Tuesday , October 17 2017

Түүхэн замнал

ДОРНОГОВЬ  АЙМГИЙН  УС  ЦАГ  УУРЫН  БАЙГУУЛЛАГЫН  ТҮҮХ.

20151015_095712

          Анхны цаг уурын станц 1938.10.18 нд ЗХУ-ын техник төхөөрөмж, мэргэжилтний тусламжаар анх Сайншандад байгуулагдсан.

Аэрологийн станц               1960.12.14. Сайншанд

ХАА-н цаг уурын станц     1960.12.14.      Мандах

Аймгийн Ус цаг уурын товчоо 1963.03.01. Сайншанд

Нарны Цацраг судлалын салбар    1965 Сайншанд

Урдьчилан мэдээлэх товчоо /холбоо зангилгаа/  1983.09.01. Сайншанд

Агаар мандлын дээд давхаргыг судлах хамтарсан төв                         

1984.12.04. Сайншанд

Агаарын бохирдлыг хянах харуул 1987 Сайншанд

Монгол–Америкийн хамтарсан хүлэмжийн хийн   судалгааны станц  1992 Улаан-уул

Дотоодын мэдээллийн Х-25 сүлжээ, цахим тоолуурын төхөөрөмж 1996 Сайншанд

Синоптик инжнерийн автомажуулсан ажлын  байр нэвтрүүлж эхлэсэн 1997 Сайншанд

Уур амьсгалын автомат боловсруулалтын  кликом систем 1999 Сайншанд

Цаг уурын ажиглалтын автомат станц /SK-4100/, холбооны системийн сүлжээнд холбогдсон. 2004 Сайншанд

Япон-Монголын хамтарсан Шар шороон шуурганы автомат станц 2007 Сайншанд

Цаг уурын ажиглалтын автомат станц/CAMS-620/ 2008   Дэлгэрэх, Замын-Үүд

            Монголчуудын  өвөг  дээдэс олон  мянган жилийн  турш бэлчээрийн мал  аж  ахуйг эрхэлж, тэнгэрийн хаан- Хурмаст  тэнгэрээ  шүтэж, түүнийг  цаг  тутамд байнга   гярхай  ажиглан орчноо  танин  мэдэх чадвар  эзэмшсэнээрээ  байгальтайгаа ярьж  чаддаг  болсон  ард  түмэн  билээ.

            Манай  эх орны  өгөөмөр  баян  уудам  нутгийн зүүн урд  хэсгийг эртний  Хүннү  улс  Хэрэйд  аймаг, Манжийн  үед  Түшээт хаан, Автономит төрийн  үед Богд хаан  уулын аймаг, Ардын төр  засгийн үед 1930-аад оны  эхнээс Дорноговь аймаг  гэж  нэрлэгдсэн   болмой. Монгол  орны  ган  зудын катологийн мэдээллээс  үзвэл 3 жилд 1 удаа ган, 2 жилд 1 удаа зуд тохиолдож  байсан түүхэн  сургамж нь цаг агаарын  байдлыг  шинжлэн  судлах зайлшгүй шаардлагатай  болохыг  харуулж байна.

            Иймд тус  аймгийн  уур амьсгалыг  судлах  зорилгоор 1938 оны  10-р сарын 18-ны  өдөр  Сайншандад  ЗХУ-ын  (хуучин нэрээр )техник тоног  төхөөрөмж, эдийн  засаг, мэргэжлийн  боловсон хүчний дэмжлэгтэйгээр  цаг  уурын анхны  өртөөг байгуулсан түүхтэй.  1955 онд Улаанбаатар – Замын-үүдийн  төмөр замын тээврийн  сүлжээ  ашиглалтад орсон  тул  түүнийг  цаг  агаарын  мэдээгээр  үйчлэх шаардлагаар  Замын-үүд, Чойр 1955-1956 онд  цаг уурын  өртөө байгуулагдан   ажиллаж эхэлжээ. Анх  1925 онд  Замын-үүдэд  цаг  уурын  станц ажиллаж байсан  түүх байдаг.

            Агаарын  тээврийн нислэгт мэдээгээр  үйчлэх зорилгоор 1938 оноос Сайншандад   бөмбөлөг хөөргөх  салбар  байгуулан  улмаар  өргөтгөж, 1957 оны 7-р сарын 1-нд “ Малохит “ радиолокатор, РЗ-049 радиозонд, 100 ноймерын  бөмбөлгийн  тусламжтайгаар  агаарын  давхаргын  цаг  уурын  зарим элементүүдийг  судлах  үүрэгтэйгээр  радиозондын  газрыг  байгуулж, анхны  даргаар нь  Дорж  гэдэг  хүн  ажиллаж  байв.

