Wednesday , April 21 2021

М.Батжаргал: Цаг уурын хэмжилтэд нэг үзэгдсэн процесс яг түүн шигээ дахиад хэзээ ч давтагдахгүй

Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай зэрэг 14 аймгийн  51 суманд энэ сарын 13,14,15-ны өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдэл болов. Салхи, шуурганд нийт 590 хүн төөрч,  сураггүй алга болсноос 579 иргэн эсэнд мэнд олджээ. Харамсалтай нь Архангай аймагт 1, Дундговь аймагт 9 иргэн нас шуурганы улмаас амь эрсдээд байна.

Ард иргэд болон малчид цаг агаарын мэдээг цаг алдалгүй шуурхай хүлээн авч амьдрал ахуйдаа ашиглаж хэвших хэрэгтэйг Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн сурталчилгаа, мэдээллийн студи хариуцсан ерөнхий инженер М.Батжаргал ярилаа. 

-Тэнгэр тогтуун, дулаан байсан ч агаарын температур, салхины хурд асар хурдтайгаар өөрчлөгдсөн-

 

Гэрэл зургийг фэйсбүүк хуудсаас ашиглав

-Цаг уурын байгууллагаас ард иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээг хэд хоногийн өмнөөс хүргэсэн. Харамсалтай нь олон хүн шуурганд амь эрсэдлээ.

-Асар хүчтэй цаг агаарын гамшигт үзэгдэл, 2021 он гарснаас хойш энэ хаврын анхны хүчтэй салхи, шуурганы процесс болоод өнгөрлөө. Нийт нутгийг хамарсан нэн ялангуяа Монгол орны нутгийн өмнө талаар хүчтэй салхи, шороон шуурга, хойд талаар цасан шуурга ажиглагдсан. Эрч хүчний хувьд маш хурдтайгаар Монгол орныг дайраад гарлаа. Энэ сарын 13-ны өдөр дөнгөж Баян-Өлгий аймгийн нутгийн талд орж ирж байсан процесс 14-нд төвийн нутаг, зүүн зүгийн нутаг, 15-нд зүүн хэсгээр гарсан. Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр тутмын, анхааруулга сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх мэдээ гэж гурав ангилдаг. Анхааруулах мэдээг бид гурваас тав хоногийн өмнөөс зарлан мэдээлж эхэлдэг.

Мэдээлэхдээ “Малчид тээвэрчдийн анхааралд” гэсэн гарчигтайгаар мэдээлнэ. Харин цаг агаар тогтуун сайхан байхад “Малчид тээвэрчдэд зориулсан мэдээ” гэнэ.

Харин нэг эсвэл хоёр хоногийн өмнөөс цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг гаргаж олон нийтэд зарлаад эхэлдэг. Цаг агаарын аюултай үзэгдэл, гамшигт үзэгдэл хоёулаа тусдаа ойлголт. Гамшиг үзэгдэл гэдэг эрч хүчээр хамгийн их гэсэн үг. Аюултай үзэгдэл бол эрч хүчээрээ гамшигт үзэгдлээс арай бага. Жишээ нь хүчтэй салхин дээр цаг агаарын аюултай үзэгдэл гэдэг нь салхины дундаж хурд 18 метр секунд байна. Харин салхины дундаж хурд нь ойт хээр уулархаг нутагтаа 24 метр, тал хээр нутагтаа 28 метр секундээс дээш болоод ирвэл энэ цаг агаарын гамшигт үзэгдэл. Тэгэхээр цаг уурын байгууллагаас зарлаж байгаа мэдээллийг сайтар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Анхааруулаад эхэлж байвал цаг агаар муудна гэж ойлгох нь зүйтэй.

-Мэдээлэл хүргэх суваг хангалтгүй эсвэл цаг уурын байгууллагын мэдээнд үл итгэх хандлага байна уу?

-Миний бодлоор иргэд харьцангуй цаг уурын мэдээнд итгэдэг, нэн ялангуяа малчид. Өмнөх жилүүдийнхээс өөр нэг өөрчлөлт гарч байгаа нь мэдээ мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн мэдээллийн урсгал асар хурдтай хөгжиж байна. Малчид радио л сонсож цаг уурын мэдээлэл авдаг байсан. Баруун, Зүүн, Төв, Говь гээд бүсчилсэн мэдээ гаргахад радиогоор мэдээ сонсож байгаа хүн өөрийгөө хаана байгааг бодоод манай бүс рүү ороод ирлээ гэж мэддэг байлаа. Харин одоо телевизор, гар утас, интернетийн сүлжээгээр дамжуулаад авчихаж байна. Хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр цаг уурын байгууллагаас мэдээллийн аль урсгалыг илүү ашиглаж байна тэр чиглэлээр өгөхөөр зорьж байна.

