Monday , May 25 2020

Ус, цаг уур, хяналт шинжилгээний ажлын технологийн сахилгын дүрэм.

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Ус, цаг уур, хяналт шинжилгээний байгууллага байгаль, цаг агаар, орчны бохирдлын аюулаас хүн амыг сэрэмжлүүлэн хамгаалах, улс орны эдийн засагт учрах хохирлыг багасгах, зайлуулах үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой учраас технологийн сахилгын тусгай дүрэм цаашид дүрэм гэх/-ийг мөрдөн ажиллана.
1.2 Дүрмийн зорилго нь ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагыг Монгол улсын хууль, тогтоомж, байгууллагын дотоод дүрэм, технологийн чанартай заавар, дүрэм, ДЦУБ-ын хүрээнд даган мөрдүүлэхээр гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хангах, тэдгээрийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж ус, цаг уур хяналт шинжилгээний салбарын хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
1.3 Энэ дүрмийн ус, цаг уур орчны хяналт-шинжилгээний байгууллагын бүх станц харуул, лаборатор, УЦУОША, ус, цаг уур орчны хяналт шинжилгээний улсын албаны төвийн байгууллагад дагаж мөрдөнө.
Хоёр. Захиргааны эрх, үүрэг
2.1 Ажилтанд анх ажилд ороход нь тухайн ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм болоод энэхүү дүрэм холбогдох бусад заавар журам, хууль тогтоомжийг нэг бүрчлэн судлуулж танилцуулсан байх.
2.2 Ажилтнуудаас байнга мөрдвөл зохих технологийн заавар, техник шалгалт, аюулгүй ажиллагааны дүрэм, мэргэжлийн чиглэлээр жил бүр шалгалт авч мэргэшлийн түвшинг шинэчлэн тогтоож байх.
2.3 Ажлын байр тоног төхөөрөмжийн онцлог болон цаг үеийн шаардлагын дагуу тухайн үед мөрдөх дүрэм, журмыг боловсронгүй болгож мөрдүүлнэ. Ус цаг уурын харуул станцаас эхлээд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын бүх байгууллагууд ажлын байранд ажиллах дэг, хянат шалгалт хийх журмыг боловсруулан мөрдөх ба багаж төхөөрөмж, холбооны сувгийн саатал, химийн бодис дутагдсан зэрэг шалтгаанаас болж технологийн горим алдагдах үед ажиллах онцгой үеийн горимыг жич тогтоон өгч мөрдүүлэн.
2.4 Технологийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор ээлжийн ажлыг зохистой зохион байгуулна. Ээлжийг байгууллагын дарга, түүний эзгүйд орлож буй албан тушаалтны удирдлага дор хүлээлцэнэ. Амралт, баяр ёслолын өдрүүд, ажлын бусцагаар ээлжийн ахлагчид ээлж хүлээлцэж, ээлж хүлээлцэх дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна. Өмнөх ээлж нь дараагийн ээлжийн ажиллах хэвийн нөхцлийг бүрдүүлсэн байх үүрэгтэй.
2.5 Технологийн сахилгын мөрдөлтөнд гарсан зөрчил, түүнтэй холбогдуулан авсан арга хэмжээ, хүлээлгсэн хариуцлага, төрийн захиргааны төв байгууллагаас гарсан шийдвэрийн биелэлтийн тухай ус цаг уурын албаны системийн хүрээнд болон байгууллагын дотоод мэдээллээр нийтэд шуурхай байнга мэдээлж байх.
2.6 Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажилд ашиглагдаж байгаа заавар дүрмийг бүрдүүлж, ажлын байранд бэлэн тавьсан байна.
2.7 Тухайн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангахгүй хүнийг ажилд авч ажиллуулахыг хориглоно.
Гурав. Ажилтны эрх, үүрэг
3.1 Гүйцэтгэх ажил, ажлын байрандаа тохирсон мэргэжил эзэмшиж мэргэжлийн зэрэг авсан, тухайн ажлын байранд мөрдвөл зохих технологийн заавар журмыг судалж мэдсэн байх.
3.2 Ажлын байранд хөтлөгдвөл зохих ээлж хүлээлцэх дэвтэр, тоног төхөөрөмжийн тохируулга үйлчилгээ, гэмтэл сааталын бүртгэл г.м баримт бичгийг бүрэн хөтөлж ээлж хүлээлцэх үедээ танилцуулж, удирдлагаас өгсөн шийдвэрийг тухай бүр тэмдэглэн авч дараагийн ээлжинд хүлээлгэн өгч байна.
3.3 Ажилтан ажил эхлэхээс 10 минутын өмнө ирж ажлаа хүлээж авахдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүй бол 4-өөс доошгүй цагийн өмнө удирдлагадаа мэдэгдэж зохицуулалт хийсэн байна.
