугацаанд малчдад мэдээлнэ. Энэ бол аюулт үзэгдлээс бүрэн хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн илүү бодит мэдээлэл болж байгаа юм” гэлээ.

           Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан Монгол орны хувьд говь тал хээрийн бүсээ ийм мэдээллийн сүлжээтэй болгочихвол цаг агаарын аюулт үзэгдлээс мал сүрэг, өөрийн эрүүл мэнд, цаашлаад амь насаа хамгаалах бэлэн байдлыг малчид хангадаг болно. Мал сүрэг төрийн хамгаалалтад байх нөхцөл бүрдэнэ. Мөн малчдын оролцоо идэвхижиж, хариуцлага нэмэгдэнэ. Энэ утгаар Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, зөвхөн нэг аймагт хэрэгжиж байгаа ажил арав шахам жилийн дараа ийнхүү төрийн бодлогын анхааралд өртжээ.

About Dundgovi Us tsag uur

Check Also

2017 оны бүтээлч ажил-4

2017 оны 05-о сарын 6-нд Дундговь аймгийн Нисэх буудлаас хойш зам хүртэлх талбайн хогийг, 05-р ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>