-Өмнө нь энэ удаагийнх шиг гамшигт үзэгдэл ажиглагдаж байсан уу?

-Өмнө нь ийм үзэгдэл олон тохиолдож байсан. Тухайлбал олон хүний амь эрсдэж, олон мал хорогдсон үзэгдэл 2008 оны тавдугаар сард болсон юм. Тухайн үед өглөө тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун сайхан байсан. Энэ сарын 13,14-ны процесс ч тийм л зүйл боллоо. Өглөө тогтуун дулаан байсан ч асар хурдтайгаар агаарын температур болоод салхины хурданд ч өөрчлөлт гарлаа. Цаг уурын хэмжилтэд нэг орж ирсэн процесс дахиад яг түүн шигээ хэзээ ч давтагдахгүй. Төсөөтэй процесс бий. Өөрөөр хэлбэл хэдэн жилийн өмнөх тэр процесс одоо орж ирэх гэж байна гэдэг зүйл огт байхгүй.

-Энэ сарын 16,17-нд салхины эрч багатай шуурга болно-

Гэрэл зургийг MPA.mn

 

-Ойрын хугацаанд дахин хүчтэй, салхи шуурга болох уу?

-Баян-Өлгий талаас дахиад хүчтэй професс орж ирчихсэн явж байгаа. Энэ сарын 16,17-нд салхи, шуургатай байна. Гэхдээ саяны үзэгдэл шиг хүчтэй биш. Хавар, намрын шилжилтийн улиралд цаг агаарын тогтворгүй байдал үүсдэг. Нэн ялангуяа хавар 3,4,5 сард, намар 9,10,11 сарын шилжилтийн улирлуудад хүчтэй салхины професс болно. Хаврын дөрөв, тавдугаар сар ид салхи шуурганы үе. Тэгэхээр цаг агаарын мэдээгээ сайн сонсоорой. Зарлаж байгаа мэдээ мэдээллийг авч амьдрал ахуйдаа хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна.

-Агаарын даралт хэмжигч барометр гэх төхөөрөмжийг малчид өргөнөөр ашигладаг. Үүнд итгэж болох уу?

-Итгэж болно. Барометрийг албан ёсоор шалгаж сертификатжуулаад өгдөг Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори гэж манайд байгаа. Энэ лаборатори аливаа нэгэн багаж, тоног төхөөрөмжид шалгалт үзлэг хийгээд баталгаажуулалт хийж өгдөг. Тэгэхээр энэ лабораториос баталгаажуулалт авсан тоног төхөөрөмж хэрэглэж байгаа бол ажиллагаанд нь итгэж болно.

-Цаг уурчид энгийн хүн ойлгохгүй загварчлал харж цаг агаарын мэдээ зохиодог-

 

Гэрэл зургийг MPA.mn

-ЦУОШГ гамшигт үзэгдэл болох гэж буйг шинжлэх ухааны ямар үндэслэл, тоног төхөөрөмжөөр тогтоон ажигладаг вэ?

-Монгол Улсын хэмжээнд 380 гаруй цэг дээр цаг уурын хэмжилтүүдийг хийж байна. Цаг уурын өртөө болон харуул гэж ярьдаг. Энэ хоёр юугаараа ялгаатай вэ гэхээр өртөө гэдэг нь гурван цаг тутмын ажиглалт хийдэг, өргөтгөсөн хөтөлбөртэй 24 цагийн үйл ажиллагаатай, тав хүртэлх хүн ажилладаг. Ийм өртөө Монгол Улсын хэмжээнд 138 ширхэг байна. Харуул гэдэг бол 1-2 хүн ажилладаг, зургаан цаг тутам ажиглалт хийдэг. Ийм харуул харин 188 ширхэг байна. Цаг уурын байгууллага ганцхан мэдээ гаргаад зогсохгүй нарны цацраг, агаар мандалын дээд давхарга, үүл, ус орчны шинжилгээ, хөдөө аж ахуйн хэмжилт гээд маш олон төрлийн ажиглалт хийж байгаа.