            Мандах  суманд 1960 оны 7-р сарын  14-нд  цаг  уурын  сүлжээний  анхан  шатны  нэгж –  цаг  уурын  харуулыг байгуулж, хоногт 3 хугацааны  ажиглалт  хийж  байжээ. 1960-1969 онуудад  Хөвсгөл, Сулинхээр, Дэлгэрэх, Иххэт, Эрдэнэ, Сайхандулаан, Улаанбадрах, Айраг  сумдад  цаг  уурын  харуул байгуулж, 1961 онд  Чойбалсан (хуучин  нэрээр)аймгийн  төвд  цаг  уурын харуулын  ажиглагчийн  мэргэжил олгох 45 хоногийн  түр  сургалтаар Д.Эрдэнэцоо, Я.Ухнаа нар  суралцан төгсч, Сулинхээр, Дэлгэрэх  харуулын анхны  ажиглагчаар ажиллаж  эхэлсэн  ажээ. 1965 онд  Сайншандад  цаг  уурын  нарны  цацраг  судлалын  салбар  байгуулсан.

            Цаг  уурын  шинжилгээний  анхан  шатны  нэгжүүд  сумдад  байгуулагдаж  ирсэн  үеэс  тэднийг мэргэжлийн  арга  зүй, удирдлагаар  хангах  аймгийн  байцгууллага  бий  болгох  шаардлага  амьдралаас  урган  гарсан юм. БНМАУ-ын  Сайд нарын Зөвлөлийн  харъяа Ус  цаг уурын  албыг  удирдах  газрын  даргын  1963оны 84 тоот  тушаалаар  1963 оны 3-р сарын  1-ны  өдөр  Дорноговь  аймгийн  ус  цаг  уурын  товчоог  8 салбар, 31 хүний  орон  тоотой  байгуулж, анхны  даргаар нь  Д. Жамсранжав томилогдон  ажиллаж  эхэлсэн  байна.

            1965 онд  Сайншандад  нарны  цацраг  судлалын  салбар  байгуулагджээ. 1971-1974 онуудад  Алтанширээ, Хатанбулаг, Өргөн, Даланжаргалан сумдад цаг  уурын харуул  байгуулсны  гадна Мандах  сумын  Цагаанцавд усалгаатай  газар тариалан эрхэлж  тарвас, хүнсний  ногоо  тариалах ажлын  шаардлагаар  цаг  уурын  харуул 1978 онд  байгуулан  ажиллуулж  байв. Ийнхүү 1970 –аад  оны  дунд  үе  болоход  тус  аймгийн  бүх  сумдад  цаг  уурын  шинжилгээний   анхан  шатны  нэгжүүд  хөтөлбөрийн  дагуу  өртөө  хоногт 4  хугацааны  (08,14, 20,02 цагт), харуул  хоногт  3 хугацааны  ажиглалт (08, 14, 20 цагт)хийдэг  болж тусгай загварын дэвтэр, хүснэгт хөтлөн  материалыг  боловсруулан техник, шүүмж  шалгалтыг зааврын  дагуу  хийж  дээд  байгууллагад  илгээж мэдээллийн  сангийн  архив  бүрдүүлж  ирсэн  байна.

            Байгалийн  гамшигт үзэгдлээс  сэрэмжлүүлэх,  зорилгоор  ус  цаг  уурын  товчоонд  цаг агаарыг  урьдчилан  мэдээлэх  салбарыг  зураг мэдээг, радио долгионоор  хүлээн  авах  чадвартай  ФАК-П, телетайп, Р-250  радио хүлээн  авагч, нягтруулагч ПР- 314 зэрэг  тоног  төхөөрөмжөөр  тоноглогдсон  холбооны   зангилгааны  хамт  1981 оны 9-р сарын 1-ны  өдрөөс  эхлэн  байгуулж, төвтэй  хоногийн 24 цагийн  тасралтгүй  ажиллагаатай  холбооны  сувгаар  мэдээллийг  солилцож  үйл  ажиллагаагаа  явуулдаг  болжээ.