3.4 Хариуцсан ажилтай нь холбогдуулан бүх шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж биелэлтийг хугацаанд нь эргэн мэдээлж байна. Шууд биш удирдах албан тушаалтнаас авсан үүрэг даалгаврын тухай өөрийн шууд удирдлагад заавал мэдээлж байна.
3.5 Ажлын байрны тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж өөрийн үүргийн хүрээнд хамрах гэмтэл согогийг тухай бүр нь залруулж, өөрийн үүргийн хүрээний бус эсвэл мэргэшил, чадвар үл хүрэх гэмтэл саатлыг зохих мэргэшлийн хүнийг дуудан яаралтай арилгуулах арга хэмжээ авна.
3.6 Ээлж солилцох, ажил хүлээлцэх бүрт ээлж солилцогчид ажлын байр бүрээр хамтдаа явж тоног төхөөрөмж бүрийг хүлээлцэх бөгөөд ажлын байрыг эзэнгүй орхих, ажлын цагаар хөгжим сонгох телевиз үзэх зэргээр өөр ажил хийхийг хориглоно. Ээлжийн үед гарсан зөрчлийг нуун дарагдуулах, эвлэрэн хаацайлахыг хориглоно. Ээлж хүлээн авах хэмийн нөхцөл бүрдээгүй гэж үзвэл ээлж авахаас татгалзан байгууллагын удирдлага буюу технологийн ажил хариуцсан инженерт мэдэгдэн асуудлыг шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Технологийн сахилгын зөрчил, хүлээлгэх хариуцлага
4.1 Монгол улсын хөдөлмөрийн хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, ажлын байрны тодорхойлолт, тухайн үед мөрдөж байгаа технологийн чанартай заавар, журам, дээд байгууллагын тушаал, шийдвэрийн шаардлагууд болон техник ашиглалт аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг зөрчсөн үйлдлийг технологийн сахилгын зөрчил гэж үзнэ.
4.2 Зөрчил гаргасан ажилтанд байгууллагын даргын тушаалаар / сумын ус, цаг уурын станц, харуулын хувьд аймгийн УЦУОШАлбаны саналыг үндэслэн шууд удирдах байгууллага нь / дор дурдсан сахилгын шийтэл оногдуулна. А. Сануулах Б. Сарын цалинг 3 сар хүртэл 20% хүртэл бууруулах В. Ажлаас халах
4.3 Ажилтанд технологийн сахилгын шийтэл оногдуулахдаа дараах чиглэлийг баримтлана. А. Анх удаа сахилгын зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас учирсан хохирол бага бол ажилтныг сануулах буюу цалинг нь бууруулах: Б. Технологийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, ажиглалт, боловсруулалтын тоног төхөөрөмжийг өөрийн бууруулах эвдэж сүйтгэсэн, хүндэтгэх шалтгаангүй 3 өдөр буюу сарын нийлбэр дүнгээрээ 6 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол ажлаас халах. В. Нэг зөрчилд сахилгын шийтгэл давхардуулан оногдуулж болохгүй бөгөөд сахилгын шийтэл оногдуулснаас хойш 1 жилийн дотор дахин сахилгын зөрчил гаргаагүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
4.4 Мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгөх хугацааг хэтрүүлсэн, технологийн сахилгын ноцтой хэлбэрээр юм уу удаа дараа зөрчсөн ажилтныг хөдөлмөрийн гэрээг үндэслэн мэргэжилийн зэрэг бууруулах буюу бага тушаалын ажилд шилжүүлэх.
4.5 Захиргаа нь хөдөлмөр, технологийн сахилга зөрчсөний улмаас тоног төхөөрөмж эвдэж хохирол учруулсан ажилтнаар хохирлыг төлүүлэх болон өндөр үнэтэй төхөөрөмжийн хувьд хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу холбогдох шатны шүүхэд тавин шийдвэрлүүлнэ.
4.6 Захиргаа ба ажилтан МУ-ын хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, энэхүү дүрэм болон хөдөлмөрийн гэрээгээр авсан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг харилцагч нөгөө талын болон хуулийн байгууллагын өмнө шууд хариуцана.
4.7 Дагалдан ажиглагч нь энэхүү дүрмийн шаардлагыг биелүүлж ажиллана.
Тав. Бусад зүйл
5.1 Технологийн сахилгын шийтгэлийн талаархи гомдлоор ажилтан шүүхэд гаргаж болно.
5.2 Технологийн сахилгын шийтгэлийн талаар гомдол гаргасан түүнийг биелүүлэхээс татгалзан үндэслэл болохгүй.

Тухай root

Leave a Reply