Өртөө харуулууд юу хийдэг вэ гэхээр нэгдүгээрт, Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг мэдэж авна. Үүнийгээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хоёрдугааарт, цаг агаар гэдэг зөвхөн ганц улсынх биш дэлхий нийтийнх. Монгол Улс 1963 онд Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элсэн орсон, тэр байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Монголын цаг уурын байгууллагаас гаргаж байгаа, ажиглалтын 70 станцын мэдээ дэлхий нийтийн прогнозын том төвүүдэд очиж байгаа гэсэн үг. Зөвхөн Монгол биш, дэлхий даяар тухайн цаг хугацаанд хэмжсэн бүх дата материал эдгээр төвд нэгтгэгддэг. Маш олон ажиглалтын мэдээг нэгтгээд агаар мандлын загварчлал ажиллана. Энэ загварчлалаас гарч ирсэн үр дүнг дахиад дэлхийн улс, орнуудад хуваалцана. Тэгэхээр Монголын цаг уурын байгууллага дэлхийн томоохон бүсийн төвүүдээс гарч байгаа загварын үр дүн болон өөрсдийнхөө цаг уурын байгууллагын супер компьютерын технологоор боловсруулсан үр дүнг авч ашиглаж байна.

-Цаг уурчид хүчтэй, салхи шуургыг хэрхэн мэддэг бол?

-Цаг агаарын процесс гэдэг хэдэн жилийн өмнө ийм юм болж байсан. Одоо давтагдах нь гэж таамаглах боломжгүй. Процесс болгон инженерүүдээс ур чадвар шаардаж байдаг. Цаг уурын байгууллага, цаг уурчид загварчлал буюу энгийн хүн хараад ойлгохгүй зураас харж байгаад л цаг уурын мэдээ зохиодог. Цаг уурын мэдээллийг урьдчилан мэдээлэгч инженерүүд гаргаж байгаа. Синоптик инженер буюу урьдчилан мэдээлэгч өөрийгөө байнга хөгжүүлж байх асар өндөр ур чадвар шаардсан нарийн мэргэжил. Физик, математик, байгалийн шинжлэх ухаан, газарзүйн нэр томъёо гээд нэлээд олон төрлийн мэдлэг шаардсан ажил. Оюутны ширээнээс гарч ирээд шууд ажиллахад маш нарийн төвөгтэй. Нарийн мэргэшиж, олон жил ажиллах шаардлагатай.

Цаг агаарын урьдчилсан мэдээг хэт богино хугацааныбогино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэж ангилдаг. Хэт богино хугацааны цаг агаарын мэдээ гэдэг нь зургаан цаг ба түүнээс дотогш. Дунд хугацааны мэдээ нь иргэдийн хэрэглэж хэвшсэн өдөр тутмын буюу өнөө шөнө маргааш өдөр ямар байх вэ гэдэг мэдээлэл. Мөн Монгол орны бүх сум суурингаар өнөөдөр, маргааш ямар байх тухай агаарын температур, хур тунадас, салхины үзүүлэлт бүхий нэгээс тав хоногийн мэдээ. Урт хугацааны мэдээ нь сарын үзүүлэлт. Дараа сард цаг агаар ямар байх вэ гэдгийг бид өмнөх сарын 25-28-ны хооронд гаргаж байгаа. Ард иргэдийн авч ашиглаад сурсан мэдээ бол өдөр тутмынх. Бид мэдээгээ үгэн болон хүснэгтэн гээд хоёр төрлөөр гаргадаг. Үгэн мэдээнд Монгол орны нийт нутгаар маргааш цаг агаар ямар байх вэ гэдгийг бичдэг. Эндээс ерөнхийд нь тоймлоод харж болно. Цаг уурын байгууллага өдөр болгон мэдээллээ шинэчилдэг.

-Цаг уурчид хаана боловсрол эзэмшиж байна вэ?

-МУИС-д цаг уурын инженерийн мэргэжлээр төгсгөж байгаа. Мөн Дархан-Уул аймагт сургууль бий.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

About dornogovi.namem.mn

Check Also

УЦУОШГазар техник технологийн шинэчлэлт хийлээ

        2018 оны 03-р сарын 19-22 өдрүүдэд байгууллагын бүх дотоод сүлжээний утсыг шинээр татах ажлыг ...