            Үүний  дүнд  синоптикийн  2-3 инженер, Холбооны  инженер, техникчид, операторч  нар  ажиллан  хоногт 5-12 төрлийн  зураг, мэдээллийг  хүлээн авч  боловсруулан, аймгийн  нутаг  дэвсгэртээ ажиглагдах  цаг  агаарын  төлөв байдлын  урьдчилсан мэдээг хоногоор, урьдчилан  сэргийлэх  мэдээг  тухай  бүрт нь  зохион аймгийн  төр  засгийн  байгууллага, иргэдэд  шуурхай  үйлчилж, ус  цаг  уурын  шинжилгээний  ажлын  үйлчилгээний  хүрээ  тэлж, чанар нь улсын  жишигт хүрсэн  байна.

            Урьдчилан  мэдээлэх  товчооны  ахлах  инженерээр  Ч.Сарантуяа, Синоптик  инженерээр Ш.Хүрэлтогоо, Б.Батсуурь, Д.Нарантуяа,  З.Саарал  нар  ажиллаж  байлаа. Холбооны  зангилгааны  инженерээр Г.Даваасүрэн, Б.Тунгалагтуяа, Л.Чимэдлхам, операторчоор Т.Боргил, Д.Дэлгэрсуурь, К.Хүсэлбадам, Л.Цэцэгдэлгэр нар  ажиллаж  байв.1962 оноос МУИС-д  цаг  уурын салбар, мөн  оноос  Архангай аймгийн  Хөдөө  аж  ахуйн  техникумд  цаг  уурын ангийг нээн инженер тусгай  дунд  мэргэжилтэн  бэлтгэж, 1967 онд  уугуул  анхны  инженер  Л.Нацагдорж, У. Цэдэндамба, 1966 онд  цаг  уурын  анхны  техникч  Н.Чүлтэм  нар  томилогдон  мэргэжлийн  ажлыг  Л.Нацагдорж, Н.Чүлтэм  нар эдүгээ  хүртэл 30  гаруй жил  тасралтгүй хийж  ирлээ.

      1970-1980-аад  оны  эцэс  хүртэл дээд,  тусгай  дунд  мэргэжилтэй  үндэсний  боловсон  хүчин 20 гаруй  хүн   бэлтгэгдэн ажиллаж  ирсний  зэрэгцээ өртөө,  харуулын  ажиглагч нарыг  богино  хугацааны  дамжаагаар  болон  ажлын  байрны  сургалтаар  мэргэжил  дадлага  олгон  ажиллуулдаг  арга  голлож  байна. Сайншанд  аэрологийн  станц нь 1970-аад онд 11 хүний  орон  тоотой, инженер – дарга  удирддаг, устөрөгч  хийгээр  бөмбөлөгийг  хийлж, радио  зондын  хамт  хөөргөн  жилд  дунджаар 20-25 км  өндөр  хүртэлх цаг  агаарын  үндсэн  элементүүдийг  судалж, мэдээллийн зохих  санг  бүрдүүлжээ.

       Аэрологийн  станцын  дарга – инженерээр Дашням, С.Гурцоо, У.Цэдэндамба, Д.Зориг, Ц.Дайваа, Г.Даваахүү, Н.Чүлтэм, М.Лодон нар техникчээр Г.Дашцэрэн, Ш.Хөнхөр, Ц.Цэдэн-иш, Т.Насандэлгэр, Г,Доржханд, Б.Сарангэрэл, Б.Цэцэгсайхан, Ч.Алтанцэцэг, локаторын  ахлах  техникчээр С.Цэдэв, хийн генераторчиноор Г.Даваацэрэн нар  ажиллаж байлаа. Мөн  Монгол  улсын  гавъяат цаг  уурч  Д.Нямсүрэн, ахмад  инженер байцаагч  Н.Цэнджав, ЗХУ-ын (хуучин  нэрээр)мэргэжилтэн А.И.Свелёв, А.С.Борис, Л.П.Михайлов, А.И.Шушков, Ю.А.Самайлов нарын  олон  ажилсаг хүмүүс тус аймгийн  ус  цаг уурын  байгууллагыг  хөгжүүлэхэд үнэтэй хувь  нэмэрээ  оруулсан түүхтэй билээ. 1970-аад  оноос  ус  цаг уурын  шинжилгээний  сүлжээ  байгуулагдаж  ирсэн үеэс эхлэн  уур  амьсгал, хөдөө  аж  ахуйн  цаг  уурын  асуудал хариуцсан  инженер  орон  тоогоор  ажиллах  болж  анхны  инженерээр нь  Ш.Хүрэлтогоо томилогдон өртөө,  харуулын шинжилгээний  ажилд   шүүмж,  техник  шалгалтыг  товчоондоо  бие  даан  гүйцэтгэж  ирсэн  бөгөөд  хөдөө  аж  ахуйн  цаг  уурын  техникчээр Б.Нацаг, Ю.Ганболд, Д.Маам, Б.Сарангэрэл, Ш.Галя  нар  он  удаан  жил  тогтвортой ажилласан  байна.

       Дорноговь  аймгийн  цаг  уурчдын олон  жилийн  хөдөлмөрийн  үр дүнгээр  бий  болсон  шинжилгээний  материалыг  инженер, техникчид  боловсруулж,  Ус  цаг  уурын эрдэм  шинжилгээний хүрээлэнтэй  хамтран “Дорноговь  аймгийн  уур  амьсгал” 1984 онд “ Дорноговь  аймгийн  уур  амьсгалын  хэрэгцээнд  гаргасан нь хэрэглэгчдийн  хэрэгцээг  хангах  чухал бүтээл болсон  юм.

        Монгол-Зөвлөлтийн  /хуучин нэрээр/ засгийн  газар хоорондын  хэлэлцээрийн  дагуу Сайншанд  хотод  1984 оны 7-р сарын 4-ны  өдөр Агаар  мандлын  дээд  давхаргыг  судлах  хамтарсан  төвийг  нээн  ажиллуулж,  байнгын ашиглалтанд оруулах ёслолд  МАХН-ын  Төв  Хорооны Улс  төрийн  товчооны  гишүүн, БНМАУ-ын  СнЗ-ийн  нэгдүгээр  орлогч  дарга  Т.Рагчаа, МАХН-ын  Төв  Хорооны  нарийн  бичгийн  дарга П.Дамдин, Ус  цаг  уурын  албаныг  удирдах  газрын  дарга Б.Мягмаржав, ЗСБНХАУ-ын  Ус  цаг  уур, байгаль  орчныг  хянах улсын  хорооны орлогч дарга Н.П.Козлов, БНМАУ дахь  ЗСБНХУ-ын  элчин  сайдын  яамны  зөвлөх  Х.Р.Омаров, Дорноговь  аймгийн  намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ө.Пүлжин, аймгийн АДХВ-ны  дарга Д.Дагвасүрэн нар  оролцсон  байна.

          Ази тив дээр эх  газар дээрээс  цаг  уурын М100Б пуужинг 1984 оны 4-р сарын 20-ны  өдөр анхны  хөөргөлт хийж,  Азийн  агаар  мандлын  дээд  давхаргыг  судлах, цаг  агаарын  урт  хугацааны  урьдчилсан  мэдээ  зохиох, уур амьсгалын  нөөцийг  судлахад чухал мэдээллийн  санг  нээж эхэлсэн юм. Агаар  мандлын  дээд  давхаргыг  судлах  хамтарсан  төвийн  захирлаар  А.Жангирхан, ерөнхий  инженер Д.Тарва, зөвлөлтийн  мэргэжилтэн Парафёнов В.А, Волков Г.Ф, Гребеников В.С, Гвоздеев И.А, инженер Оюунбилэг, Цэрэнчимэд, техникч  Сандаг ажиллаж  байв.

         Мөн  азоны судалгааг 1987 оноос  хийж техникчээр Х.Оюунбаатар, Б.Цэцэгсайхан нар  ажиллаж  байв. Орчны  шинжилгээний  ажиглалт хийх  шаардлагыг  үндэслэн 1981 оноос  Сайншанд, Хөвсгөл, Замын-үүдэд  цацрагийн  түвшний хэмжилтийг  3 орчинд хоногт 3 удаа хийж  эхэлсний гадна 1983 оноос Сайншандад  агаарын  хийн  найрлага дахь  азотын  давхар  исэл, хүхэрлэг  хийн  агууламжийг  хоногт  3 удаа хэмжиж  эхэлсэн  байна.

          Дээд  байгууллагын  шийдвэрээр 1987 оны 6-р сарын 15-ны өдөр  аймгийн  ус  цаг  уурын  товчоог  Ус  цаг  уурын  газар, 1988 оны 3-р сарын 15-нд  Ус  цаг уурын газрыг  өөрчилж Байгаль орчныг  хамгаалах  газар,  түүнчлэн 1990 оноос  Байгаль  орчны  хяналтын  газар болгон өөрчилж  байв. Бүтцийн  өөрчлөлтөөр  Байгаль  орчны хяналтын  Улсын  хорооны  1992 оны  шийдвэрийн  дагуу  Байгаль  орчны  хяналтын  газрыг татан  буулгаж, Ус  цаг  уур орчны  шинжилгээний  төв  нэртэй байгууллагыг  бий  болгож,  ус  цаг  уур, орчны  хяналт  шинжилгээ  мэдээлэл  үйлчилгээний  ажлыг  эрхлэх чиг  үүрэгтэй орон  нутгийн  төсвийн байгууллага  болон  одоо  хүртэл ажиллаж  байна.

       1990 оноос  Монгол  улсад нийгмийн  гүнзгий  өөрчлөлт  гарч  эдийн  засгийн  төвлөрсөн тогтолцооноос  зах  зээлийн  харилцаанд  шилжих  шилжилтийн үед  тус  байгууллагын  Даланжаргалан, Өргөн, Цагаанцав, Хажуу- улааны  цаг  уурын  харуул, түүнчлэн  Айраг, Эрдэнэ суманд  цаг  уурын  харуулыг  өртөө болгон  өргөтгөсөн боловч  нэг  жил  гаруй  болоод  татан  буугдсан  юм.

       Сайншанд  аэрологийн  станц 1992 оны 1-р сарын 1-ны  өдрөөс эхлэн  Агаар  мандлын  дээд  давхаргыг  судлах  хамтарсан төвийн  мэдэлд  шилжиж  улмаар  хамтарсан төв, Аэрологийн  станц мөн  онд  дээд  байгууллагын  шийдвэрээр  татан  буугдсан байна.

     1992 онд Эрдэнэ сумын  төвд  говь  нутгийн  агаар  мандал  дахь  хүлэмжийн  хийг  судлах зорилгоор Монгол- Америкийн  хамтарсан станц байгуулагдан  ажиллаж,  байгаль  орчны  холбогдолтой мэдээллийн  шинэ санг  бүрдүүлж байна.

    1996 онд  тус  байгууллагын  зарим  багаж  тоног  төхөөрөмжинд  шинэчлэл  хийж, дотоодын  цаг  уурын  мэдээ  солилцоонд  4800-9600 бат/сек  хурдтай  тоон  мэдээллийн Х25 сүлжээг  байгуулж, компьютерийн  шинэ  эрин  үе эхэлсэн билээ.

      Тус төв 1997 оноос МУИС төгссөн  залуу  мэргэжлийн  боловсон  хүчин  Г.Эрдэнэбилэг, Н.Энхмаа, Т.Азбаяр, Д.Жигдбаяр, тусгай  мэргэжлийн  дунд  сургууль төгссөн  мэргэжилтэн Х.Оюунцэцэг  нар тус аймгийн  уур  амьсгалыг  судлахад  мэргэжлийн  арга  зүй удирдлагаар  хангаж  шинжилгээ мэдээлэл, үйлчилгээний  ажлын  чанарын  түвшинг  өмнөх үеэс  ахиулан  ажиллаж  байна.

   1998 оноос  эхлэн  өртөө, харуулын  шинжилгээний  ажлын  бүх  мэдээллийг  компьютерт оруулан  техник  шүүмж  шалгалтыг хийж  уур  амьсгалын автомат  боловсруулалтын кликом системийг  ажилд  нэвтрүүлж  байна. Цаг  агаарын  урьдчилсан мэдээ зохиох арга  зүйг  шинэчлэн  компьютержүүлж, синоптик инженерын  автоматжуулсан  ажлын  байрны  II шатны зорилтыг  амжилттай хэрэгжүүлж,  хоногийн  урьдчилсан мэдээний таарц 90%-д  хүрч  улсын  жишигт дүйж  байгаагийн  зэрэгцээ  байгалийн  гамшигт үзэгдлээс  урьдчилан  сэргийлэх  болон  сэрэмжлүүлэх  мэдээний  таарц өмнөх  үеэс үлэмж  дээшилсэн  байна.

    2004 оны 7-р сард хиймэл дагуулын VSAT системийн сүлжээнд холбогдож цаг уурын ажиглалтын мэдээг 3, 8 цаг тутамд бусад мэдээг цаг тухайд хүлээн авч Ус цаг уурын хүрээлэнгийн Мэдээлэл тооцооллын төвд дамжуулж шинжилгээ мэдээллийн ажлын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

    2004 оны 11 дүгээр сард Япон улсын хөрөнгө оруулалтаар Сайншанд станцад “СК-4100” цаг уурын автомат станц суурилагдаж 2005 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс ажиглалт хэмжилтийг бүрэн автомат станцаар хэмжиж эхэлсэн.

   2007 онд шар шороон шуурганы автомат станцыг Сайншанд, Эрдэнэ, Замын-Үүд сумдад Япон, Солонгос улсын хөрөнгө оруулалтаар суурилуулан хэмжилт шинжилгээг хийж байна. 

    2008 онд Замын-Үүд, Дэлгэрэх станцуудад Финланд улсын цаг уурын автомат станц “CAMS-620”-ыг суурилуулж шинжилгээ судалгааг автомат багажаар хэмжиж байна.

    Түүнчлэн  цаг  уурын төдийгүй  орчны  шинжилгээний  ажлын үр дүнг боловсруулан  төр засгийн  байгууллага, аж  ахуй  нэгж, иргэдэд горимын  болон  шуурхай мэдээллээр  байнга  хангаж үйлчилгээний  ажлын  цар  хүрээ мэдэгдэхүйц  нэмэгдсэн  байна.

   Дорноговь  аймгийн  уур  амьсгалыг  судлахад  шинжилгээний  ажлын  тасралтгүй  байх онцлогийг  бүрэн  мэдэрч, технологийн  дүрэм, журмыг  нарийн  чанд  биелүүлэн  хамт олноо  хошуучилж  байсан  ахмад  ажилтнууд,  үе  үеийнхэн түүхийн  алтан  хуудсанд  мөнх  дурсагдан  үлдэж  байгаа  билээ.

   Тухайлбал, Төрийн  дээд  шагнал “ Алтан  гадас “ одонт И.Жагварал, Я.Ухнаа, Н.Чүлтэм, Хөдөлмөрийн  хүндэт медальт Б.Нацаг, Ш.Галя, Байгаль орчны  тэргүүний  ажилтан Н.Чүлтэм,  Ё.Коля, Ш.Галя, Д.Маам Ц.Чилхаасүрэн, Ц.Гантөмөр, Л.Нэргүй,  Н.Энхмаа   Монгол  улсын  ус  цаг  уурын  тэргүүний  ажилтан”  цол  тэмдгээр Б.Нацаг, М.Лодон,  Ш.Хүрэлтогоо нар  болон  он удаан  жил идэвх  зүтгэлтэй ажилласан ахмад  ажилтан   Д.Гомбо, Л.Жамбал, З.Удвалмаа, Д. Эрдэнэцоо, Т.Цэрэн, Р.Чунаасүрэн, Б.Батсуурь, Ш.Хөнхөр, Г.Даваацэрэн, Г.Доржханд, Ю.Ганболд, Л.Нэргүй, Ё.Коля нарыг  нэрлэж  болно.

    Манай  аймгийн  цаг  уурын  байгууллага  дээр  гадаад, дотоодын  төр  засгийн  өндөр  албан  тушаалын  ажилтнууд  зочлон  ирж, үнэтэй  зөвлөмж  өгч  байлаа. Жишээлбэл, 1969 онд  Дэлхийн  цаг  уурын  Байгууллагын  тусгай сангийн  удирдагч ноён  Е.Г. Пичугин, ЗСБНХУ-ын  Ус  Цаг  Уурын  Албаны  хэлтсийн  дарга  К.А.Хзмалин, 1981 онд  ЗХУ-ын  Ус  Цаг  Уур Байгаль орчны  хяналтын  Улсын  Хорооны  орлогч  дарга  Н.П. Козлов, 1983 онд ЗХУ-ын  Ус  Цаг уур,Байгаль  орчны  хяналтын  Улсын Хорооны  дарга Ю.А.Израэль тэргүүтэй  хүндэт зочдыг  нэрлэхэд  таатай байна.

    Дорноговь  аймгийн  ус  цаг  уурын  шинжилгээний  байгууллага 1990 –ээд оны  эцсээс  өөрийн  үйл  ажиллагаа  бүтцийн  өөрчлөлтийн  хэтийн  төлөвлөгөө  боловсруулан  ажиллаж, “Уур амьсгалын  нөөцийг  илрүүлэн  байгалийн  гамшигт үзэгдлээс  сэрэмжлүүлэх”  эрхэм зорилтоо  хэрэгжүүлэхийн  төлөө  цаг  хугацаатай  уралдан  хөдөлмөрлөж  байна.

 Бахархал

Тус байгууллага говийн бүсийн байгаль орчин, цаг агаарын мэдээ материалыг дэлхийн түвшинд цуглуулж боловсруулан хүн төрөлхтөний эрх ашгийн төлөө үйлчилдгээрээ бахархадаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>